Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2016.07.29/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж буйгаа Ерөнхий сайд танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэрэг болохыг тогтоолын төсөлд дурдсан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нэмэлт мэдээлэл:
- Барилга, хот байгуулалтын сайдад нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр,
- Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны дэд сайд хийж байсан Т.Энхтайван,
- Эрүүл мэндийн сайдад Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спортын холбооны тэргүүн Т.Сэргэлэн нарыг санал болгосон. АТГ-аас Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайваныг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн учраас оронд нь өмнө нь тус яамны хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Ганхуягийг нэр дэвшүүлэхээр болсон. Ингэснээр
- Барилга, хот байгуулалтын сайдад нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр,
- Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны хэлтсийн дарга байсан П.Ганхуяг,
- Эрүүл мэндийн сайдад Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спортын холбооны тэргүүн Т.Сэргэлэн нарын нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлж байгаа бололтой. Ингээд УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн чуулганаар нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна