УИХ дахь АН-ын бүлэг есөн гишүүнтэй. Өнгөрсөн парламентад олонх болж, эрх барьж байсан АН-ынхан өнгөрсөн зуны сонгуулиар ингэтлээ цөөрсөн.
Өөрөөр хэлбэл, дөнгөж бүлэг байгуулах тооны гишүүнтэй болсон хэрэг.
Тэгвэл саяхнаас АН-ын бүлгийн зарим гишүүн МАН-д элсэж энэ нам УИХ-д бүлэггүй болж магадгүй болсон талаар эх сурвалжууд яриад эхэлсэн.
Үүнийг батлах мэт АН-ын бүлгийн нэр бүхий эрхэм гишүүн МАН-д элсэхээр өргөдлөө өгчихсөн гэх мэдээлэл Төрийн ордон, улс төрийн хүрээнийхэн дунд түймэр шиг л дэгдэж байна. Тэр гишүүн МАН-ын удирдлагуудтай эртнээс холбоотой байсан гэдгийг бас онцолж байгаа юм. Тиймээс мань гишүүний араас намынхан нь ч нэхэл дагал болоод эхэлсэн. Харин МАН-д өргөдлөө өгсөн эрхмийн нэрийг жирийн гишүүдээсээ нууцалж байгаа тухай ч ярьцгааж байна.
Хэрэв энэ мэдээлэл баттай бол УИХ-д АН-ын бүлэг оршин тогтнох боломж дээсэн дөрөөн дээр ирлээ гэсэн үг. Найман гишүүнтэй байж УИХ-д бүлэг байгуулдаг. Тэгэхээр дахиад нэг л гишүүн үзлээсээ няцвал хүчээр татан буугдана гэсэн үг.
Яг үнэндээ АН-ын өнөөдрийн байдал тун базаахгүй байгаа. Намын дүрэм журам гээч нь алга болж, түүнийгээ хөсөр хаячихсан, удирдлага жолоодлогоо хэдийнэ алдсан ёстой л өмнө нь төрийн эрх барьж байсан гэх шүдгүй арслангийн дүр л энэ намд үлдсэн. Өдгөө АН-ын эрх зүйн чадамж дан ганц УИХ дахь бүлэг дээр нь тогтож байгаа гэвэл зохино. Харин өнөөдөр бүлэг нь эрх зүйн чадамжаа алдахад тун ойртоод байгаа ажээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл байхгүй байна