Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл С.Зориг агсны хэргийн талаар болон өөрийг нь эл хэрэгт яллагдагчаар татсан талаар өнөөдөр /2016.09.12/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл “Намайг олон жилийн дараа С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн, бүлэглэсэн хэмээн ахин хууль зөрчин яллагдагчаар татах гэж байна.
Сонгуулийн дараагаас намайг С.Зоригийг алж байхад нь хажууд нь байсан гэсэн мэдээлэл гарах болсон. Үүнийг шалгуулахаар прокурорт хандсан боловч шалгаж өгөхгүй байгаа.
Хүний амь нас хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан намайг гүжирдсэн. Ийм мэдээллүүд “Ноцтой мэдээ” сонин болон зарим сайтуудаар хүртэл явсан. Яллагдагчаар татна гэдэг чинь тодорхой нотлох баримттай байх ёстой. Гэтэл яллагдагчаар татсан хойноо нотлох баримт хайгаад байна.
Өнгөрсөн тав дахь өдөр хэрэг болсноос хойш анх удаа миний хурууны хээ, үс, цусны шинжилгээг авлаа. 16 жилийн өмнө мөн л ингэж байсан. Одоо ч гэсэн тэр үед асууж байсан юмаа асууж байна. Дандаа сонгуультай холбогдуулна, дандаа хууль бусаар.
Хууль зөрчиж байна гэдэг нь өөр зорилготой гэсэн үг. Намайг хууль бусаар байцаан шийтгэх гэж байвал би байцаалт өгөхгүй. Он жил өнгөрөх тусам илрүүлэхийг хүсч яваа хүмүүсийн нэг. Би нэр төрөө цэвэрлэхийг үнэхээр хүсч байна. Энэ хэргийг илрүүлэхэд өөрийн зүгээс бүх зүйлээр тусална.
Намайг шалгах ёстой бол шалга. Гэхдээ хуулийн дагуу. Хууль зөрчөөд байна гэдэг чинь улс төрийн зорилготой. Одоо ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж ингэж байна. Мөрдөн байцаагчид доод албан тушаалтандаа намайг баривчил гэж даалгавар өгч байна.
Энэ мэдээллийг тасалдуулахвий гэсэн үүднээс цаг үеийн асуудлаар гэж хурал зарласан. Намайг энэ хэрэгт холбогдуулж байвал хуулийн дагуу л шалга. Би хэзээ ч таслан зогсоох ажил хийхгүй. Эрүүгийн хууль болон эрүүгийн байцаан шийдэх хуулийн дагуу үйл ажиллагаа явах ёстой шүү" гэв.
Сэтгэгдэл байхгүй байна