• Эхлэл
  • Шинэ сайд Г.Өнөрболор гэж хэн бэ?

Шинэ сайд Г.Өнөрболор гэж хэн бэ?

2016/07/21

Эрх баригч болсон МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Шинэ Засгийн газрын танхимын сайд нарынхаа нэрийг зарласан. Тэгвэл Барилга хот байгуулалтын сайдад  нэр дэвшиж буй Г.Өнөрболор гэж хэн бэ гэсэн асуулт анхаарал татаж байна. Тэрээр олон жилийн өмнө Солонгос хоолны нэвтрүүлгийн орчуулагч хийж байсан. "Сөүл групп", "Мантууш" компанийн захирал. Түүний талаар Монголын хамгийн үнэтэй гэгддэг орон сууцуудыг барьж байгуулсан, Зайсанг "барилгажуулсан" гол хүн гэдэг. Одоо тэгээд барилгажуулаад байж дээ. Ингээд түүний талаар "Өглөөний сонин" хэрхэн бичиж байсныг дахин сануулья

 

Зайсангийн ам зүгээр нэг дархан цаазтай газар биш, зөвхөн баячуудад зориулсан дархлагдсан газар болоод байна. Тэнд хөрөнгөтэй эрхмүүдийн хэдэн зуун саяар тоологдох үл хөдлөх хөрөнгүүд бий. Тэгвэл эдгээр үнэтэй орд харшийг баригчдын дунд толгой цохих том хүн бол “нууц хатагтай” хэмээн нэрлэгддэг Г.Өнөрболор гэгч эмэгтэй байдаг аж.

Энэ компанийн үйл ажиллагааг ойлгоход энгийн иргэд бидний толгой эргэм. Учир нь хатагтай Г.Өнөрболор өөрийн гэсэн гурван компанитай. Тэрбээр бусдын нэрээр газар авах буюу хэдийнэ бусдын нэр дээр өгөгдсөн газруудыг худалдан авах замаар Зайсанг залгих асар их тактик боловсруулсан гэж хэлэхэд болно.

Түүнд олон компани бий. “Уушги цохио”, “Мантууш”, “Рояль нью кэстл”, “Сөүл групп” гэх зэрэг.

Зальтай хүнд арга мун­дах­­гүй гэгчээр сэргэлэн сүйхээтэй нь дэндсэн энэ эмэгтэй баячуудад үнэтэй байраараа өгөөш тавьсаар удаж байна. Хамгийн гол нь энэ их эрх мэдлийн цаана хэн байж, арыг нь хэрхэн даадаг бол гэдэг асуулт үлдэж байна.

Зайсангийн тэргүүн хатагтайгаар өргөмжлөгдсөн бүсгүй өөрийгөө “Мантууш” ХХК-ийн захирал Г.Өнөрболор гэж даруухнаар нэрлэж байгаа юм билээ. Энэ эмэгтэйн түүхийг дурдвал, анх Солонгосын нэгэн компанид орчуулагч хийж байсан аж. Ингэж яваад cолонгос баян эртэй сууснаар энэ их хөрөнгийн эзэн болсон гэнэ лээ.

Мөнгөтэй хүн бүхэл бүтэн хотхоныг битгий хэл хот ч байгуулах газар худалдан авч чадна гэдгийг харуулсан мань бүсгүй дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амны ихэнх газрыг хамж авч байгааг дээрх олон компаниас нь харж болно.

Тухайлбал, “Моно Лиза” трейд ХХК, иргэн Ж.Амаржаргал, Н.Уламбаяр нарын аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар авсан газарт нь орон сууц босгосон аж. Үүнийг нь МХЕГ-аас шалгаж, өнгөрсөн оны есдүгээр сарын 28-ны өдөр үйл ажиллагааг нь зогсоох акт гаргасан байна.

Зогсоох шийдвэр гаргах болсон шалтгааны нэгдүгээрт, хууль болон гэрээнд заасан үйл ажиллагаагааа ашиглаж байгаа газрынхаа төлөв байдлыг тусгаагүй. Мөн зураг төслөө төрийн захиргааны байгууллагад танилцуулж зөвшөөрөл аваагүй нь ТХГНТ хуулийн 38.2.3 дахь заалтыг газар ашиглах тухай гэрээний 4.3-ийг зөрчсөн. Хоёрдугаарт, “Уушги цохио” ХХК нь “Амралт спортын цогцолбор”-ын барилга байгууламж барих үйл ажиллагаандаа “Моно Лиза” трейд ХХК, иргэн Ж.Амаржаргал, Н.Уланбаяр нарын аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар авсан газрыг хамруулсан нь ТХГНТ хуулийн 39.1 дэхь заалтыг тус тус зөрчсөн нь оржээ.

Мөн Г.Өнөрболорын хууль зөрчсөн үйлдлээс хамгийн ноцтой нь хүүхдийн хорих ангийн хашаан дундуур 10 мянган вольтын өндөр хүчдэлийн шугам татсан. Улсын онцгой бүсэд хамаарагддаг газраар дамжуулан өндөр хүчдэлийн шугам татах зөвшөөрлийг нь хатагтай Г.Өнөрболорт олгосон хүн нь “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” компанийн гүйцэтгэх захирал Ч.Саранжав. Түүний өгсөн түр техникийн нөхцөл буюу зөвшөөрөл нь 2199/ 2010 дугаартай  юм билээ.

Харин зургийг нь тус компанийн дэд захирал Л.Ганзориг, Нийслэлийн хот төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ж.Эрдэнэбат, УБЦТС ХК-ийн баруун түгээх төвийн инженер Д.Цэрэндамба нар батал­сан. Өөрөөр хэлбэл хязгаарлалтын бүсэд  зөвшөөрөл олгосон албан тушаалтнууд.  Амар авч чаддаггүй гэх эл зөвшөөрлийг авч, бас Хорих ангийн эзэмшил газраар дайруулаад хүчдэл татахаар болчихсон энэ үйлдлийн цаана өнөө л эрх мэдэл, албан тушаалаа ашигласан, танил талдаа үйлчилсэн бүр хатуухан хэлбэл мөнгө төгрөгтэй орооцолдсон асуудал ч байхыг үгүйсгэхгүй.

Сэргэлэн сүйхээтэй гэж нэрлэгдэх болсон эмэгтэйд МХЕГ бол инээдийг нь хүргээд өнгөрөх байгууллага аж. Тиймээс эрх мэдэлдээ дулдуйдаж төрийн шаардлагыг хү­лээж авалгүйгээр хууль зөрчсөн энэ олон үйлдлээ зогсоогоогүйгээр  үл барам солонгос загварын хотхоныг ангиллаар нь бий болгож, мундаг арын хаалгатай гэдгээ харуулаад авсан. Г.Өнөрболорын Зайсанд олон аалзны тороор бий болгож авсан нэг хэсгийг нь дурдахад л ийм байна.

Зайсангийн орон сууцнуудын үнэ хотын төвийнхтэй харьцуулшгүй өндөр. 2002 онд барилгын үнэлгээ нэг м.кв нь 250 ам.доллар байсан. Тэгэхэд Г.Өнөрболор хатагтайн “Рояль кэстл” хотхон 1200 ам.доллараар захиалга авч эхэлсэн. Гэсэн ч үнэтэй гэлгүй баячууд  зургаахан сарын дотор захиалгаа өгч дуусгаж байсан аж. Өнөөдөр энэхүү хотхоны байр  нэг м.кв нь 3000-4500 ам.доллараар зарагддаг бөгөөд, цээжээ балбасан баячуудад зориулж бариулжээ.

Тэгэхээр энэ хотхоны байр зөвхөн шинэ цагийн цээж баячуудад зориулагдсан нь илэрхий. Энэ хотхонд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нар 12 давхар байрны найман давхрыг эзэгнэн суудаг. Н.Багабандийн хүүхдүүд ч “Роял кэстл”-д амьдардаг байна. Тиймдээ ч Багабандийнх гэх тодотголтой таван граж байдаг юм билээ. Мөн “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр, “Бурхан Халдун”-ы Мөнхдаш, “Морьтхангай” группийн босс Эрдэнэ гэх мэт олны танил эрхмүүд энэ хотхонд амьдардаг. Ийнхүү улстөрчид, эрх мэдэлтнүүдийн цуваа хөвөрдөг хотхон ажээ. Мөн сарын 5000 ам.доллараар түрээсэлж амьдардаг гадаадынхан ч байна.

Үүдэндээ 2-3 жижүүр, харуул манаатай, хаалттай энэ бүсэд хэрэв гадны хүн ирвэл, тухайн зорьж ирсэн айл руу утас цохиж лавласны эцэст, хамгаалагч залуу зочныг дагуулан явж бүр үүдэнд нь хүргэж, хүлээлгэн өгч эгээтэй л төрийн тэргүүнтэй уулзах гэж буй мэт аашилдаг юм билээ. Энэ бүхнийг харахад Зайсанд мөнгөтэй хүмүүс үл хөдлөх хөрөнгөө бий болгосоор байна. Тухайн үеийн сайд байсан нөхөд их хэмжээний мөнгө авч, хязгаарлалтын бүсэд газар өгсөн нь тод. Уг нь захын хүн бодсон ч нэгэнт л аялал жуулчлалын зориулалтаар олгох ёстой гэсэн зүйл, заалт нь байхад яагаад орон сууц барих зөвшөөрлийг нь олгосон юм бол гэж боддог байх. Тэгвэл ерөөсөө л мөнгөтэй холбоотой.

Зайсангийн 11 дүгээр хорооны иргэн Н.Алтанцэцэг  ярихдаа “Сөүл” группийн захирал Г.Өнөрболор маш олон компанитай. Компаниуд нь бүгд Солонгосын хөрөнгө оруулалттай гэнэ. Хамгийн гол нь энэ эмэгтэйн заль гэвэл иргэдийн нэрээр газар аваад зориулалтыг нь өөрчилж орон сууц болгодог. Хууль зөрчсөн эдгээр барилгыг ЗТБХБЯ хуулиа зөрчиж, тусгай хамгаалалттай газарт барилгыг хүлээж авах ёсгүй. Ингэж л дээр дооргүй хуулийг зөрчөөд байгаа хүмүүсийн хаана, хэн гэдэг хүнд хандаж хэлэхээ ч мэдэхгүй болсон. Одоо Зайсангийн уулын аман дээр бүхэл бүтэн хороолол сүндэрлэж байна. Хаана байна аа, тэр дархан цаазтай газар. Борчууд бидэнд л хууль үйлчилдэг болохоос хөрөнгөтнүүдэд үйлчлэхгүй байна. Ер нь энэ Г.Өнөрболорын цаана хэн гэж ямар том арын хаалгатай төрийн албан хаагч байна вэ гэдгийг компаниар нь хөөгөөд олох боломж бий. Энэ эмэгтэй өөрөө компаниа  аалзны тор шиг сүлжээ үүсгэсэн байхад бас л том сүлжээ бий болсон байх” гэлээ.

Тэгэхээр БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар та Зай­санд үлдсэн хэсэг газрыг өөрийн нүдээр үзэж, уулыг там болгосон эдгээр том толгойтой компанийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй болжээ. Зайсанд хэдхэн сөөм газар үлдээд байгаа. Энэ бүхнийг алдвал дэлхийд данстай Богдхан уул сүйрэх аюулд ороод байгаа шүү. Г.Өнөрболор хатагтай ч бас онгон байгалиараа үлдсэн хэсэг газрыг эмэгтэй хүний нинжин сэтгэл гаргаж үлдээх нь зөв болов уу. Ямартай ч нэгэн буурлын хэлж байсан үгийг санаж байна. Богд уулаараа оролдсон хүн өнөө биш юм аа гэхэд хожим үр хүүхдэд маш аймшигтай цээрлэл ирдэг гэж байсан. Г.Өнөрболор хатагтайд энэ үгийг санахад илүүдэхгүй л болов уу.

Эх сурвалж: Өглөөний сонин. 2012 он 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Атаархуу зангийнхуу арай дэндүү муулах юма.
    2016 оны 07 сарын 21