• Эхлэл
  • Хөгжлийн банкны асуудлаар АН дүгнэлт гаргав 

Хөгжлийн банкны асуудлаар АН дүгнэлт гаргав 

2016/12/14

УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг сонслоо.

Хөгжлийн банк2011-2016 онд 5.5 их наяд төгрөгийн зээлийг гурван бүлэг болгон аж ахуйн нэгжүүдэд зээлдүүлсэн байна. Тодруулбал, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 3.2 их наядыг, Хөгжлийн банкнаас 1.5 их наядыг, арилжааны банкаар дамжуулан 1.2 их наяд төгрөгийг тус бүр гаргажээ.

Үүнээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгосон зээлийн 1 их наяд төгрөгийн зээлийн хугацааг сунгасан байна. Нийт 370 нэгжид энэ төрлөөр зээл олгосноос 93-ынх нь зээлийн хугацааг сунгажээ. Гэрээгээр эдгээр зээлдэгчид 2016 оноос эхлэн зээлийн хүүгийн төлбөрийг хийх ёстой байсан ч төлөөгүй учраас хугацааг нь сунгасан байсан аж. Ажлын хэсгийн шалгалтын дүнгээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн эрсдэл бага байна гэж гарчээ. Энэ нь гэрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн эрсдлийг арилжааны банк хариуцна гэж заасантай холбоотой гэнэ.

Гэхдээ Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотойгоор үүсч болох эрсдэл нь эргэн төлөлт хийгдэхгүй тохиолдолд алдагдалд орох эрсдэл нэмэгдэх аж. Үүнд ам.долларын төгрөгтэй харилцах ханш ч нөлөөлж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс уг шалгалтын талаар дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэе. 

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛТАЙ ТАНИЛЦААД УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН  БҮЛГЭЭС ГАРГАСАН ДҮГНЭЛТ

Монгол Улсын Их Хурал 2011 онд “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хууль баталж, Монгол Улсыг өрсөлдөх чадвар сайтай, өндөр хөгжилтэй, хүчтэй эдийн засаг бүхий улс болгох зорилготой, Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй Хөгжлийн банкийг   байгуулсан билээ. Энэ хувилбарыг Монголчууд бид бодож олоогүй бөгөөд  дэлхийн  олон улс оронд хэрэгжиж , тодорхой үр дүнд хүрсэн тогтолцоо юм. 

Ардчилсан намын Засгийн газар 2012 оноос дэлхийн зах зээл дээрх эрдэс, түүхий эдийн үнийн уналтаас болж Монгол Улсын эдийн засагт бий болсон хүндрэл, хямралыг даван туулахын тулд  “Чингис” бондоор 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондоор 300 сая ам.долларыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон. Энэ бондоор эдийн засгийн уналтыг тогтоон барьж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг хадгалж өргөтгөх, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто зам зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлж  хэрэгжүүлсэн.

Гэвч МАН “Чингис” бондыг үгүйсгэх, улмаар их бүтээн байгуулалтыг зогсоох, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч тэднийг  төөрөгдүүлэн "тархи угаах" үйл ажиллагааг тасралтгүй явуулж улмаар төрийн эрх мэдлийг авмагцаа Засгийн газрын тогтоолоор ажлын хэсэг байгуулж Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийжээ. Харамсалтай нь энэ ажлын хэсэг эдийн засгийн дүн шинжилгээ хийж, мэргэжлийн дүгнэлт гаргахын оронд өнөөдөр үүсээд буй эдийн засаг санхүүгийн хүндрэлийг эргэн төлөлт нь хийгдэх болоогүй, 2022 болон 2023 онд үндсэн хэсэг нь төлөгдөх хуваарьтай “Чингис”, “Самурай” бондтой холбох гэж оролдсон нь илт байна.

Нөгөө талаар Хөгжлийн банк нь санхүүгийн тайлан бүртгэлээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг баримтлан үйлдэж, хагас жил тутам нэр хүнд бүхий олон улсын байгууллагаар аудит хийлгэж баталгаажуулж иржээ. Гэтэл Засгийн газрын ажлын хэсэг олон улсын тогтсон стандартаас гажсан санхүүгийн тохируулгуудыг хийсэн нь дотоодын санхүүгийн тогтолцооны дөрөвний нэгийг бүрдүүлдэг хамгийн том банк болох Хөгжлийн банкийг шууд төлбөрийн чадваргүй болгосон мэт харагдуулах, сүүлийн хугацаанд босгосон бондын эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө татуулах зэрэг санхүүгийн системд гэнэтийн хүчтэй шок үүсгэх, эдийн засгийн асар том эрсдэлийг бий болгохоор байна. Энэ нь жоомоо алах гээд байшингаа шатаах гэгчийн үлгэр болох гэж байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын бүлэгт сэрэмжлүүлэн сануулж байна. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтын материалтай танилцаад дараах дүгнэлтийг гаргаж байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 36 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн “Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалт” нэртэй материал нь төрийн хууль тогтоомжийн дагуу хийгдэж, ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тоо баримт, дүгнэлт нь зөрчилтэй байгаа  учраас УИХ-ын бүтцийн ямар ч байгууллага  ажлын хэсгийн дүгнэлт гэж  хэлэлцэх боломжгүй гэж үзлээ.

Хоёрдугаарт, Энэхүү ажлын хэсгээс ирүүлсэн материал нь улс төрийн зорилго агуулсан, хэтэрхий нэг талыг барьж мэргэжлийн бус дүгнэлт өгөхийг оролдсон учраас зохих журмын дагуу дүгнэлтийг дахин боловсруулж, УИХ-ын бүтцийн байгууллагаар  хэлэлцэх үед тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлага, холбогдох яамны удирдлагуудыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, Албажаагүй, эцсийн байдлаар Улсын Их Хурал, эрх бүхий байгууллага авч хэлэлцээгүй шалгалтын “дүгнэлт” нэртэй материалыг олон нийтийн сүлжээнд ил гаргаж, харилцагч аж ахуйн нэгжийн бизнесийн нууцлал, хувь хүмүүсийн нэр хүндэд халдсан үйлдлийг гаргасан ажлын хэсгийнхэн энэ үйлдэлдээ баялаг бүтээгчдээс уучлалт гуйхыг шаардаж байна. 

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин