• Эхлэл
  • БНСУ-д зөрчигдсөн эрхээ үнэ төлбөргүй сэргээлгэж болно

БНСУ-д зөрчигдсөн эрхээ үнэ төлбөргүй сэргээлгэж болно

2016/12/16

БНСУ-д амьдарч буй Монголчуудын хөдөлмөрийн эрхийг хамгаалан ажилладаг хуульч И Гуан Сү болон Монгол дахь “Түдэй Лоонж” компани хамтран /2016.12.16/ хэвлэлийн бага хурал хийлээ.

“Дэе Юу” хөдөлмөрийн хуулийн фирм нь БНСУ-д ажиллаж буй гадаадын иргэдийн хөдөлмөрийн эрх ашгийг хамгаалж, жилдээ 300 гаруй хүний асуудлыг шийдвэрлэдэг байна. Тус хуулийн фирмээс Монголын “Түдэй Лоонж” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж.

Монгол дахь “Түдэй Лоонж” компанийн дэд захирал Б.Ариунболд “БНСУ-д 30-40 орчим мянган Монгол иргэд хууль ёсоор болон хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд хөдөлмөр эрхэлдэг.

Гэхдээ тус улсын хөдөлмөрийн тухай хууль сайн мэдэхгүйгээсээ болоод цалингаа авч чадахгүй байх, гэнэтийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдах, хууль бусаар ажлаасаа халагдах, 13 дахь сарын тэтгэмжээ авч чадахгүй байх зэрэг маш олон асуудал тулгарч байдаг.

Тулгарч байгаа энэ асуудлаа хаана хандаж, хэрхэн шийдэхээ мэдэхгүйгээс хохирч үлдэх нь их. Тиймээс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор бид хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээгээр хууль ёсоор болон хууль бусаар амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах боломжтой боллоо” гэв.

“Дэе Юу” хөдөлмөрийн хуулийн фирмийн өмгөөлөгч И Гуан Сү “БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулиар тогтоосон байдаг. Долоо хоногт 40 цаг ажиллавал 2016 оны байдлаар ХХДХ 1,260,000 вон байгаа. Үүнтэй уялдуулаад доод хэмжээндээ хүрэхгүй цалин авч байгаа хүмүүсийн цалингийн зөрүүг авч өгөх, эрхийг нь хамгаалан ажиллана.

Мөн ялгаагүй ажлаас гарсны тэтгэмжийн асуудал байна. БНСУ-д ажиллаж байгаа Монгол ажилчид энэ тэтгэмжийг авч чадаагүй байх тохиолдол их бий.  Хуулиар бол тухайн байгууллагад нэг жилээс дээш ажилласан бол нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах ёстой.

Энэ мэтчилэн эрх үүрэг нь зөрчигдөж байгаа Монгол ажилчдын эрх үүргийг бид хамгаална. Хуульд зааснаар авч чадаагүй цалин болон ажлаас гарсны тэтгэмжийг нэхэмжлэх хугацаа нь 3 жил байдаг. Мөн энэ хугацаанд гэнэтийн осол гэмтлийн хохирлыг нэхэмжлэх ёстой” гэв.

БНСУ-д ажиллахдаа эрх нь зөрчигдсөн иргэд дээрх хоёр компанид хандаж үнэ төлбөргүй зөвлөгөө авч, хуулийн дагуу шийдвэрлүүлэх юм байна. Монгол дахь иргэд “Түдэй Лоонж” компанийн /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, “Монгол ньюс” бьюлдинг дөрвөн давхарт/ 93399939 утасны дугаарт хандаж болох аж.

Харин БНСУ-д байгаа, одоо ажиллаж буй иргэд “Тэюу” компанийн (+82)-2-3423-8020 болон хөдөлмөрийн харилцааны өмгөөлөгчийн (+82)-10-2225-0555 дугаарын утсаар холбогдож болох юм байна.

Ч.Болор


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин