• Эхлэл
  • Н.Энхбаяраас мэдүүлэг авчээ

Н.Энхбаяраас мэдүүлэг авчээ

2016/08/05

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах гэж байна гэсэн шуугиан өнөөдөр дахиад л дэгдлээ. Өмнө нь мөн хэд хэдэн удаа ийм дуулиан дэгдэж байсан. Тухайлбал өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг баривчлах гэхэд нь Төрийн ордонд орж “нуугдсан” гэсэн яриа ч гарч байсан юм. Үүнээс өмнө АТГ-аас Н.Энхбаяраас мэдүүлэг авахаар зургаан удаа дуудсан боловч ирэхгүй байна гэсэн бол Н.Энхбаяр өмгөөлөгчгүйгээр ямар ч мэдүүлэг өгөхгүй бөгөөд өмгөөлөгч олдохгүй гэсэн тайлбар хэлж байсан юм. Ингээд өнгөрсөн долоо хоногт АТГ-аас хүсэлт гаргасны дагуу Монголын хуульчдын холбооноос өмгөөлөгч гаргаж өгөхөөр болсон. Тэгвэл өнөөдөр АТГ иргэн Н.Энхбаяраас мэдүүлэг авах гэж намынх нь байран дээр очсон гэсэн тайлбар хэлж байна. Өнөөдөр 13.00 цагийн үед Н.Энхбаярыг баривчлахаар АТГ-ын 30 гаруй ажилтан МАХН-ын байранд ирлээ гэсэн шуугиан тархсан.

Ийнхүү шуугиан дэгдсэнээр МАХН-ын дэмжигчид, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ намынх нь нөхөд Н.Удвал, Ц.Оюунбаатар, н.Давааням нар намын байран дээр ирсэн боловч дотогш оруулахгүй байна гэлцэж байсан билээ. Мөн Н.Энхбаярыг өрөөнд нь цоожилсон, эмч дуудаж биеийг нь үзүүлээд баривчлах гэж байна гэсэн яриа ч дэгдээд байсан. Үнэхээр ч АТГ гурван эмч дуудаж ирүүлж, дотогш оруулсан бөгөөд мэдүүлэг өгөгч бие муу байна гэж эмч ирүүлэхийг шаардсан байх магадлалтай.

Албаны эх сурвалжийн тайлбарлаж байгаагаар бол Н.Энхбаярыг баривчлах гээгүй, зөвхөн мэдүүлэг л авсан гэж байгаа юм. Харин намынхан нь МАХН-ын байрны орчим маш олон цагдаа байгаа бөгөөд Н.Энхбаярыг орой, баривчилж магадгүй гэсэн яриатай байна.

Энэ талаар Н.Энхбаяр:

-Мэдээж намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуул хүн авчирч миний эрхийг зөрчиж, бичиг цаасаа өөрсдийн дур сонирхлоороо бөглөчихөөд явах гэж ирсэн. Тэгээд хэвлэл мэдээллийнхэн цугларсан учраас энэ удаад өнгөрөөсөн. “Орж болохгүй байна, орж болохгүй байна” гээд хоорондоо яриад байсан. Баривчлах машинаа оруулах гээд байхгүй юу. Аягүй бол шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байхгүй үед ирж баривчлах байх. Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй. Монголчууд минь эрх чөлөөнийхөө төлөө тэмц.

-Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбогдуулан таныг баривчлах гэсэн гэх мэдээ ч байна?

-Мэдээж. Би “Та нар яагаад мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулахгүй шүү” гэж гарын үсэг авдаг мөртлөө яагаад телевизээр Г.Шийлэгдамба хаа хамаагүй юм яриад сууж байгаа юм бэ гэж асуусан. Гэтэл “Бид телевизийг мэдэхгүй” гэж АТГ-ынхан хэлж байгаа юм. Хоёр гурван хоногийн өмнө битгий хэл цагийн өмнө зарласан ч АТГ-ынхан тэрийг таслан зогсоож чадна. Гэтэл тэгээгүй. Г.Шийлэгдамба телевизийн ярилцлагад ороод “Н.Энхбаяр дарга намайг дарамталсан” гэх ярилцлага өгөөд гүжирдэж байна. Би Г.Шийлэгдамбаас хувьдаа нэг ч төгрөг авч үзээгүй. Гэтэл би түүнээс мөнгө авсан юм шиг, намайг Г.Шийлэгдамбын хийсэн ажилтай хамаатуулж байна. Тэр мөнгө нь 50 мянган ам.доллар гэж байгаа юм. Тэр надад ямар ч хамаагүй. Орон нутгийн сонгууль болох гэж байна. Тэгэхээр МАН-ынхан  сонгуулийг бодоод хууль хяналтын байгууллагад даалгавар өгч ийм зүйл хийж байна.

Нэмэлт мэдээлэл:2016.08.05-ны 18.40 цагт АТГ-аас албан ёсоор мэдээлэл хийсэн байна. Уг мэдээлэлд:

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос уламжилсан өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэлээ.

Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах) дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг явуулав гэсэн байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна