• Эхлэл
  • Торгууд Монголын удирдагч Сэнчин Гэгээн Түвдэнцэрэнцэмбэлийн тухай

Торгууд Монголын удирдагч Сэнчин Гэгээн Түвдэнцэрэнцэмбэлийн тухай

2016/12/07

Торгууд Монголын удирдагч Сэнчин Гэгээн Түвдэнцэрэнцэмбэлийн (1884-1932) тухай

Өнөөдрийн БНХАУ-ын Шинжаан буюу Шинэ хязгаар нь Ойрад Монголчуудын байгуулсан Зүүнгар хэмээх тусдаа улсын газар нутаг бөгөөд тэнд өнөөгийн байдлаар 180 гаруй мянган Ойрад Монголчууд амьдарч байна.

Энэ монголчуудаас олон дэвшилтэт үзэлт ойрад Монголчууд төрөн гарч байсан бөгөөд эдгээрээс 1920-1930 оны эхэн үеийн хятадын улс төрийн бужигнаантай, түрэг муслимууд бослого үймээн самуун гаргаж байсан хүнд хэцүү цаг үед амьдарч байсан Торгуудын Убаши ханы 8-р үеийн ач хүү, Гэгээн хутагтын 5-р дүр Сэнчин Гэгээн Түвдэнцэрэнцэмбэлийн тухай энэ постоор оруулья.

Энэ хүний тухай манай түүхчид, түүх сонирхогчид төдийлэн сайн мэддэггүй бөгөөд би ч бас судалгаа хийж байгаад олж мэдсэн. Шинжааны түүхийн талаар Англи хэл дээр гарсан ном, эх сурвалжууд дээр түүний нэрийг Цэцэн Гэгээн Пунцаг (Tsetsen Gegeen Puntsag) гэж дурдсан байдаг нь сонирхолтой юм.

Сэнчин гэгээн нь шинэчлэгч, цаг үеийн байдлыг соргогоор мэдэрдэг Удирдагч байжээ. Тэрбээр Торгуудын өөрийгөө хамгаалах Морьт цэргийг анх байгуулж, Оросоос зугтаж ирсэн Даш хэмээх хальмаг хүнийг цэргийн сургагч болгон ажиллуулж байжээ.Мөн Сүм хийдийн байранд сургууль байгуулж, лам нарыг хар болгон сургуульд суулгаж байсан. Анхны гурилын үйлдвэр, арьс ширний үйлдвэр байгуулж байжээ.

Сэнчин гэгээн Европын соёл иргэншил, үйлдвэржилтийг ихэд сонирхдог байсан бөгөөд магадгүй өнөөгийн бидний 3дахь хөршийг хайж байгаатай адилаар, хятад, оросын нөлөөнөөс давж харахыг хичээж байсан бололтой. Данийн антропологч, адал явдал эрэлхийлэгч Хеннинг Хаслунд Торгуудууд дээр очиж, хэрхэн Шүтээнийг нь авсан тухай Судлаач Ганхуяг гуай бичсэн байдаг.
(Энэ линкээс үзнэ үү-https://ganaa.mn/2014/09/24/skkguiapaja/)

1930-аад оны эхэн үеийн Шинжаан бол үнэхээрийн үймээн самуунтай цаг үеийг туулж байжээ. ЗХУ-ын Улаан Армид ялагдаж зугтаж орж ирсэн Цагаантан оросууд, Басмачийн дээрэмчид, Афганистаны Мулла нар, Узбек, Хотонгууд, дээрэм тонуул хийгч Казах, Киргиз овог аймгууд, Исламын улсыг байгуулахыг зорьж байсан Хятадын Хань үндэстний Муслимууд буюу Дунгаанууд, зэвсэг, сум хэрэглэл нийлүүлж байсан Англичууд зэрэг өөр, өөрийн ашиг сонирхолтой олон тус тусдаа бүлэглэлүүд тэнд байлаа.

Торгууд Монголчуудын тоо цөөхөн учраас нөхцөл байдалд нөлөөлөх боломжгүй тул, хятадын Бүгд найрамдах улсын талыг барьсан мужийн хятад захирагчид захирагдаж байв.

Хами хот буюу Кумул хотод Хятадын Дунгаан нар Бүгд найрамдахчуудын цэрэгтэй байлдаж,бүслэгдсэн байлаа. Мужийн Захирагч Чин Шү-Рен, Сэнчин Гэгээнийг Торгууд цэргүүдтэйгээ хамт Хами руу дайрахыг тушааж, мөн Хятад офицерүүдийг Торгууд Морин цэргийн шууд удирдлаганд тавихыг оролдсон боловч, энэ тушаалыг биелүүлээгүй байдаг. Мөн Сэнчин Гэгээнийг Хар Шаар дахь өөрийн өргөөндөө байх үед нь хороох гэж байсан хуйвалдаан Гэгээнтний ойрын хүрээлээс илэрч, холбогдсон цэргүүд Өрөмч рүү зугтсан байна. Гэгээнтэн Мужийн хятад захирагчыг энэ хуйвалдаантай холбоотойгоор сэжиглэж байв. Өрөмчид зугтаж очсон хуйвалдагчдыг Хятад захирагч шилжүүлж өгөөгүй байна.

1932 оны 5-р сард Мужийн захирагч Дунгаануудын эсрэг дайнд нь туслаагүй Сэнчин гэгээнээс өшөөгөө авахаар шийдэж, Үрэмч хотод хүрэлцэн ирэхийг урьжээ. Өөрийг нь эсрэг гарсан хуйвалдааныг мөрдөн шалгаж байгаа ажилтай ирж танилцана уу гэж түүнд хэлсэн байна.5-р сарын 21-нд Сэнчин гэгээн өөрийн хоёр торгууд туслах офицер болон Торгууд аймгийн угсаа залгах ханхүүтай хамт Мужийн захирагчын өргөөнд ирж албан ёсны цайллаганд оржээ.

Кашгар дахь Английн Дэд Консул Р.П.Уоттсын дурсамжаас:

“Цай ууж сууж байсан Гэгээнтэн болон хоёр офицерийг гадаа хашаанд гаргаж байгаад цаазалсан.Хятадын заншил ёсоор, цаазлах үед гэгээнтний өндөр албан тушаалыг тооцон авч үзсэн байна. Газар улаан хивс дэвсэж, гэгээнтнийг суулгажээ. Улмаар мужийн захирагчын цаазын ял гүйцэтгэгчдийн нэг, ар талаас нь гэгээнтний толгой руу буудан цаазалжээ. Нөгөө хоёр бага тушаалын туслах офицерүүдийн хувьд ингэж улаан хивсэн дээр цаазлуулах өндөр цол хэргэмгүй байсан тул шууд буудан цаазалсан.”

Харин Торгууд аймгийн ирээдүйн захирагч ханхүүг Хар Шаар руу буцаж явахыг зөвшөөрчээ.

Эх сурвалж: Сайнжаргалын Гантуяа 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ШИНЭ ОН
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 12 сарын 08
  • Зочин
    Яасан ч хатуу юм бэ.Хүний эрхэнд байхын зовлон
    2016 оны 12 сарын 07
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 12 сарын 07
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 12 сарын 07
Сонин хачин