УИХ-ын гишүүн асан Х.Баттулга сонгуулийн дараа ил захидал гаргасан. Тэгвэл үүний хариуд "М Си Эс" компани мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МоАХ-ны дарга Х.Баттулга хувийнхаа зарим сонинд “М Си Эс-ийн бараг бүх компанид нь Хятадын эзэмшил бий”, “Хятадын хөрөнгө оруулалттай компани Монголын сонгуулийг шийдэж байна”, “М Си Эс санхүүгийн хүндрэлд орсон”, “М Си Эс-ийн хамсалд нэр бүхий улс төрчид байдаг”, “10 тэрбум төгрөгийг гурван нэр дэвшигчийг сонгуулахад зарцуулжээ” хэмээн гүтгэсэнтэй холбогдуулан доорхи мэдэгдлийг гаргаж байна.
Үндэсний компани гэх ойлголтыг бүртгэл, татвар, ажлын байр, менежмент, хувьцаа эзэмшил гэсэн компанийн үндсэн гол үзүүлэлтээр хэмжих бөгөөд М Си Эс нь Монгол улсад бүртгэлтэй, Монгол улсад бүхий л татвараа төлдөг, Монголчууд 100 хувь ажилладаг, Монголчууд компанийг удирддаг, толгой компанийн хувьцааг бүхэлдээ Монгол улсын иргэд эзэмшдэг компани юм. Компани мэдээллээ олон улсын стандартын дагуу группийн mcs.mn албан ёсны вэб сайтад тавьдаг бөгөөд тэндээс хангалттай мэдээлэл авах боломжтой.
Хамтарсан хөрөнгө оруулалттай компаниудын тухайд гүтгэлэгт нэр дурдагдсан Ухаа худаг орд буюу Энержи Ресурс компанийн үндэсний томоохон хувь эзэмшлийг зориуд мушгиж Хятадынх гэж харагдуулахын тулд Х.Баттулга олон жил улайран зүтгэж ирлээ. Түүний энэ мэт явуургүй ажиллагаанд олон нийт дургүйцэж өөрт нь дүн тавьсаар байхад ухаарахын оронд үйлдэлээ давтсан нь харамсалтай. Энержи Ресурс компанийн голлох хувьцааг үндэсний компаниуд эзэмшдэг, энэ хувь хэмжээ цаашдаа ч буурахгүй гэдэгт итгэж болно. Шангри Ла хэмээх олон улсад нэр хүндтэй компанитай М Си Эс компани хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Тэр ч үүднээсээ Шангри Ла Улаанбаатар хамтарсан компанийг байгуулж Шангри Ла Азиа Лимитед компани 51, М Си Эс компани 49 хувийг тус тус эзэмшиж байна. Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Ази, Европ, Америкийн олон сая хувьцаа эзэмшигчтэй, дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлтэй зочид буудлын сүлжээг эзэмшдэг, манай оронд томоохон хөрөнгө оруулалт хийсэн компанийг Хятад хэмээн харлуулан дайрч байгааг яав ч зөвтгөж үзэх аргагүй юм.
Үндэсний М Си Эс групп нь сүүлийн 5 жилд улсад нийтдээ 1,3 их наяд төгрөгийн татвар, шимтгэл төлснийг бүгд мэдэх билээ. Уг нь Х.Баттулга үнэхээр эх оронч хүн байсан бол үндэсний төдийгүй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд улсад их татвар төлбөл сайн, хөгжилд хэрэгтэй гэж бодмоор юм.
М Си Эс групп нь улс төр, бизнес тус тусдаа байх ёстой гэсэн зарчмыг хатуу мөрддөг. Тэр ч зарчмаа өмнөх сонгуулиудад тууштай баримталж ирсэн. Энэ удаагийн сонгуулиар зарим газарт явагдсан гэх “царцаа” хэмээх шилжүүлгэд компаниас оролцоогүй, сонгуулийн үеэр хүмүүс амралт, аялал жуулчлалаа өөрсдөө хувиараа зохицуулсныг компанитай холбон нэр хүндэд халдахыг зогсоохыг шаардаж байна. Тус компанид өмнө нь ажиллаж байсан, тодорхой хувьцаа эзэмшдэг Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нар нь Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдэлж, компанийн ажлаа өгөөд намаас нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд тэдгээрийн хойшид явуулах улс төрийн үйл ажиллагаа нь М Си Эс компанид хамааралгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Эцэст нь МоАХ-ны дарга Х.Баттулга Та бусдыг харлуулан дайрч гүжирдэж гүтгэхээ зогсоохыг шаардаж байна.
М Си Эс группийн Хэвлэлийн Алба
УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын ил захидлыг дор дарж уншина уу
Х.Баттулга:Хятадын компани Монголын сонгуулийг шийдэж байна
Сэтгэгдэл байхгүй байна