• Эхлэл
  • Орон нутгийн сонгуулийн өмнө АН-ын “өвчин” сэдрэв үү

Орон нутгийн сонгуулийн өмнө АН-ын “өвчин” сэдрэв үү

2016/09/09

Сар гаруйхны дараа орон нутгийн сонгууль болно. Уг сонгуульд улсын хэмжээнд 14300 хүн өрсөлдөхөөр болсон юм байна. МАН, АН-ын хооронд гол өрсөлдөөн өрнөнө. Эрх баригч нам барьцаа лавшруулж, орон нутгийг ч “улааруулах” хүсэлтэй яваа нь мэдээж. Харин АН-ынхан даагаа нэхэж, УИХ-ын сонгуулиар гаргасан алдаагаа засаг учиртай.

Тус намыг шинэчлэх уриалга дэвшүүлсэн залуус нь сонгуульд яагаад ялагдсан шалтгаанаа судалсан байна лээ. Ингээд дотоод талцал болон гадаад нөлөө гэсэн хоёр үндэслэл дэвшүүлжээ.

Фракцаар талцаж, арсалддаг том “өвчин” АН-аас салахгүй удаж буй. Тиймээс шинэчлэлийг дотоодоосоо эхлэх ёстой гэсэн юм. Ах нар нь ч фракцаар талцаж, “зодолддог” цаг дууссан, эв эеэ хичээж ажиллах ёстой хэмээн ухаарч суугаа. Гэвч энэ ухаарлаас гадуур явуу эрхмүүд бас байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн АН-ын хорооны зарим гишүүн фракцын улс төрийн “золиос” болжээ. Уг нь 2008 оноос хойш Хан-Уул дүүргийн ИТХ-д АН олонх болсоор ирсэн. Энэ амжилтаа хадгалахын оронд “Шонхор”, МоАХ фракцынхан хор найруулахыг илүүд үзэв. Намын хороод наймдугаар сарын 29-ний дотор хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулаад, энэ сарын 1-Ний 17.00 цагаас өмнө нэрсээ сонгуулийн хороонд хүргүүлэх учиртай байв.

Тус дүүргийн намын хороо хугацаандаа хуралдсан ч “Шонхор”, МоАХ фракцынхан хамтраад өөрсдийн хүмүүсээ шахжээ. Эл дүүргийн ИТХ 35 мандаттай. Өнгөрсөн хугацаанд сайн ажилласан залуусаасаа нэр дэвшүүлэх учиртай ч Х.Баттулгын дүү Х.Баттуул, дүүргийн АН-ын дарга Д.Батбилэг, ИТХ-ын төлөөлөгч Б.Ариунболд нар санал тооллогыг будлиантуулж, оронд нь өөрсдийн ах дүү, ойрын хүмүүсээ зүтгүүлэхээр болсон юм байна.

Улмаар намын үүрийн дарга, хорооны Засаг дарга болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн тал нь “визгүй” хоцорчээ. Санал хураах хүртэл бүх зүйл процессын дагуу өрнөсөн ч тоолох үед л “но” орсон гэнэ.

Ингээд дээрх хоёр фракцынханд шахагдаж, нэр дэвших эрхээ алдсан 18 хүн орон нутгийн сонгуульд бие даан өрсөлдөхөөр болоод буй юм. Нэгэнт бий болсон нөхцөлд тэдэнд сонгох, сонгогдох эрхээ эдлэх ийм гарц л үлдсэн байна. Гэхдээ тэд ингээд асуудлыг орхихгүй, намаа шинэчлэх хороо байгуулан шударга бус зүйлийн эсрэг тэмцэж буй гэнэ. Аливаа сонгуулийн өмнө аль ч нам дотоод эв нэгдэл, нэр хүндээ хичээдэг.

Тиймээс доогуур шатанд нь өрнөж буй талцалдаа удирдлага нь анхаарлаа хандуулах биз ээ. Тэд эвдрэх биш, эвлэхийг илүүд үзэх ёстой. Талцал хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй гэдгийг хоёрхон сарын өмнө тэд биеэрээ мэдэрсэн байх учиртай. Гэвч зарим эрхмийн “өвчин” хөдөлж, “цэнхэр” дүүргээ самарч яваа аж. Тэдний талцал өрсөлдөгчид нь л өгөөш болно уу гэхээс өөрсдөд нь амжилт дагуулахгүй биз ээ.

С.Туул

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна