Энэ сарын 10-нд Баян-Өлгий аймагт мөндөр дараа нь их хэмжээний бороо орсны улмаас Өлгий сумын 6, 9, 13 багийн 200 гаруй айл усанд автсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Монголын баруун хязгаарт орших Баян-Өлгий аймагт байгалийн гамшиг тохиосон гэх мэдээг сонссоны дараа Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев үерт автсан айл өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зарлиг буулгажээ.
Энэ талаар Казахстан Ерөнхий сайд Карим Масимов өөрийн твиттер хуудаснаа "Төрийн тэргүүн Назарбаевын зарлигаар Баян-Өлгий аймагт болсон үерт автсан айл өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ" хэмээн жиргэжээ.
Түүнчлэн Казахстаны Засгийн газрын тэргүүн Карим Масимов АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад оролцохоор Монгол Улсад маргааш албан ёсны айлчлал хийнэ. Тэрбээр Улаанбаатар хотод ирэхийнхээ өмнө Баян-Өлгий аймагт газардаж, иргэдийн аж амьдралтай танилцах юм байна.


Сэтгэгдэл байхгүй байна