• Эхлэл
  • Халх голд хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгоно

Халх голд хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгоно

2016/12/15

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2016.12.14/ болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд,

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Цэргийн албан хаагч урд нь иргэний байгууллагад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийн хугацааг зургаан сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг нь нэмэгдүүлэн тооцох зохицуулалтыг 2010 онд холбогдох хуулинд тусгасан.

Ингэхдээ алба хаагч эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсний дараа энгийнээр ажиллаж шимтгэл төлсөн хугацаагаа цэргийн алба хааснаар тооцуулж, тэтгэврээ нэмэгдүүлэн тогтоолгохоор  ойлгогдож байсан юм. Энэ нь цэргийн алба хаагч болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын хооронд маргаан үүсгэж, хуулийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар нэгдсэн ойлголтод хүрч чадалгүй, тэтгэвэр тогтоолгох, тэтгэврээ өөрчлөн тогтоолгоход цаг хугацаа алдаж, хүндрэл чирэгдэл үүсгэж байгаа учир хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.

Эрэгтэй 25, эмэгтэй 20 жил алба хаасан бол цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд тэтгэврийг илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс 1.5 хувиар бодож нэмэгдүүлж байгаа. Харин илүү ажилласан сарын нэмэгдлийг ямар хувь хэмжээгээр тооцох талаар тодорхой зохицуулалт алга байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2015 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс … бодож тогтооно” гэсэн заалт орсон ч үүнд цэргийн тэтгэвэр авагч хамаарахгүй байгааг өөрчлөх шаардлагатай болсон байна.

Мөн цэргийн алба хаагч тухайн ажиллаж байсан байгууллагаасаа халагдсанаас хойш ажил эрхлээгүй, энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдах, нас барсан тохиолдолд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Бразил, Индонезид суугаа Элчин сайдын яамыг татан буулгаж, Шанхайд Консулын газар нээнэ

Манай улсын иргэд цөөн тоогоор оршин суудаг, хоёр талын улс төр, хүмүүнлэгийн харилцаа сул, төрийн зарим үйлчилгээг цахим сүлжээгээр явуулах боломжтой тул Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа  Элчин сайдын яам, Бүгд найрамдах Индонези Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг татан буулгах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Монгол Улсын 27 иргэн Бразилд, 25 иргэн Индонези Улсад байнга оршин суудаг. Хамгийн сүүлийн статистик мэдээнээс харвал манай улс Бразил Улстай 2 мянга гаруй, Индонези Улстай 12 мянган ам.доллартай тэнцэх худалдаа хийдэг байна.  БНХАУ-д Монгол Улсын дипломат  төлөөлөгчийн дөрвөн газар ажиллаж байгаа тул тэдгээрээс Хайлаарын асуудлыг шийдэх, Осака хотод суугаа Ерөнхий консулын үүргийг Токио дахь Элчин сайдын яамнаас хариуцаж болно гэж Засгийн газар үзлээ.

Харин Монгол Улсын хүн ам олноор оршин суудаг, ажиллаж суралцдаг байдлыг харгалзан БНХАУ-ын Шанхай хотод Консулын газар шинээр нээж, Киргизийн Бишкек дэх Консулын газраа Элчин сайдын яам болгох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Дипломат албаны томилолтын хугацааг 4 жил болгоно

Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжиж хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд,

- Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн  газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах,

- Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгох,

- Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат албаныхны цалин хөлсийг 3 жил тутамд Засийн газраас шиинэчлэн тогтоож байх, хүүхдийнх нь цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтооны 45 жилийн ойг 2017 онд тэмдэглэхээр болов. Ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны даргаар Гадаад харилцааны сайдыг томилж бүрэлдэхүүнийг нь батлав.

Ойн хүрээнд шуудангийн марк хэвлүүлэх, лого тэмдэг гаргах, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх, Япон орны тухай зохион бичлэг, илтгэлийн уралдаан зарлах зэрэг 40 орчим арга хэмжээ хийхээр төлөвлөөд байна.

Бүтэн жилийн турш зохион байгуулах эдгээр арга хэмжээ нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж Засгийн газар үзлээ. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2017 оны 02 дугаар сарын 24-нд тохиох юм.

Зарим суманд гал унтраах аврах анги шинээр байгуулна

Ой, хээр, обьектын түймэр их гардаг, мөн хүн ам, аж ахуйн нэгжийн тоо олон, гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулахаар шийдвэрлэв. Бэлтгэл ажлыг 2017 онд хангаж 2018 оноос ажлыг нь эхлүүлэхээр боллоо.

Халх голд хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгоно

“Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс”-ийн талаар авах зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Бүсийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд, байгаль орчинд ээлтэй, экспортын баримжаатай, эрчимжсэн ХАА-н бүс хэлбэрээр хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Мөн “Халх гол бүтээн байгуулалтын бүс”-д хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгохыг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо. 

Эх сурвалж: Zasag.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин