• Эхлэл
  • С.Баярцогтын араас олон хүний хэрэг илэрнэ гэв

С.Баярцогтын араас олон хүний хэрэг илэрнэ гэв

2016/12/19

Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны хуульч Ц.Туяацэцэг, “Цэнхэр үст” Цэрэн гэж алдаршсан Э.Цэрэндолгор нар УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор бүс дэх данстай холбоотой мэдээллийг Швейцарьт очин эрэн сурвалжилж байгаа мэдээлэл сошиалаар түгж байсан. Тэгвэл өнөөдөр Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос хэвлэлийн бага хурал зарлан энэ талаар хэвлэлийн  өглөө.

Тус байгууллагын хуульч Ц.Туяацэцэг  “С.Баярцогтын оффшор дансанд 2009 оны аравдугаар сарын 27-нд 9.2 сая ам.доллар орсон гэсэн баримт бидэнд байна. 2009 оны аравдугаар сарын 7-нд Оюутолгойн гэрээг үзэглэсэн. Тиймээс бид “Оюутолгойгоос эх сурвалжтай мөнгө” хэмээн хардаж, шалгуулж байгаа” гэлээ.

Тодруулбал, “Credit Suisse” банкны “2009 оны аравдугаар сарын 27. Хүндэт С.Баярцогт таны дансанд 9.2 сая ам.доллар орсныг үүгээр баталж байна. Швейцарийн банкны хуулийн дагуу бид өөрийн үйлчлүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах ёстой. Тиймээс та “ANZ” банкнаас шилжүүлсэн 9.2 сая ам.долларын талаарх мэдээллийг гэрээ хэлэлцээрийн хуулбар, нэхэмжлэл зэргийг бидэнд өгнө үү. Таниас авсан мэдээллийг бид бүрэн хадгалах болно” гэж бичсэн баримт байгаа аж.

Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн Ш.Жаргалсайхан "Тус холбооныхон 2013 оноос хойш оффшор дансны асуудлаар үндэсний хуулийн байгууллагад олон удаа хандсан. Гэтэл биднийг хэний санхүүжилт, дэмжлэгээр яваад байна вэ гэдэг байсан. Тиймээс бид олон улсын байгууллагад жилийн өмнө хандсан. Улмаар Швейцарийн прокурорын байгууллагаас төлөөллөө явуулах хүсэлтийг бидэнд ирүүлсэн. Ингээд хуульч Ц.Туяацэцэгийг орчуулагчийн хамт явуулж оффшор данстай холбоотой хүсэлтийнхээ хариулт, баримт нотолгоог авсан" гэлээ.

Мөн тэдэнд өөр баримтууд ч байгаа бөгөөд энэ оны зургадугаар сарын 27-нд Швейцарь улсын Холбооны улсын шүүхэд С.Баярцогтод эрүүгийн хэргийн 305 дугаар зүйлээр /Мөнгө угаасан/ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ирэх нэгдүгээр сараас бусад мэдээллүүдийг үргэлжлүүлэн өгнө гэж тэд мэдэгджээ.

Бас тэд ч энэ С.Баярцогт гэдэг хүний араас олон хүний үйлдэл илэрнэ гэж харж байна. Швейцарийн Улсын яллагч, хуульч өмгөөллийнхөн “Үнэхээр энэ их мөнгөний гэрээ Монголын газар нутагт үйлдэгдэж, Швейцарийн банкинд хөдөлгөөнд орсон тохиолдолд Монголын төрд буцааж олгоно” гэсэн гэж мэдэгдлээ. Мөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул үүнээс илүүг мэдээлэх боломжгүй байна гэж онцлон анхааруулжээ.

А.Ану

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    сайн байна
    2016 оны 12 сарын 20
Сонин хачин