Сонгуулийн ялалтын харанга дэлдэж гүйцээгүй шахам байхад, аливаа намын дотор албан тушаалын яриа явагдаж эхэлдэг нь нууц биш. Тэр ч ёсоор сонгуулийн маргааш өдрөөс л Ерөнхий сайд, хотын захирагч нарын нэрс “тодорч” эхлэв. зургадугаар сарын 29-ний өдөр явагдсан УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН шинэ Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх нь одоо хамгийн анхаарал татсан сэдэв болоод байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч наадмаас өмнө Засгийн газраа бүрдүүлж ажилдаа орохыг яаравчилсан нь аль аль талдаа “хэрэгтэй” л чиг үүрэг. Наадмын дараа намар гэдэг хойно. Ялсан намын хувьд дарга нь Засгаа газраа толгойлдог жишиг бий. Тэгвэл мөн өдгөө намын дарга М.Энхболд УИХ-ын дарга болж амидаа, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Ерөнхий сайдад дэвшүүлэх яриа бас байгаа гэнэ.
Учир нь жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН даргаа сойх учраас хэл ам багатай бэлэгдлийн чанартай спикерийн алба ээлтэй ч байж болох. Өмнөх АН-ын Засгийн газар 19 сайд, 17 яамтай. Харин МАН 11-12 яамтай Засгийн газрыг байгуулж ажиллах урьдчилсан төлөвлөгөө гаргажээ. Ингэхдээ үндсэн чиглэлийн яамдын сайд нарыг УИХ-аас, бусад яамдын сайдыг гаднаас томилох чиглэл барьж буй аж. Мөн яамдыг дэд сайд үгүй, аймаг, нийслэл дүүргийг хоёроос илүүгүй орлогчтой болгоно гэсэн яриа яригдаж байгаа. Одоо бол хот тав, аймаг, дүүрэг дөрөв хүртэл орлогчтой. Дээр нь Ардчилсан намынхан хэтэрхий олон сайд, дэд сайд талбисан гэсэн шүүмжлэлд өртөж байсан. МАН одоо яригдаж байгаагаар ийн олон орлогч, дэдүүдийн суудлыг цөөлж чадвал үнэхээр “молодец”.
Мэдээж хэрэг томилгоо бүрийн өмнө дэгддэг ёсоор хаа сайгүй хар бор “шувууд”, нисэлдэж байна.
Үүнд Шадар сайдаар У.Хүрэлсүхийг, Гадаад хэргийн сайдаар Ё.Отгонбаяр, Д.Цогтбаатар нарын аль нэгийг, Эрчим хүчний сайдаар Д.Зоригтыг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар Т.Ганди, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Ц.Цогзолмаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Хууль зүйн сайдаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, эс бол Ц.Мөнх-Оргил гэсэн яриа гараад байгаа. Сошиалаар бүр Засгийн газрын “бүрэлдэхүүн”-ийг зураад тавьчихсан байна билээ. Үүний зэрэгцээ “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар хотын мэр асан Г.Мөнхбаяр, Нийслэлийн захирагчаар Су. Батболд гэгчилэн албан тушаал бүр “эзэн”-тэй болж байх шиг. Бас
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр
- Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Хүнс, хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунай
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
- Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр
- Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Ганди
- Барилга, хот байгуулалтын сайд Ц.Ганхүү
- Эрүүл мэнд, спортын сайд Ж.Цолмон
- Уул уурхай, Эрчим хүчний сайд Т.Очирхүү гэсэн нэрс ч бас “нисч” явна лээ.
Ялагдсан Ардчилсан намын хувьд ч гэсэн яаж зүгээр байх вэ, ялагдлын бас нэг “буруутан” болоод байгаа намын дарга З.Энхболдыгоо “аль хэдийнэ” унагаж, оронд нь Лу.Болд, Д.Эрдэнэбат нарын нэгийг баараггүй гэлцэж байна. Л.Болд хэзээнээсээ дөлгөөн, номын имижтэй. Сонгуулийн өмнөхөн “Шонхор” фракцийн эсрэг МоАН гэсэн маш том фракцийг бий болгож, толгойлж байгаагаа ил шулуухан зарласан. МоАН чамлахааргүй хүч хуримтлууд байгаа. Муу нэртэй байгаа “Шонхор”, сонгуульд хэл амтай ялсан С.Эрдэнэ энэ удаад нам дотроо хүчгүйдэх байх гэж найдахыг хүсэгчид ч олон байна. Мэдээж энэ нам дотор З.Энхболд, “Женко” гээд “тавьж холддоггүй” нөхөд бий ч сонгуульд ялагдсан хүмүүсийг “хуц аа” л гэчих ааг бас намынх нь гишүүдэд бий.
Энэ мэт сонгуулийн өмнөхөөс ч илүүтэй “аатай” “бор шувуунууд” нисэлдэж байна. Энд бас сошиал ертөнцийнхөн ч багагүй “хувь нэмэр”-ээ оруулж буй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Заримдаа “бор шувууд”-ын зарим нь нийгмийн сэтгэл зүй засах, эсвэл өдөөх гэсэн намуудын нисгэсэн, эсвэл “сонирхогч” талуудын санаатай гаргасан, зарим нь бүр “хорлонт” төлөвлөгөөний урьдач алхам ч байх нь бий. Нөгөө талаас нууц зүйл байхаа больсон өнөө цагт “бор шувууд”-ын олонх нь бойжиж өдлөх нь бий, бас.
А.Туяа
Сэтгэгдэл байхгүй байна