Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах үйл ажиллагаа өнөөдөр \2016.09.27\ боллоо.
Монгол Улсын сонгуулийн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу сонгуульд нэр дэвшигчдийг Дүүргийн хороо бүртгэж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байгаа юм.
Орон нутгийн хурлын сонгуулиар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Чингэлтэй дүүрэгт 19 тойрогт 35 төлөөлөгчийг сонгоно. Чингэлтэй дүүрэгт улс төрийн хоёр нам оролцож байгаа бөгөөд МАН-аас 35, АН-аас 31 хүн нэр дэвшиж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар ИТХ-ыг сонгох сонгуулийн ажил хуулийн дагуу хэвийн явагдаж байгаа тухай албаныхан мэдээллээ.
Ингээд Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурал дахь, АН-ын бүлгийн дарга Б.Батхуяг ярилцлаа.
-Нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулах үйл ажиллагаа боллоо. Энэ сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн талаар мэдээлэл өгнө үү.
- “Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо, Чингэлтэй дүүргийн иргэдийн хуралд АН-аас нэр дэвшигчдэд сонгуулийн нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардууллаа. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор аравдугаар сарын 1-нд эхэлнэ. Энэ удаагийн сонгууль Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурал АН-аас нийт нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд, 80 хувь нь эрэгтэйчүүд байна. Нэр дэвшигчдийн 33 хувь нь эдийн засагч, 26 хувь нь хуульч, бусад нь инженер, багш гэх мэт мэргэжлийн хүмүүс байгаа. Нийт нэр дэвшигчдийн дундаж нас 37.5 байгаагаас энэ удаагийн сонгуульд залуучууд түлхүү орж байгааг харж болно. Ингээд сонгуулийн тухай хуулиа мөрдлөгө болгож, хуулийн дагуу шударга, амжилттай өрсөлдөх болно гэдгээ намынхаа нөхдийнхөө өмнөөс илэрхийлж байна.
- Бусад дүүргүүдэд нэр дэвшигчдийг бүртгэх шатанд маргаан гарсан талаар Ардчилсан намаас мэдээлж байсан. Танай дүүргийн хувьд?
- Тодорхой нэг, хоёр шийдвэрүүд дээр маргаантай зүйл байгаа. Ойрын хугацаанд шударгаар шийдэгдэх байх гэж найдаж байгаа.
- Ямар маргаантай асуудал байгаа вэ?
- Манай гурван нэр дэвшигчийг баримт бичгийн зөрчилтэй гэж нэр дэвшигчийн жагсаалтаас хассаныг бид эсэргүүцэж байгаа. Чингэлтэй дүүрэгт МАН, АН хоёрхон хүчин өрсөлдөж байгаа энэ нөхцөлд нэр дэвшигчийг хасах нь өөрөө нөгөө намын нэр дэвшигчдэд шууд ялалтын өгч байгаа хэрэг болно. Тэгэхээр иргэдийн сонгох эрхэнд халдаж байгаа хэрэг гэж ойлгож байгаа юм. Тиймээс энэ асуудлаар зохих шатны байгууллага, шүүхэд хандсан байгаа. Шүүхээс тодорхой шийдвэр гаргана гэж найдаж байна. Маш богино хугацаа үлдсэн учраас яаралтай шийдэж өгөх талаар Сонгуулийн хороонд албан ёсоор хандсан. Хуулиа дээдэлж, илүү мэдээлэлтэй байж, ил тод, шударга иргэдийнхээ сонгох эрхийг хүндэтгэж хандана гэж найдаж байна.
- Баярлалаа танай багийнханд амжилт хүсье.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна