• Эхлэл
  • Маргаан дэгдээсэн ”Орон нутгийн сонгууль”

Маргаан дэгдээсэн ”Орон нутгийн сонгууль”

2016/11/03

Сонгуулийн үймээн өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй байна. 

2016 оны орон нутгийн сонгуульд АН-ын 6,900 нэр нэр дэвшигч өрсөлдөж, 2,650 нэр дэвшигч буюу 37.9 хувь нь ялалт байгуулсан. Энэ нь нийт 330 сумаас104-т нь АН-ын нэр дэвшигчид ялсан гэсэн үг бөгөөд нийслэлийн есөн дүүрэгт нэр дэвшсэн 295 нэр дэвшигчээс 98 нь ялалт байгуулсан буюу есөн дүүргийн гуравт нь АН олонх болсон байна. Мөн Сүхбаатар аймагт ИТХ-ын нэр дэвшигчдийн саналын тоо тэнцэж, дахин санал хураалт явагдсанаар АН ялалт байгуулсан тухай өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл Ардчилсан Намын Орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Бид энэ сонгуульд нэг л зарчим баримталсан. Ялсан бол ялсан шиг байж, ялагдсан бол ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөлөгчийг хэн нэгэн хүний шийдвэрээр буцаах нь ардчилсан улс оронд байж болохгүй зүйл.

МАН-ын удирдлагууд энэ үйлдлүүддээ дүгнэлт хийх ёстой гэж харж байна.

Аль аль талдаа ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Тооны олон МАН талд байгаа ч гэсэн улс төрийн олонх эрх баригчдын амлалтаасаа ухарсан 100 хоногийг дүгнэсэн. 100 хоногт МАН бодлогогүй үйл ажиллагаа явуулж, амлалтаасаа ухарсныг ард түмэнд ойлгуулсан. Энэ  нь сонгуулиар олж авсан маш том ололт" гэв.

Мөн энэ үеэр Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо шалтгаангүйгээр АН-ын зургаан хүний нэрийг хассан тухай хэлсэн юм. 

Түүнчлэн Баянзүрх дүүрэгт дэгдээд байгаа маргааны тухай ИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар тайлбар хийлээ.  

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа "Манай дүүрэг дээр АН 22, МАН 19 суудал авсан тухай СЕХ-ны дүн гарсан байгаа. 

Энэ дүнг СЕХ болон Нийслэлийн сонгуулийн хороо албан ёсоор зарласан байдаг.

Гэтэл Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга ямар нэгэн шалтгаангүйгээр зургаан хүний нэрийг хассан.

Энэ удаагийн сонгуулийн хуулийн гол онцлог нь маргааныг сонгуулийн хороо биш шүүх шийднэ. Эцсийн маргааныг шүүх шийдэх зохицуулалтай байхад дүүргийн сонгуулийн хорооны даргын тогтоолоор зургаан хүнийг хассан. Энэ бол хүчин төгөлдөр бус шийдвэр" гэв. 

НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга "Сонгуулийн хуулинд зааснаар сонгуулийн хорооны албан хаагчид сонгуульд оролцож байгаа аль нэг нэр дэвшигчийг дэмжих эсвэл эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийхийг хориглосон байдаг.

Энэ хуулийн заалтыг Сүхбаатар, Баянзүрх дүүрэг дээр уландаа гишгэж, хууль зөрчлөө.

Сүхбаатар дүүрэг дээр нэр дэвшиж байгаа хоёр хүнийг илт хууль бусаар нэр дэвшүүлэхээс татгалзсан. Энэ асуудлаар шүүхэд хандаж анхан болон давж заалдах шатны шүүхээр хууль үйлдэг гэдгийг тогтоосон. Одоо эдгээр хүмүүсийн нэр дэвшиж байсан тойрог дээр дахин сонгууль явуулах тухай шүүхийн шийдвэр гаргуулах үйл ажиллагаа явагдаж байна.

Ингээд зогсохгүй СБД-ийн долоодугаар тойрог дээр ирц хүрээгүй нэмэлт санал хураалт явуулах нөхцөл бүрдсэн байхад сонгуулийн хороо ирц бүрдсэн гэж гуйвуулаад 50 гаруй хүний саналаар илүү байсан МАН-ын хоёр нэр дэвшигчийг баталгаажуулсан. Үүнийг шүүхэд өгсөн.

Шүүх хэрэг үүсгээд явж байгаа. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр тойрогт 1,000 гаруй хүний илүү санал авч ялалт байгуулсан манай нэр дэвшигчийг сонгуулийн хорооны ажилтан өөрийн итгэл үнэмшлээр хассан" хэмээлээ. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин