УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх шуурхай мэдээлэл тархсан. Түүнийг ийн зар тараахад өчигдөр цахим сайтуудаар эхнэрийнх нь дансанд их хэмжээний сэжигтэй мөнгө орж ирсэн учраас хилээр гарахыг нь хориглоод байгаа гэсэн мэдээлэлтэй холбоотой тайлбар хийх болов уу гэсэн таамаглалыг хэдийнэ дэвшүүлээд байсан. Тэгвэл тэрээр 14.15 цагт эхэлсэн хэвлэлийн хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр “Нам дагасан бүлэглэлүүд өөрсдөдөө ашигтай байдлаар сонгуулийн хуулийг өөрчилж, хуйвалдааны төр байгуулж, Монголын бизнесийг дарамтлаж, дарангуйлал тогтоож, Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг өөрсөддөө авч байна. Энэ нам дагасан бүлэглэлээс Монголын төрөө чөлөөлөх цаг ирсэн. Би үүнийг чимээгүй хараад суугаад байж тэвчихгүй учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдлээ.
Тэрээр үүнийгээ Авлигатай тэмцэх гэдгийг улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгож байна. Ардчилал нуран унаж байна. Хуйвалдааны төр хуулийн байгууллагыг шууд ил цагаан ашиглах боллоо. Цаг иржээ, хуйвалдааны бүлэглэлээс Монголын төрийг чөлөөлье. Хуйвалдааны төрд “Битгий давар” гэж хэлцгээе уриаллаа.
Монгол Улсын хуулиар бол парламентад суудал бүхий нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлдэг. Өдгөө намынхаа даргыг хэнээр сонгох тухай дажин дэгдээд байгаа Ардчилсан намынхны хувьд мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийн кандитат яригдаж байгаа. Тэгвэл Н.Алтанхуяг ингэж шууд мэдэгдэл хийсэн нь намынхнаа дэмжлэгийг авч чадах уу гэсэн асуулт гаргаж ирж байгаа. Энэ “Ардчилсан намын шийдвэр үү” гэсэн асуултад харин тэрээр “Хувь улстөрчийн шийдвэр” гэж хариуллаа.
Ийнхүү Ардчилсан намын дотор дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дажин ил гарч эхэллээ.
Харин тэрээр дээр өгүүлсэн өчигдөр тархсан эхнэрийнх нь мэдээллийн тухайд
-Миний эхнэр, хүүхэд эргэн тойрны хүмүүсийн хувьд гарч байгаа янз бүрийн муу мэдээлллүүд бодитой зүйл биш. Намайг Ерөнхий сайдаас буулгахаас эхэлсэн, одоо Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа гэдгийн эсрэг хийж байгаа ажлын өчүүхэн нэг хэсэг. Уг нь би Ерөнхийлөгчид нэр дэвших талаар огт бодоогүй байсан юм. Гэвч Монгол улсад амар тайван амьдрах боломжгүй болж байна. Үүнийг би зүгээр хараад сууж, тэвчихгүй болж байна гэж хариуллаа. Ингээд зарим асуултыг хүргэж байна.
-Өнгөтэй өөдтэй болгоныг өөрсөддөө авч байна гэдэгт та Эрдэнэтийг хэлж байна уу?
-Оюутолгой, Тавантолгой гээд өмнө миний хэлж байсан жишээнүүдийн нэг. УИХ-д байхдаа би боломжийнхоо хэрээр шүүмжлэл хэлдэг байсан. Би Монголын ард түмэн, Монгол улсад хохиролтой зүйл хийхийг эсэргүүцдэг байсан учраас бохир аргаар миний Засгийн газрыг унагаасан. Манай Засгийн газрыг унагаснаас хойш хийсэн ажлуудыг та бүхэн харж байгаа биз дээ.
Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Ноён уул гээд ЗГ унагасан гол шалтгаан нь энэ.
-Танай намын даргын өрсөлдөөн явагдаж байна. Намын даргаар хэн болно гэж та бодож байна вэ?
-Хэн нэгэн, нам дагасан бүлэглэлүүдийн утсан хүүхэлдэй бус өөрийн гэсэн бодол, үзэл баримтлалтай хүн гарч ирнэ гэдэгт итгэж байна.
-Нам дагасан бүлэглэл, утсан хүүхэлдэй гэж та хэнийг хэлж байна вэ?
-Нам дамнасан бүлэглэл хамгийн дээд талд байдаг хүмүүсийг л хэлж байна.
Мөн тэрээр бондын талаар асуусан асуултад
“Бид 1,5 тэрбум ам.долларын бонд босгосон. Юу хийснийг ард түмэн харж байгаа. Харин одоогийн Засгийн газар өмнөхөө үгүйсгэж, өмнөх хүмүүсээ шоронд хийж байна. 200 мянган төгрөгний нүүрсийг 50 мянган төгрөг болгосон хүн шоронд орж байхад, цаашдаа юу болохыг хэлэхэд амархан. Үүнтэй тэмцэх ёстой” гэж хариуллаа.
Сэтгэгдэл байхгүй байна