• Эхлэл
  • Г.Уянга:Бид Ерөнхийлөгчийг огцруулна

Г.Уянга:Бид Ерөнхийлөгчийг огцруулна

2016/12/06

Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын асуудлаар сар гаруйн өмнө мэдэгдэл хийж байсан, УИХ-ын гишүүн асан, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга өнөөдөр дахин /2016.12.06/ мэдээлэл хийлээ. Тэрээр өмнө хийсэн хэвлэлийн хурлаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж огцрох ёстой гэж мэдэгдэж байсан бол энэ удаагийн хэвлэлийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг танилцуулав. Түүнийг өмнө хэвлэлийн бага хурал хийсний дараа Г.Уянга намын дарга байхаа больсон, нам төлөөлөх эрхгүй гэсэн хэл ам дэгдсэн. Тэгвэл энэ хурлын үеэр мөн дахин маргаан дэгдлээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр Тусгаар тогтнол Эв Нэгдлийн намы үүсгэн байгуулагч гэх Ц.Баянбилэг “ТТЭНН-ын Удирдах зөвлөлийн дарга, гишүүд нь өнөөдөр ирчихсэн байна. Гэтэл дарга нь, Удирдах зөвлөлийн дарга нь энэ хэвлэлийн хурлын талаар мэдэхгүй өнгөрнө гэсэн нь юу гэсэн үг вэ. Та яагаад намын нэрийн өмнөөс өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлж байгаа юм бэ.

Өнөөдөр Г.Уянга та намын нэрийн өмнөөс ямар нэг улс төрийн байр суурийг илэрхийлэх ёсгүй. Би Улсын дээд шүүхэд гомдлоо гаргасан байгаа. Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх асуудлыг Улсын Дээд шүүх хэлэлцэхгүй” гэсэн заалтыг өнөөдөр зөрчсөн” гэж мэдэгдсэн. 

Тусгаар тогтнол Эв Нэгдлийн намын дарга Г.Уянга 

“Улсын Дээд шүүх хоёр долоо хоногийн өмнө хуралдаж, шийдвэрээ гаргасан. Тэгэхээр энэ шийдвэр ил болмогц би тайлбар тавина гэж бодож байгаа.

Намуудын доторх зодоон бол жижиг зүйл. Намыг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Баянбилэг маань 270 сая төгрөгийн залилангийн хэрэгтэй байсан юм билээ. Би түүнийг нь мэдээгүй.

Гэв гэнэт намын дарга болсноос хойш долоо хоногийн дараа баригдаад явсан. Ийм зовлонтой асуудал байгаа. Энэ бүхэн хуулийн дагуу шийдэгдэх байх. Улсын дээд шүүхийн хурлаар намайг албан ёсны дарга хэвээр байгаа гэсэн шийдвэр гаргасан” гэв.

Ц.Баянбилэг намайг хилс хэргээр баривчлагдаад байхад, намын даргын  итгэмжлэхээ өгчих, тэгвэл бид шоронгоос гаргаад өгье гэж намыг минь надаас авсан. Сонгуулийн үеэр "Энэ муу намаа аваарай" ч гэж байсан. Харин гэтэл одоо Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр нам хэрэг болж гэж ярьсан юм. Ц.Баянбилэг өнгөрсөн аравдугаар сард намын их хурлаар Г.Уянгыг огцруулсан гээд намын даргыг солих хүсэлт гаргасан ч Дээд шүүх түүнийг нь хүлээн аваагүй юм. 

 

Дараах үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах ёстой гэж үзжээ. Үүнд :

1. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон. Монгол улсын төсвийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийг хууль бусаар хувьд шилжүүлснийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илтэд хаацайлж байгаагаараа Ерөнхийлөгч зохион байгуулагч гэдгээ баталж байна. Ерөнхийлөгч хэлэхдээ “Эрдэнэтийн хувьчлал гэж хүмүүс яриад байна. Гадны улс орон, аж ахуйн нэгжид байсан 49 хувийг Монголын аж ахуйн нэгжид ирсэн. Тэгэхээр нэр томъёоны хувьд хувьчлал биш. Хэрвээ хувьчлал байсан бол УИХ-аар оруулах хуультай гэж мэдэгдэж байсан. хэрэв Монголын болон Оросын талын аль ч нь хувьчлал явуулаагүй, харин зүгээр л худалдан авалт хийсэн байхад яагаад Эрдэнэтийн 49 хувь ганцхан компанийн хувийн өмч болов оо гэдгийг Ерөнхийлөгч тайлбарлалгүй, зөвхөн нэр томъёоны асуудал гэж нэрлэж байгаа нь ихээхэн ноцтой гэж үзэж байна.

2. Монгол улсад үлэмж хэмжээний татвар төлөлгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчөн өршөөж, улсын үлэмжхэн хэмжээний хохирол учруулсан. Жастан Капла нарын 35 тэрбум төгрөгийн шүүхээр тогтоосон хохирлыг барагдуулаагүй байхад өршөөл үзүүлж нутагт нь буцаасан. Монголын төрийг дээрэлхэж, луйвардсан хүмүүст уучлалт үзүүлсэн Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгож улмаар Монгол улсын ерөнхийлөгчийн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэх хоёр асуудлыг ТТЭН-аас миний бие УИХ-ын гишүүн байхдаа УИХ-аар оруулсан. Гэвч Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.

3. Рио Тинто копаниас байр авсан нь авлигын шинжтэй байна.2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгой компанитай гэрээ хийж “Breu House” хотхоноос долоон тоот байрыг 36 сая 396 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авсан байна.

4.2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг ТББ зориулж 3 сая хүртэлх ам.доллар цуглуулах хандивын аяныг АНУ-д зохион байгуулсан. Энэ бол илт тодорхой авлига байж болох талтай.

5.Өөрийн найз Роберт Пэйнтэрд Монголын мөнгийг зувчуулсан байж болзошгүй. Оюу толгой компанид зөвлөгөө авахаар төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, энэ мөнгөний тодорхой хувийг шилжүүлсэн нь найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн байна. Ерөнхийлөгч Тренозавр Батаарын ясыг Монголд авчирахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Роберт Пэйнтэрийг Монгол төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор шагнаж байлаа. Мөн 17 тэрбум төгрөгийн үнэтэй зөвөлгөө авахдаа зөвөлгөө өгдөг гадаадын компаниудын дунд нээлттэй тендэр зарлах ёстой байтал тэгэлгүй Монголын тал мөнгөө шууд шилжүүлсэн байгаа юм. Оюутолгойг олон улсын хэмжээний мега төсөл гэж ярьчихаад зөвөлгөө авахаар болохоороо яагаад хоёрхон хүнтэй эрүүл мэндийн үйлчилгээ болон гэрээслэл хийж өгдөг жижигхэн компанийг, ингэхдээ Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн найзын компанийг сонгосныг АТГ болон зохих байгууллагууд нь шалгах ёстой гэж үзэж байна.

6. Санхүү эдийн засгийн хүндрэлээ тооцолгүй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулснаар, эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд дааж давахгүй дарамт учрууллаа. 2014 оны 10 дугаар сард Италийн Мелан хотноо Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын уулзалтыг Монголд хийх амлалт өгснөөр Монгол улсад дааж давшгүй их дарамт учруулж, эдийн засгийг туйлдуулахад томоохон хувь нэмэр орууллаа. Эдийн засгийн бодит бололцоо, нөхцөл байдлыг харгалзалгүй, зөвшөлцөлгүй дангаар ийнхүү зарласан энэ үйлдлийн төлөөсөнд 600 илүү тэрбум төгрөгийн бодит зардал гарсан нь эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөл байдалд томоохон бодитой дарамт боллоо.

7. “Байнга төвийг сахих бодлого”-ыг баримтална хэмээн дэлхий нийтэд дур мэдэн зарлаж Монгол улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-тай зөвшөлцөлгүй байнга төвийг сахих статус гэгчийг дэлхий нийтэд шууд зарлаж, үүнийг хуульчлан батлуулах оролдлого хийсэн нь өнөөг хүртэл тогтвортой цэгцтэй, аль ч нам засгийн эрхэнд гарсан хэлтийлгээгүй гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан.

8. Монгол улсыг нэгдмэл биш, “холбооны улс” болгох оролдлогыг тасралтгүй хийж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн шууд ардчилал  тогтоох, орон нутагт эрх мэдэл шилжүүлэх гэх мэт яриа оролдлогууд Монгол улсын төрт ёсонд илтэд харшилж, Монгол улс нэгдмэл биш, бие даасан аймгуудын холбоо болох хандлага болж хувираад байна. Энэ нөхцөл байдлыг феодалын бутралын үетэй зүйрлэж болохоор байна. Нийслэл, аймгууд гадаадад бие төлөөлөгчөө суулгахаас эхлээд аймгийн дарга нар, эхнэрийн хамт прад хүлээж авдаг сумдад есөн хөлт цагаан туг залахыг гайхахаа больж дасч эхэлсэн байна. Монгол улсын хуульд Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэж заасан байдаг.

9.“Давхар дээл”-ийг анх бий болгосон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллах байх үедээ анх удаа давхар дээлийг санаачилж, өөрөө гардан хэрэгжүүлсэн. Энэ нь бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн үйл явдал байсан юм. 1998.01.05-нд УИХ-ын гишүүний эрхзүйн байдлын тухай хууль баталж, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүнээр ажиллаж болохыг хуульчилсан. Ингэснээр Монгол улсын түүхэнд анх удаа Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар бүхэлдээ УИХ-ын гишүүдээс 100 хувь бүрдэх болсон юм.

10. Ухаалаг төр гэгчээр төрийг өмчгүй болгож хүчгүй болгох бодитой алхам хийсэн. 2013 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж “Ухаалаг төр” гэдэг хэлцийг улс төрийн эргэлтэнд оруулсан юм. Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг ёсоор ухаалаг төрийн агуулга нь нийслэлийн өмчийн Хангарьд ордонг түр түрээслэх нөхцөлтэйгээр хувьчлах, Хангарьд ордонг түр түрээслэх нэрээр төрийн өмчийн худалдаа наймааг үргэлжлүүлж, үүний улмаас Монголын төрийн байгууллагууд бэлэн байшингаа хувьчлан оронд нь шинээр түрээсийн байшин хайх инээдэмтэй байдалд орсон юм.

11. Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7.7.1-д Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна гэж заасан. Гэтэл найман жил Ерөнхийлөгч хийх хугацаанд нэг л удаа хуулийн дагуу  үйл ажиллагааныхаа тайланг тавьсан нь Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 заалтыг тус тус зөрчсөн байна.

12. Монгол улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдоогүй эрхийг эдлэж Гадаад хэргийн яам, ТЕГ, АТГ болон хуулийн байгууллагын бусад томилгоог Засгийн газраас булаан авсан. Ингэснээр Ч.Сайханбилэгийн болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын кабинетийн чадавхийг бууруулж, Засгийн газрын үйл ажиллагаанд дур мэдэн оролцож, эрх мэдлийн хувиарлалтыг алдагдуулж, өөртөө төвлөрүүлэх дур зоргын санаархлаа зогсоохгүй байна гэж үзэж байна.  

Эдгээр үндэслэлүүдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин