Ц.Элбэгдорж:Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан юм харагдаж байгаа
Ц.Нямдорж:Эрдэнэтийг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж
Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн гол шуугиан болсон “Эрдэнэт”-ийн хэмээх асуудал дахин хүчээ авч эхэллээ. Ардчилсан намынхны тооцоолсноор эерэг PR болох ёстой байсан “Эрдэнэт үйлдвэр 100 хувь монголчуудын мэдэлд шилжлээ” хэмээсэн мэдэгдэл харин улстөрчдийн хэрүүлийн бай болоод байна. Сонгуулийн сурталчилгаа хаахын өмнөхөн хийсэн энэ мэдэгдэл эсрэгээрээ Ардчилсан намынхан Эрдэнэт-ийг хэнд өгчихөв гэсэн хардлага төрүүлж, сонгуульд сөргөөр нөлөөлсөн гэсэн дүгнэлт байгаа. Хэргийн учир нь Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт”-ийг авчихлаа гэсэн сөрөг мэдээлэл хүчтэй цацагдсан юм. Эрдэнэтийн 49 хувийг Монголын компани 400 сая ам.доллараар шилжүүлэн авсан бөгөөд хамтарсан үйлдвэрийн үр өгөөж 100 хувь Монголдоо орж байхаар боллоо гэсэн тайлбар харамсалтай нь хүчийг авч чадаагүй.
Тэгвэл энэ удаагийн мөнөөх л Эрдэнэтийг тойрсон халуун сэдвийг өдөөгч нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж болов. Түүний “Монгол мафид идэгдлээ. Би л лав дуугүй байхгүй шүү” гэсэн “хүчтэй” үгс сошиалд шуугиан тарив. “Шударга” гэдэг имижитэй хорон үгтй Ц.Нямдоржийн үг угаас масс-д шууд хүрч, шуугиан тарихдаа сайн. Харин үүнийг эсрэг намын улстөрчид “бялуу хүртэж чадаагүйн гомдол. Шахаасны бизнес нь сүйрч байгаа улстөрчдийн өшөө авалт” гэж нэрлэж байна.
Ц.Нямдорж мэдэн будилав уу? эсвэл...
Ц.Нямдоржийн “сенсаци” ярилцлаганы араас Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, ТУЗ-ын гишүүд яаравчлан хэвлэлийн бага хурал хийлээ. Өчигдөр буюу 2016.10.05-ны 18.00 цагт буюу ажил тарах үед зарласан хэвлэлийн бага хуралд хэвлэлийнхэн “онц” ирцтэй цугласан байлаа. Угаас шуугиан тарьсан асуудал учраас аргагүй ч үгүй юм.
Харин Эрдэнэт үйлдвэрийн одоогийн удирдлага байж болох төвшний буюу тус үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулж, татвараа төлж байгаа, ажилчдыг ажлаас нь халсан зүйл үгүй хэмээн тоо баримттайгаар дурдлаа. Харин хамтарсан үйлдвэрийн хувийг шилжүүлсэн тухайд Засгийн газрын эрх үүргийн хүрээнд хийгдсэн ажил учраас өмнөөс нь хариулах боломжгүй гэсэн хариултыг өгч байлаа.
Харин Ц.Нямдоржийн өгүүлсэн 20 тэрбумын татварын тухайд
“Эрдэнэт” үйлдвэр энэ оны наймдугаар сарын байдлаар нийт 134 тэрбум төгрөгийн татвар төлсний 65 тэрбумыг нь улсын төсөвт төвлөрүүлсэн. Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус үйлдвэрт хүсэлт тавьсны дагуу 70 тэрбум төгрөгийн татварыг урьдчилж төлсөн байсан. Үүнийг 20-хон тэрбум төгрөгийн татвар төлсөн гэж зарим эх сурвалж мушгиж байна гэжээ. Гэхдээ 2015 онд 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан Эрдэнэт өмнө төлсөнтэйгээ нийлээд 134 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь нэг талаасаа бууралттай мэт харагдаж байгаа ч энэ нь яах аргагүй зэсийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлтэй холбоотой гэж тайлбарлав. Учир нь нэг тонн зэсийн үнэ 5000 ам.доллараас дээш үнэтэй үед 16 хувийн татвар, 5000-аас унахад таван хувийн татвар төлдөг юм байна.
Энэ мэтчилэн үйдвэрийн удирдлагуудын хийсэн мэдэгдлээс харахад Ц.Нямдорж вээр зарим тоо баримтыг андуурсан уу эсвэл, мэдсээр байж мэдэн будилж мушгиж байна уу гэх асуулт гарч ирж байлаа.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ- ийн дарга хэн болох нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа гэсэн “хардалт”-ад Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам
-ТУЗ-ийн даргаар Да.Ганболд томилогдоод хэвийн ажиллаж байгаа. Энэ бүх үйл явц хууль журмын дагуу явагдаад, улсын бүртгэлд мэдээлэл нь орсон. Бүх мэдээлэл нь нээлттэй байгаа гэсэн тайлбар өглөө.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрт өнөөдрийн байдлаар 6092 хүн ажиллаж байгаа бөгөөд ТУЗ шинэчлэгдсэнээс хойш 13 орос ажилтан, гурван удирдах ажилтныг өөрсдийнх нь хүсэлт болон ярьж тохирсны үндсэн дээр ажлаас нь чөлөөлсөн бөгөөд ямар нэгэн халаа сэлгээ хийгээгүй гэж мэдэгдлээ.
Ц.Элбэгдорж: Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчидтэй уулзсан нь мөн л Эрдэнэтийн элдэв асуултад хариу өгөх гэсэн үү гэсэн хардлагыг төрүүлэв. Эрдэнэтийн гэхээсээ илүүтэй Ц.Нямдорж хариугаа барих гэсэн хэрэг ч гэлцэж байсан. Үүнээс өмнөхөн шүүхийн шинэтгэлийн багц хуулийн асуудлуур Ц.Элбэгдорж “Мэнгэ нь дөнгө болсон хүн” гэсэн чулуун шидэж байсан. Ц.Нямдорж ч яаж дуугүй байх вэ? “Дөнгө битгий хэл болно, би” гэж хариу барьсан билээ. Өнөөдөр болсон уулзалтын үеэр Ц.Элбэгдорж ингэж ярьсан байна:
-Ц.Нямдоржийн ард “Эрдэнэт”-ийг бодсон, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй. Харин энэ мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийн асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан юм харагдаж байгаа.
Наадмын өмнө би МҮОНТ-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн, "Эрдэнэт" дээр хууль зөрчсөн юм байгаа бол хамгийн түрүүнд хэлэлцээрэй гэж. Буруу байсан бол хүчингүй болгох ёстой. Хууль бус юм хийж байгаа бол түүнд нь бололцоо олгоод сууж байгаа.
Тэгэхээр би үүний ард улс орны эрх ашиг бодсон яриа байхгүй юм байна, цэвэр улс төр гэж харж байна.
Та нар нэг зүйлийг сайн мэднэ дээ. Сүүлийн 20 гаруй жилд харж байгаа.Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг.
Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг, мафи гарлаа ч гэх шиг. Зүгээр л сүржин мэдэгдэл, хувийн эрх ашиг хөөцөлдсөн, мэдэгдэл. Нэгнийхээ янзыг үзэх гэсэн, эсвэл дээшээ албанд шунасан л үйлдэл.
Ц.Нямдорж:Эрдэнэтийг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж
Харин үүний дараахан буюу өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ц.Нямдорж мөн хариу барив. Тэрээр татварын байгууллагаас дүн мэдээлэл авсан бөгөөд Засгийн газарт ч байхгүй мэдээлэл надад байгаа гэж мэдэгдээд авсан бөгөөд өмнө өгүүлсэн татварын урьдчилгааны талаар мэдээлэлтэй байгаа бололтой Эрдэнэтийн татварыг Оюутолгойтой харьцуулан ярив. Тэрээр энэ есдүгээр сарын байдлаар хэмээн цаас барьж байгаад Оюутолгой 140 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлсөн байхад Эрдэнэт 70 тэрбумын урьдчилгаа төлсөн гэж мэдэгдлээ.
-Намайг Чойжилсүрэнтэй хуйвалдаад авчихлаа гэж Ц.Элбэгдорж өнөөдөр ярьсан юм шиг байна. Эрдэнэтийн 49 хувийг авах ажлыг зохион байгуулсан хүн нь Ц. Элбэгдорж өөрөө. Зургадугаар сарын 23-нд Ташкентад болсон гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтад Худалдаа хөгжлийн банкны Орхон очиж эцсийн цэг тавьсан. Надад биш намын бүлэгт гаргаж тавьсан, татварын тайлан байна.
-Хэрэг явдал үүгээр дуусахгүй. Бүлэглэл дамжсан луйвраа хамгаалахын тулд их ажил хийх юм байна. Луйвраа дарахын тулд бүх ажиллагаа явагдана даа. Би хэрэгт дуртайдаа ингээд байгаа юм биш. Хуйвалдагч, олигархийн бүлэг ард түмний нуруун дээр хувалз шиг суучихаад улсыг чинь самраад байгаа болохоор би ингэж яриад байгаа юм
-Орхон Засгийн газрын хуралдаан дээр сайд шиг яриад Эрдэнэбат зөвхөн танилцуулгыг нь уншаад өнгөрөөсөн юм билээ гэх мэтчилэн ярив.
Дашрамд тэрээр бас өөрийг нь сэтгүүлчдэд 45 сая төгрөг өгсөн гэх шуугианы талаар бас хэлээд амжив. Өчигдөр сошиал ертөнцөөр Ам нээвэл нэвтрүүлэгт 15 сая төгрөг төлж Ц.Нямдоржоос ярилцлага авсан, сэтгүүлч Болдкоо 30 сая төгрөгөөр нэвтрүүлэг хийж байгаа гэсэн гүтгэлэг тарсан бөгөөд үүнийг сэтгүүлчид мөн няцаан хэвлэлийн бага хурал хийсэн юм. Ц.Нямдоржийн хэлснээр хэрэг явдал үүгээр дуусахгүй, цаашид ч өрнөх бололтой.
А.Туяа.
Холбоотой мэдээллүүд
Эрдэнэт үйлдвэртэй холбоотой тушаалуудыг хүчингүй болгов
Сэтгүүлчид шүүх, хяналтын байгууллагад хандана
Сэтгэгдэл байхгүй байна
Манайх Рейкийн энергин бариа, бүтэн биеийн бариа, хуян хөөх бариа, бөөр,нуруу, элэг, ходоодны үйл ажиллагаа сайжруулах, тамир тэтгэх бариа, өндгөвчний бариа, савны хий, гэдэсний дүүрэнг гаргах бариа, хүүхдийн тархины доргилт засах, тархины даралт бууруулах, тайвшруулах, өсөлт хөгжил дэмжих бариа, нүүр, толгойн цэгэн массаж, хөл массаж зэрэг бүх төрлийн эмчилгээний болон алжаал тайлах бариа засал хийнэ. Утас: 94069506 (цаг авч ирнэ үү)
Хаяг: БЗД 13-р хороо Скайтаун хотхон 90б байр. (Номин хайпермаркетийн баруун талын голомт банктай байр) дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. https://www.facebook.com/mutringegeebariazasal
Манайх Рейкийн энергин бариа, бүтэн биеийн бариа, хуян хөөх бариа, бөөр,нуруу, элэг, ходоодны үйл ажиллагаа сайжруулах, тамир тэтгэх бариа, өндгөвчний бариа, савны хий, гэдэсний дүүрэнг гаргах бариа, хүүхдийн тархины доргилт засах, тархины даралт бууруулах, тайвшруулах, өсөлт хөгжил дэмжих бариа, нүүр, толгойн цэгэн массаж, хөл массаж зэрэг бүх төрлийн эмчилгээний болон алжаал тайлах бариа засал хийнэ. Утас: 94069506 (цаг авч ирнэ үү)
Хаяг: БЗД 13-р хороо Скайтаун хотхон 90б байр. (Номин хайпермаркетийн баруун талын голомт банктай байр) дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. https://www.facebook.com/mutringegeebariazasal