• Эхлэл
  • Сайдад нэр дэвшигчдийг байнгын хороод дэмжлээ

Сайдад нэр дэвшигчдийг байнгын хороод дэмжлээ

2016/07/29

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод сул байгаа дөрвөн яамны сайдад нэр дэвшигчдийн нэрийг өргөн мэдүүлсэн. Ингэснээр УИХ-ын байнгын хороодын хурлыг зарлаж дорх асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

-УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад П.Сэргэлэнг томилохыг 95 хувийн саналаар,

-Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Барилга, хот байгуулалтын сайдаар хотын дарга асан Г.Мөнхбаярыг томилохыг 100 хувийн саналаар, 

-Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Эрчим хүчний сайдад П.Ганхүүг томилохыг 90 хувийн саналаар, 

-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэгийг томилохыг гишүүдийн 100 хувийн саналаар тус тус дэмжлээ.

Мөн:

-Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар С.Даваасүрэнг томилохыг олонхийн саналаар дэмжив. С.Даваасүрэн нь МАН-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажилладаг юм байна. 

-Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр О.Эрдэнэбилэгийг томилохыг 83,3 хувийн саналаар дэмжлээ. О.Эрдэнэбилэг нь эдийн засагч, санхүүч мэргэжилтэй бөгөөд Голомт банкинд ажиллаж байжээ. Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр өмнөх парламентад хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар ажиллаж байсан юм.

Ийнхүү байнгын хороодын хуралдаанаар дутуу байгаа дөрвөн сайдын асуудлыг хэлэлцсэн дэмжсэнээр УИХ-ын чуулганы зарлан хуралдуулж баталгаажуулах юм. Өнөөдөртөө багтаан чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, завсарлах чигтэй байна.

Нэмэлт мэдээлэл:21.00 цагийн байдлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэж байна. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна