• Эхлэл
  • Оффшорын хуулийг буцаах саналыг дэмжив

Оффшорын хуулийг буцаах саналыг дэмжив

2016/12/06

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нар хуулийн төслийг энэ байдлаар нь цааш явуулах боломжгүй тул Засгийн газар төслөө татаж аваад дахин боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Наад зах нь гадаадад данс нээх бус оффшор бүс гэдгийг тодорхой болгох, төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүд, хамаатан садан оффшор бүсэд данстай байж болох эсэх, аж ахуйн нэгжүүд офшор бүсэд данстай байвал ямар нөхцөлд ил тод болгох асуудлыг өмнөх хуралдаанаар ярилцсан ч энэ удаа ахиц дэвшил гараагүй байна. Хуулийн төсөл тодорхой бус хэвээрээ байна гэж байлаа.

Иймд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан уг хуулийн төслийг Засгийн газарт буцаах горимын саналыг гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн учир байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Сануулахад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцсэн ч хуулийн төслийг сайжруулах шаардлагатай үзэн ажлын хэсэгт буцаасан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин