• Эхлэл
  • Э.Бат-Үүл:Олуулаа нийлж орилоод хэрэггүй

Э.Бат-Үүл:Олуулаа нийлж орилоод хэрэггүй

2016/07/06

2016 оны сонгуулиар байгуулагдсан шинэ НИТХ өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийсэн. Энэхүү хурлаар Ц.Сундуйг НИТХ-ын даргаар сонгосон. Мөн Нийслэлийн захирагчид Су.Батболдын нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болсон. Энэ хуралдааны үеэр хотын дарга асан Э.Бат-Үүлийн үгийг хүргэж байна.

 

Э.Бат-Үүл:Олуулаа нийлж орилоод хэрэггүй

Шинэ төлөөлөгчид анхдугаар хурлыг яагаад ахмад настай хүнээр удирдуулдагийг ойлгоогүй юм шиг байна. Монголын олон зуунаар барьж ирсэн төрт ёс юм байгаа. Ахмадаараа удирдуулж төрөө эмхэлж байгуулдаг. 

Би хэлсэн. Сонгууль бол цунами болсон гэж. Та нар үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэхдээ та нар хөөрсөндөө юу болсныг ерөөсөө ойлгоогүй байна. Та нарыг жаахан хүүхэд байхад, зарим нэг чинь төрөөгүй байхад би ухуулах хуудас нааж явлаа. Өнөөдрийг хүртэл нийгмийн хамгийн төвөгтэй амьдрал улс төрийн гал, усан дунд явсаар ирсэн. Та нар өсөж өндийхдөө миний нэрийг дуулсаар өсч өндийсөн. Би тэрэнд огтхон ч эргэлзэхгүй байна. Энэ улс орныг аюул, хагарал сүйрлийн ирмэг рүү явж байхад зогсоож байсан тийм хүний нэг. Энэ туршлагаар та нарын хэн ч надтай илүүрхэхгүй. Үүнийг бардам хэлнэ. Энэ улс төр эвгүйтвэл юу болдгийг би сайн мэднэ.

Та нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Мажоритар системээр сонгууль явсан. Энэ бол улс төрийн хүчний хувьд та нар олонхийн санал авсан гэсэн үг биш. Та нарт санал өгөөгүй цаана нь 50 хувь байгаа. Үүнийг сайн ойлго. Нэн ялангуяа нийслэлд биднийг ялагдсанд харуусаж байгаа харуусал маш их байгаа. Үүнийг сайн тооц. Гуравдугаарт, нийгмийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулах туршлага, нэр нөлөөгөөрөө маш их жинтэй хүмүүс гудамжинд гарсан байгаа. Үүнийг ёстой битгий мартаарай. Та нарын энд гаргасан овлигогүй, дээрэлхүү зан болгон нийгмийн аюул болж хувирна. Эсэргүүцлийн галыг өрдөнө. Үүнийг битгий мартаарай. Та нар өөрсдөө энэ байдлыг, юу болсныг гүнээ ухаар, сайн ойлго. 

Зүгээр хүнийх нь хувьд хүндэлж болно. Та нартай ямар ч зүйл булаацалдаагүй. Сонгуулийн дүнгээ хүлээн зөвшөөрөөд та бүхэнд тайван замаар эрх мэдлээ шилжүүлэх гэж байна. Энэ бол ардчиллын гайхамшиг. Тийм байхад олуулаа орилж дайрах чинь та нарын том алдаа. Битгий ийм зүйл хийгээрэй. Би зөвлөж байна. 

Би хэлье. Та нар пянг нь даахгүй шүү. Би дахиад хэлье. Эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулах, арга, нэр хүнд, туршлагыг гартаа атгасан хүмүүс гудамжинд гарчихсан байгаа шүү. Чи тэр үед юу болсныг мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй. Тийм учраас битгий аархуу загнаарай. Та нарын сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө хэлж байна. Ардчиллын аюулгүй байдлын төлөө хэлж байна. Энэ ардчиллын гайхамшгийг үзүүлсэн сонгууль боллоо гэж би санамсаргүй хэлээгүй.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль бол нийслэлд нэр хүндээрээ парламенттай өрсөлдсөн сонгууль болсон. Их хуралтайгаа өрсөлдсөн сонгууль болсон. Ийм хурлын нэр төрийн асуудал гэж байдаг юм. Анхнаасаа нэр төр эргэлзээнд орж, доголдох нь аюул. Та нар бол үнэмлэхүй олонхи. Гэхдээ Иргэдийн хурал гэж нэрлэсний учрыг ойлгох ёстой. Анхнаасаа итгэл найдвар олон түмэнд төрүүлсэн. Анхнаасаа онцгүй зүйлийн бай болохооргүй тийм Иргэдийн хурал байх ёстой.

Үнэмлэхүй ялсан та нар шийдвэрээ гаргасан. Уучлаарай би эсрэг санал өгөх нь ойлгомжтой.

Яагаад гэвэл Иргэдийн хурлын нэр төрийг сэвтээсэн үйлдлийг дэмжихгүй. Нэр дэвшигч хувь хүний хувьд ч асуудлаа шийдүүлсэн бол тун сайн байх байлаа. Энэ бол тэр хүний асуудал биш нийслэлийн эрх барих дээд байгууллагын нэр төрийн асуудал. Тэгсэнгүй. Залуу хүмүүс тэгж алддаг л юм. Баттулгын хэлдэг үнэн. Энэ бол олон түмний анхааралд өртсөн ноцтой асуудал.

Тийм учраас даруухан байгаарай гэж сануулья.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна