2016 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр товлосны дагуу 11.00 цагт эхэллээ. Ийнхүү энэ удаа сонгогдсон 76 гишүүүн тангаргаа өргөснөөр энэ удаагийн УИХ-ын бүрэн эрх баталгаажиж байна.
Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. МАН-аас 65, Ардчилсан намаас ес, МАХН-аас нэг, бие дааж нэг нэр дэвшигч ялалт байгуулсан. Тэд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардаж авсан бол өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол Төрийн ордонд болж байна. Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээв. УИХ-ын гишүүд тангараг өргөхийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ асуулт асуулаа. Ингээд шинэ гишүүд тангаргаа өргөснөөр бүрэн эрх нь хүчин төгөлдөр болж байгаа юм. Тангаргийн үгийг энэ удаагийн парламентын хамгийн ахмад гишүүн Ч.Улаан дуудаж, гишүүд давтан өргөсөн юм.
Чуулганы хуралдааны дараагийн асуудал нь УИХ-ын даргыг сонгох бөгөөд ялалт байгуулж олонх болсон МАН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн С.Бямбацогт Улсын Их Хурлын даргад Улсын Миеэгомбын Энхболдын нэрийг дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг уншиж танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Ө.Энхтүвшин, Я.Санжмятав нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Ингээд хуралдаан даргалагч Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 76 гишүүний 66 нь буюу 86.8 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцохоор болов.
Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан шинээр сонгогдсон Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өгөв.
Дараа нь шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр:
-Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга зарчим, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зэрэг Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг чанд баримтлан ажиллах болно.
Улсын Их Хурлын гишүүний тангаргаа өргөсөн энэ мөчид Улсын Их Хурлаас нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх дараахь асуудлуудад Та бүхний анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна. Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг, мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж, төр, засгийн тогтвортой ажиллах нөхцөлийг хангана.
Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан Улсын Их Хурлаар батлуулах хэрэгтэй.
Хуулийн хугацаанд батлах ёстой зарим асуудал өмнөх Улсын Их Хурлын үед шийдвэрлэгдээгүй үлджээ. Тухайлбал, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөлөл батлагдаагүй. Энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлага ч тулгамдаж байна.
Наадмын дараа намар гэдэг. Шинээр байгуулагдах Засгийн газар, улс орны өвөлжилтийн бэлтгэлийг хангах Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулах, даян дэлхийн энх тайван найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадамд оролцох багийн бэлтгэлийг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо.
Үүгээр Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, Улсын Их Хурлын шинэ гишүүд дурсгалын зураг татууллаа.
Энэ удаагийн сонгуульд ганцаархнаа бие даан нэр дэвшигч болох, дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан чуулганы нээлтэд морь унаж ирсэн нь бас онцлог тохиолдол болж байна. Сошиалчид С.Жавхланд зориулж Төрийн ордны гадаа морины уяа байрлуулах хэрэгтэй гэж хошигнож байсан нь ийн бараг биеллээ олох шахав.
Сэтгэгдэл байхгүй байна