• Эхлэл
  • 200 сая төгрөгөө тушаасан нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

200 сая төгрөгөө тушаасан нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

2016/12/19

Ардчилсан намын даргын сунгаа олон нийтийн анхаарлын төвд байгаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6,7-нд болсон намынхаа их хурлаар тус намын даргад намын гишүүн хэн боловч нэрээ дэвшүүлэх эрхтэй гэж зарласан. Харин дараа нь сунгааны зардлыг нэр дэвшигчид хувааж гаргах бөгөөд нэг хүнд 250 сая төгрөг ногдож байгаа гэсэн мэдээлэл шуугиан тарьж байсан билээ. Энэхүү шуугианыг анх намын даргад нэр дэвшүүлэхээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан дэгдээж, 250 сая төгрөг төлөх боломжгүй гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгдэж байсан бол хэд хоногийн өмнө нэр дэвшинэ гэж мэдэгдсэн. Анх сунгаанд найман хүн нэр дэвшүүлнэ гэж байсан ч УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нэрээ татаж, залуу эдийн засагч М.Чимэддорж мөнгөө төлж чадаагүй учир түүнийг бүртгээгүй байна. Үүний өмнө мөн Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан сунгаанд оролцохгүй болсноо мэдэгдсэн. Харин өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн мэдэгдэл хийсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяаг өнгөрсөн баасан гаригт намын даргын сунгаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн.

Ингээд өнөөдөр 11.00 цагт АН-ын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах ажиллагаа “Blue Sky” зочид буудалд болж, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Лу.Гантөмөр нар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Нэр дэвшигчид тус бүрдээ 200 сая төгрөгийн хураамж төлсөн бөгөөд явцын дунд мөн 40 сая төгрөг нэмж төлөх юм байна.

Ийн хэрүүл маргааны бай болоод байсан намын даргад өрсөлдөгчдийн нэрс албан ёсоор тодорхой боллоо. Сунгаа нэгдүгээр сарын 29 хүртэл явагдаж, намын нийт 200 мянга орчим гишүүнээс санал аван ялагчийг тодруулж, намын их хурлаараа баталгаажуулна.

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг намын дарга З.Энхболд гардуулаад:

-АН-ын даргын сунгаа манай намын түүхэнд сайн, муугаар бичигдсэн байдаг. Үүнийг манай таван нэр дэвшигчид сайнаар авч явах байх. Намын даргын сунгаа бол дүрмийн дагуу явж байгаа. Энэ дүрэмд хэн нэгнийг намд байсан хугацаагаар нь ялгаагүй. Бид хөгшин байна чамайг оруулахгүй гэж хэлээгүй. Сунгаанд оролцуулсангүй гэж сошиалд гомдоллохоо боль. Намын даргад нэр дэвших бүх гишүүдэд нээлттэй байсан. Сонгууль явуулахад зардал гарах нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 10-15 тэрбум төгрөг зарцуулагддаг. Бид байдаг бүх зардлаа хасаад энэ удаад 1,5-2 тэрбум төгрөг багтаахаар төлөвлөсөн. Үүнийг иргэд ойлгож байгаа. Нэр дэвшиж буй таван эрхэмдээ амжилт хүсье" гэлээ. Басхүү эрх баригч хүчнийхэнд хандан “МАН-ынхан манай намын даргын асуудал болон шинэчлэлд их санаа зовж буй бололтой. Нам доторх асуудлаас та нар хол бай гэж хэлмээр байна” гэсэн үг чулуудаж амжив. 

Ийн Ардчилсан намын даргад өрсөлдөгч таван кандитат энэ сарын 22-ноос сурталчилгаагаа эхлүүлэхээр боллоо. Ёслолын үеэр нэр дэвшигчдэд эв нэгдлийг бэлгэдсэн таван сум гардуулан өглөө.  

Дашрамд намын даргын нэр дэвшигчийг тодруулах сунгаанаас өмнө тус нам даргаа нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг энэ сарын 12-ноос хийж эхлээд байгаа аж. Намын даргын сонгуульд саналын эрхтэй бүх гишүүд буюу жилийн татвараа намдаа төлсөн гишүүд оролцох юм байна. Ардчилсан намын гишүүний татвар жилийн 12 мянган төгрөг байдаг бөгөөд энэ мөнгөө ХААН банк, АН-ын 5028701420 тоот дансанд тушаасан байх ёстой аж.

Шинэчилсэн бүртгэл хамрагдах иргэд

Маягтын дагуу бөглөсөн өргөдөл

Иргэний үнэмлэх

Намын батлах

4х3 хэмжээтэй цээж зураг 2 хувийг  бүрдүүлсэн байх ёстой аж.

Орон нутгаас болон хот дотор шилжилт хийсэн намын гишүүн нэг сарын дотор харьяа намын хороондоо бүртгүүлэх ёстой аж. Намын  гишүүний шинэчилсэн бүртгэл болон, татвар төлөлтийн талаарх мэдээллийг 2017 оны 1-р сарын 6-ны өдөр хүртэл орон даяар авах юм байна.  Сум хорооны үүрүүдээс ирүүлсэн баталгаажсан гишүүдийн бүртгэлийн материалыг аймаг, дүүргийн намын Хэрэг эрхлэх газар 2017 оны 1-р сарын 8-ны дотор төв намд ирүүлэхээр заажээ. Ингээд намын даргыг сонгох санал эрхтэй гишүүдийн нэрсийн жагсаалтыг 2017 оны нэгдүгээр сарын 29-ноос өмнө тус намын Хэрэг эрхлэх газар гаргах юм байна.

А.Ану

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин