УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр 11.00 цагт товлон зарлаад байсан. Чуулган ялимгүй цаг хожимдож эхэлсэн ч товлосон ёсоор Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Уг асуудлыг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа гурав хоног байсан бөгөөд өнөөдөр дуусаж буй аж.
Харин энэ удаагийн чуулганы хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байсан Д.Даваа-Очир, Т.Хадхүү нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул чөлөөлж, Б.Баатарзоригийг гишүүдийн 87.9 хувийн саналаар, С.Цэдэндамбыг 86.2 хувийн саналаар дэмжин, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр баталлаа.
Томилгоог хийхийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “Төрийн албаны зөвлөлийн нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй, өргөдлөө гаргаагүй ээлжийн амралттай байх үед нь чөлөөлөх болж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн үзсэн бол
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “2008 оны арванхоёрдугаар сарын 31-нд томилогдсон, хугацаа нь дуусаагүй байсан хоёр гишүүнийг өөрсдийн хүсэлтээр гэсэн өгүүлбэр оруулаад 2012 онд чөлөөлж, Т.Хадхүү, Д.Даваа-Очир нарыг оронд нь үлдсэн хугацаан дээр нь нөхөн томилсон байсан. Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Т.Хадхүү, Д.Даваа-Очир нар нөхөн томилгоогоор томилогдсон учраас бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Бүрэн эрхийн хугацаа нь 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нд албан ёсоор дууссан. Өмнөх парламентын үед энэ асуудлыг шийдье гэдэг саналыг УИХ-ын гишүүдээс гаргаж байсан ч шийдээгүй” гэсэн тайлбар хийлээ.
Ингээд олонхийн саналаар Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг шийдсэн учир анхдугаар хуралдааныг өндөрлүүллээ.
Анхдугаар чуулганы хуралдаан өндөрлөсний дараа буюу 14.00 цагаас эхлэн Байнгын хороод хуралдаж, дэд хороодын дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэх товтой байгаа. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.
Уламжлал ёсоор бол УИХ-ын хаврын чуулган наадмын өмнө хаалтаа хийж, намрын чуулган аравдугаар сард эхэлдэг. Энэ жилийн хувьд УИХ-ын сонгуулийн онцгой жил учраас шинээр бүрэлдсэн УИХ анхдугаар чуулганаа хийж, гишүүдийн бүрэн эрхээ баталгаажуулж, Засгийн газраа томилсон. Энэ удаа Засгийн газраа хамгийн богино хугацаанд томилж, чуулганы анхдугаар хуралдаан амжилттай үүргээ гүйцэтгэлээ гэж УИХ-ын дарга онцолсон байна.
Анхдугаар чуулганыг хааж, УИХ-ын дарга М.Энхболд
-УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд дарга сонгогдож, байнгын хороодыг байгуулж удирдлагыг сонголоо.
Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо. УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ парламент нь 2000 оноос хойш хамгийн богино хугацаанд хуралдаж шинэ Засгийн газрыг байгуулсан байна. Засгийн газар шуурхай ажиллаж, мөрийн хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна.
ОХУ-ын эзэмшиж байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшилд шилжүүлсэн асуудлаар иргэдээс санал гомдол их ирж байгаа тул энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан, яаралтай УИХ-д тайлагнах ёстой. УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлүүлж байна” гэлээ.
Нэмэлт мэдээлэл: Сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ УИХ-ын анхдугаар чуулган сонгуулийн санал хураалт болсноос хойш зургаа хоногийн дараа долдугаар сарын 5-нд анхдугаар хурлаа хийсэн. МАН 65 суудал буюу үнэмлэхүй олонх болсон парламент долдугаар сарын 8-нд Ерөнхий сайдаа томилон, долдугаар сарын 22-нөөс 23-нд шилжих шөнө 11 сайдаа томилж, долдугаар сарын 27-нд анхны хуралдаанаа хийсэн. Нийт 13 яам, 16 сайдаас дутуу үлдээд байсан дөрвөн сайдыг долдугаар сарын 29-30-нд шилжих шөнийн хуралдаанаар баталсан билээ. Харин өнөөдөр Засгийн газрын хоёр дахь хуралдаан болж, дэд сайд нараа батлах гэж буй юм.
Сэтгэгдэл байхгүй байна