• Эхлэл
  • Байнгын хороо тогтоолын төслийн анны хэлэлцүүлгийг дэмжлээ

Байнгын хороо тогтоолын төслийн анны хэлэлцүүлгийг дэмжлээ

2016/11/09

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.09/ хуралдаан 9 цаг 56 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн талаархи танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийсэн юм. Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агентлагаас ирүүлсэн саналд үндэслэн, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан гэдгийг Сангийн сайд онцоллоо.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 17 зорилт, 104 бодлогын арга хэмжээг тусгажээ. Мөн эдгээр зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагуудыг тодорхой зааж өгсөн байна.

Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асууж тодруулсан бол хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үг хэлсэн УИХ-ын гишүүн Б.Батзориг үндсэн чиглэлд судална, үнэлэлт дүгнэлт өгнө гэсэн ерөнхий зүйл нэлээд байгааг анхаарч тодорхой зүйлийг хариуцах эзэнтэй, хүрэх үр дүнтэй нь уялдуулж тусгах, хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцдог байхад анхаарах, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлж хуваарилалтыг боловсронгуй болгохтой уялдсан эрх зүйн өөрчлөлтүүд хийх асуудлыг судалж шийдвэрлэх, УИХ-ын гишүүн Ж.Батзандан эдийн засгийг боомилж байгаа салбаруудыг задлах, ялангуяа банк санхүүгийн болон барилгын салбар дахь монополь байдлыг арилгаж банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх, ингэхгүйгээр хямралаас гарч чадахгүй учраас Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарах, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гадны банк оруулж ирэх эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар ойрын үед тодорхой шийдвэр гаргах шаардлагатай зэргийг хэлж байв.

Дараа нь тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, урт хугацааны бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох судалгаа хийж, шаардлагатай бол төрийн холбогдох байгууллагын ажлын чиг үүрэг, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төрийн эрх мэдлийн хуваарилалтыг төгөлдөржүүлэх чиглэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ авах гэсэн агуулгатай зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Батзориг гадаадын банкны салбар, нэгж байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөн Хөгжлийн банкны зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх гэсэн агуулгаар үндсэн чиглэлийн төслийн холбогдох хэсгийн заалтыг өөрчлөх санал гаргасан нь дэмжигдсэн юм.

Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, МҮОНРТ-ийн ажиллагсад, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин