• Эхлэл
  • Сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэв

Сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэв

2016/07/01

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 202 ажиглагч өнгөрсөн  сонгуулийн санал хураалт, тооллого, дүнг гаргах үйл явц болон техникийн тооллого хийх ажил Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж ажиллажээ.

Ажиглалтыг  сонгуульд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн үйл явцад зөрчил будлиан гаргахаас сэргийлж, шударга зохион байгуулахад хувь нэмрээ оруулахаар Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт, Өөрчлөлтийн салхи зэрэг залуучуудын ТББ-ууд хамтран зохион байгуулсан байна.

Үүнд ажиглагчдыг зохион байгуулах, мэдээллийг нэгтгэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй 25 багийн ахлагч, зохицуулагчдыг гарган сонгуулийн өдөр Нээлттэй нийгэм форум дээр байрлан 24 цагийн турш тасралтгүй ажилласан байна. Ажиглалтыг Улаанбаатарын хэсгийн хороодын 25 хувь буюу 9 дүүргийн нийт 101 хэсгийн хороонд хйижээ.

202 ажиглагчийн ирүүлсэн мэдээг нэгтгэвэл 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах явц хуулийн хүрээнд явагдсан бөгөөд сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэж дүгнэсэн байна.

Санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал, сонгогч бүртгүүлэх үед зургийг нь ажиглагчид харах боломжтой дэлгэцийг байрлуулан ажилласан ч дараах дутагдлууд ажиглагдсаныг тэд хэлж байлаа. Үүнд, хэд хэдэн хэсгийн хороо санал бэлтгэх бүхээгүүдийг хооронд нь хэт ойрхон зайтай байрлуулсан, тэргэнцэртэй иргэдийг зорчих налуу замыг бэлтгээгүй, хэсгийн хороодын 20 хувь нь ТББ-ын ажиглагчдыг санал авах үйл явцыг саадгүй ажиглах боломжтой суудлаар хангаагүй болон ажиглалт хийсэн нэг хэсгийн хороон дээр согтуу сонгогчид бөөнөөрөө ирж санал өгсөн, цагдаагийн хамгаалалт ойр байгаагүй дутагдлууд гарсан байна.

Түүнчлэн мэдээлэл дутмаг байснаас үүдэн 100 гаруй хэсгийн хороо дээр 2000 саналын хуудас хүчингүй болсон бөгөөд ажиглалтад хамрагдсан нийт сонгогчдын 51 хувь нь саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад асуудал үүсч байжээ.

Санал тоолох явцад ТББ-ын 101 ажиглагч биечлэн ажигласан байна.Ажиглагчдын 86 хувь нь санал тоолох ажиллагааг бүхэлд нь саадгүй ажиглах бололцоотой байжээ. Хэсгийн хороодын 83 хувь нь санал тоолох ажиллагааны үед санал тоолох төхөөрөмж эвдэрч, гацаагүй, 79 хувь нь санал тоолох ажиллагааг завсарлалгүйгээр шууд явуулсан байна.

Нийт хэсгийн хороодын 92 хувь нь саналын хуудасны дүнг ажиглагчдад хэвлэж өгсөн бөгөөд 73 хувь нь дүнг уншиж сонсгон, 82 хувь нь нэн даруй мэдээлжээ. Мөн 82 хувь нь хуудасны зурган файлыг ажиглагчдад CD дээр хуулж өгсөн байна.Техникийн тооллого 100 хувь ажиглагчдад нээлттэй СЕХ-оос баталсан журмын дагуу явагджээ. 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна