Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ийн даргын томилгоо үргэлж анхаарал татаж байдаг. Энэ удаад мөн Оросын талаас Монгол захирал томилохыг эсэргүүцэж байгаа гэсэн мэдээлэл тархаад байсан юм. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 14.00 цагийн орчимд Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ нийгэмлэгийн ерөнхий хорооны ОХУ-ын талын гишүүд Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилох шийдвэрт гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Мөн УБТЗ-ын ерөнхий инженерээр ОХУ-ын Эрхүү хотын төмөр замын дарга томилогдсон байна.
Энэ удаагийн хамтарсан зөвлөлийн хурал Москва хотноо болж буй. Хоёр өдрийн өмнө эхэлсэн УБТЗ нийгэмлэгийн ерөнхий хорооны хоёр талын гишүүд ойлголцолд хүрч, санал нэгдэхгүй асуудлууд байсан ч эцэст нь Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай зөвшилцөн Д.Жигжиднямааг замын даргад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн, шийдвэрлэсэн аж.
Ингэснээр 1.9 жилийн хугацаанд УБТЗ-ын даргын албан тушаалыг хашсан Л.Пүрэвбаатар халаагаа өгөх нь тодорхой боллоо.
Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын талд хүсэлт тавьж, маргаантай байсан УБТЗ-ын даргын томилгооны асуудлыг ийнхүү эцэслэсэн шийдсэн гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна