• Эхлэл
  • Э.Түвшин: АН хагаралдсаныхаа горыг амсч байна

Э.Түвшин: АН хагаралдсаныхаа горыг амсч байна

2016/11/15

-Хан-Уул дүүргийн АН ажил хийгээгүйдээ биш хэрүүл тэмцэл, талцал болж алалцсаны "гай"-гаар ялагдал хүлээлээ. Үүнийг шинэчлэх цаг нь болсон байна-


Саяхан болж өнгөрсөн Орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд ердөө хоёр бие даагч сонгогчдын итгэл хүлээн сонгогдсон. Тэд бол Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооноос дүүргийн ИТХ-д сонгогдсон Э.Түвшин, А.Мөнх-Амгалан нар юм. Тэд олон жил дүүргийн Ардчилсан намд ажиллаж, Хан-Уул дүүргийг “цэнхэртүүлэх” үйлсэд хувь нэмрээ оруулж, анхан, дунд шат, хороон дээр ажиллаж ирсэн залуус. Тийм атлаа яагаад бие даан нэр дэвших болсныг нь хөндвөл Хан-Уул дүүргийн АН-ын дотоод хагарал чинээндээ тулсныг ярих хэрэгтэй болно. Ингээд Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Э.Түвшингээс дараах зүйлийг тодрууллаа.


-Улсын хэмжээнд хоёр бие даагч сонгогдсоны нэг нь та. Уг нь АН-ын гишүүн атлаа яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ гэдэг асуулт одоо хүртэл сөхөгдөж байна. Хан-Уул дүүргийн АН-ын дотоодод яг ямар нөхцөл байдал бий болчихоод байгаа юм бэ?

-Хан-Уул дүүргийн АН-ыг төдийгөөс өдий хүртэл авч ирсэн гишүүд биднээс нь булааж авснаас л болсон хэрэг. Харин залуус бид хэн нэгний эрх ашгийн төлөө, ялангуяа нэг фракцид орж, талцахыг хүсээгүй. Өнөөдөр Хан-Уул дүүргийн АН-д ямар ч ардчилал гэж байхгүй болсон. Үнэндээ 2008, 2012 оны орон нутгийн сонгуульд энэ дүүрэгт АН нийслэлийн дүүргүүдээс анхлан ялалт байгуулж, бүтэн найман жил эрх барьсан. Энэ хугацаандаа үнэхээр үлгэж жишээ ажиллаж сонгогч олон түмний итгэл, талархлыг хүртэж байсан нь сүүлийн үеийн олон сонгуулийн дүнгээс харагддаг. Гэтэл хэсэг бүлэг этгээдүүд дайрч орж ирээд л намын хорооны хурлыг дүрмийн бусаар хийж намын анхан, дунд шатанд гишүүдийн итгэл хүлээж ажиллаж байсан олон хүнийг шахаж гаргасан. Тэр дунд Мөнх-Амгалан бид хоёр багтаж байгаа. Энд хэн үнэнч хэн худалч байсан, Хан-Уулын иргэд, манай намын гишүүд хэний талд байгааг сонгуулийн дүн нотлон харууллаа.

-Хан-Уулын намыг булааж авсан гэдэг их сонин сонсогдож байна. Танай нам доторх ямар нэг нам доторх фракци дүүргийн намын хороог хүч түрэн авсан гэсэн үг үү?

- Яг зөв. Ерөөсөө л "МоАХ", "Шонхор" гэдэг хоёр фракцийнхан орж ирээд л фракцид нь ороогүй, дэмжээгүй хүнийг өнгөрсөн орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэлгүй хөөж гаргах хурал нэртэй жүжиг тавьсан. Яг ҮЗХ-ийн хурлаар их хуралд нэр дэвшүүлэгч тодруулдаг шиг хуулийн хугацааг тулгаж байгаад сүүлийн мөчид нэр дэвшихээр сонгогдсон гэх хүмүүсийн нэр уншаад тулгасан. Хяналтын тооллого хийе гэхээр саналын хуудсууд байхгүй алга болчихсон байх жишээтэй.

- Гэхдээ нийгмийн зарим сүлжээгээр та бүхнийг УИХ-ын гишүүн Л.Болд нарын МоАН фракцийн даалгавраар бие дааж нэр дэвшсэн, үүнээс болж АН ялагдлаа гэж бичсэн байсан?  

- Харин тийм. Өөрсдийн хийсэн хэргээ УИХ-д Хан-Уул дүүргээс гурав дахиа сонгогдсон Л.Болд гишүүнд тохож, түүнийг буруутай болгох гэж хичээж байгаа нь бодит байдлаас их зөрүүтэй гүтгэлэг л дээ. Манай ХУД-ын Ардчилсан намынхан бүгд мэдэж байгаа. Ер нь тэгээд бид ч гэсэн энэ дүүрэгт сүүлийн 10 гаруй жил улс төр хийж иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2 удаа сонгогдон, намын үүр, хороо удирдаж ажиллаж байгаа хүмүүс байж хэн нэгний үгээр бие даа гэхээр нь даагаад, намынхаа эсрэг яваад байх хүмүүс биш л дээ.

-Тэгвэл энэ бүхний гол буруутан нь хэн бэ?

-Шуудхан хэлэхэд, саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд Хан-Уул дүүрэгт АН ялагдал хүлээсэн нь Д.Батбилэг болон Б.Ариунболд нар болон тэдний ард байгаа "МоАХ", "Шонхор" фракцитай холбоотой.

-Тодорхой ярьж болно биз дээ. Жишээлбэл, тэдний яг ямар буруутай үйл ажиллагаанаас болж олон жил "цэнхэртсэн" Хан-Уул дүүрэгт АН ялагдал хүлээх болсон юм бэ?

- Өнгөрсөн найман жил "цэнхэртэж", 29 суудалтай байсан Хан-Уул дүүргийн АН-ыг 15 болтол нь унагасан явдал нь намын удирдлагуудын хариуцлагагүй байдал юм. Хувь хүний эрх ашгаа бодож, нийтийн эрх ашгийг хөсөр хаясны гай. Ямар ч судалгаа, шинжилгээгүйгээр хэн ч мэдэхгүй нэгнийг нэр дэвшүүлээд тухайн дүүрэгт ажилладаг, хөдөлмөрлөдөг хүнийг нэр дэвшүүлээгүйн хар гай нь гарсан. Гаднаас орж ирсэн хүмүүсийнх нь 80 хувь нь ялагдал хүлээлээ. Гаднаас хэн нэгэн даргын цүнхийг барьдаг, хэн нэгний томилгоогоор ирдэг нөхөд нэр дэвшээд унаж байна гэдэг нь ард түмэн дүнгээ тавьж байна л гэсэн үг. Түүнээс биш АН ажил хийгээгүйдээ ялагдаагүй.

-Нэг үгээр хэлбэл, намын хагарал, талцлаас болж нийтээрээ ялагдал хүлээсэн гэж ойлгож болох уу?

-Тийм шүү дээ. Хоорондоо хэт их талцаж, хэт их хагаралдсны гор. Олон жил дотор нь бугшсан тэрхүү идээ, бээр нь задарсан хэрэг. Үүнээс болж л Хан-Уул дүүргийн АН орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн. Хэдийгээр Хан-Уул дүүргийн АН гэдэг нэр нь байгаа боловч дээр нь Д.Батбилэг, Б.Ариунболд гэх хоёр нөхөрт таалагдаж байж л нэр дэвших нөхцөлийг бий болгосон. Тэд 2008 оноос дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хүнээ ч нэр дэвшүүлээгүй. Тэр ч битгий хэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, орлогч дарга С.Баасандолгор болон бүтэн найман жил хороо, үүрийн даргаар ажилласан хүмүүсийг "МоАХ, Шонхор фракцид байдаггүй" гэх шалтгаанаар нэр дэвшүүлээгүй. Ердөө л энэ. Тэгээд ямар хүмүүсийг нэр дэвшүүлсэн бэ гэхээр Женкогийн дүү Х.Баттуул, Баянголын С.Эрдэнийн хүү Э.Ганболор гэх мэт гаднаас өөрсдийнхөө хүмүүсийг авчирч дэвшүүлсэн шүү дээ.

-Дүүргийн намын удирдлагууд, тэдний ар тал болсон фракцийхан ах дүү, үр хүүхэд, танил талаа дэвшүүлсэн нь алдаа болсон гэдэг дүгнэлт харагдаж байна. Гэтэл дүүрэгтээ танигдсан, намдаа олон жил ажилласан хүмүүс нь шахагдаж гарчихаад өнөөдөр буруутан болоод явж байх нь шударга биш байх?

-Тийм. Тэд бол Б.Ариунболд, Д.Батбилэг хоёрт таалагддагүй л хүмүүс байхгүй юу. Гэтэл тэдний зарим нь бие даан нэр дэвшиж, бүр намаасаа өндөр санал авсан байх жишээний. Ялангуяа Яармагт 12 мандатыг авах боломж бүрэн байлаа. Гэтэл хоёрыг нь бие даалгаж 11 суудлыг авсан. Энэ бол буруу шийдвэр гэдэг нь нотлогдож байна. Дээр нь бие даасан нөхдүүдийн тоо, баримтыг харахад намаас дэвшсэн хүнээсээ илүү саналыг авсан нь харагдаж байна. Үүнээс ямар дүгнэлт хийх вэ гэхээр бие даасан нөхдүүд намаасаа нэр дэвшсэн бол тэр олон саналыг цуглуулахад хангалттай ялах байлаа.

-Хэрэв андуураагүй бол та бүхэн "Хан-Уул дүүргийн АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн"-ийг байгуулж, түүнээсээ нэр дэвшсэн байх аа?

-Үнэн. Түүнээс биш бид хэн нэгний даалгавар, хүсэлтээр нэр дэвшээгүй. Аливаа зүйлд шударга ёс гэж байх ёстой. Үнэний төлөө, шударга хөдөлмөрлөдөг хүнээ нэр дэвшүүлээгүйн гайгаар л ялагдал хүлээлээ шүү дээ. Өмнө нь АН хийж бүтээсэн зүйлтэй, эсвэл хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуусыг нэр дэвшүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр тэр бодлого алдагдсан. АН-д ардчилал гэж байхгүй болчихсон байна.

-АН-ын батлахтай хүн бүр дээр, дооргүй "шинэчлэл" гэж яриад л байдаг. Харамсалтай нь, харагдаж байгаа зүйл алга. Ер нь энэ намд шинэчлэлийн салхийг яаж оруулах хэрэгтэй юм бэ?

-Ганц манай Хан-Уул дүүрэг ч биш АН бүхэлдээ "тархи"-ндаа агаар салхи оруулах цаг нь болсон гэж бодож байна. Толгойноосоо хөл хүртэл шинэчлэгдэх хэрэгтэй. Энэ намд дотоод дүрэм гэж алга. Нэг толгойтой байх нам өнөөдөр 30 толгойтой болчихсон байна. Нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймагт тэд өөр, өөрсдийнхөө вант улсыг байгуулчихсан, байгуулахыг санаархаж байна. Үүнийг шинэчлэх л ёстой. Үүнийг АН-ын мянга, мянган залуус, дэмжигч хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа.


 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    яг үнэн голыг нь олж хэлсэн байна
    2016 оны 11 сарын 17
  • зочин
    үнэн зүйл ярьжээ. намдаа нэр хүндтэй юм хийж бүтээсэн хүмүүсийг дэвшүүлээгүй зөвхөн мөнгөтэй хүмүүсийг л дэвшүүлж ийм байдалд хүрсэн.
    2016 оны 11 сарын 16
  • Зочин
    Ангийн анд үнэхээр шудрага мундаг байна. Энэ эрчээрээ урагшаа амжилт
    2016 оны 11 сарын 16
Сонин хачин