• Эхлэл
  • Шүүх хурал маргааш үргэлжилнэ

Шүүх хурал маргааш үргэлжилнэ

2016/12/21

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр хорих 461 дүгээр ангид эхэлсэн талаар бид мэдээлсэн. Шүүх хурлыг өнгөрсөн долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 14-нд өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу хойшлуулсан. Шүүх хуралдаан хаалттай болж байгаа бөгөөд өнөөдөр 18.00 цаг хүртэл хуралдан, маргааш 10.00 цагт хурлыг үргэлжлүүлэхээр болсон байна. Өмгөөлөгчдийн хүсэлтээр ямар гэрч дуудаж ирүүлсэн нь одоохондоо тодорхойгүй байна. Өмнөх мэдээллээр бол  Г.Чулуунбат, Н.Давааням гэх хоёр иргэнийг гэрчээр оролцуулж байгаа гэсэн юм. хэвлэлийнхний таамаглаж буйгаар хэргийн цорын ганц гэрч гэгдэг С.Зориг агсны гэргий Б.Булганыг оролцуулж магадгүй гэж байсан ч түүнийг шүүх хуралд дуудсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн хотын дарга Э.Бат-Үүлийг ч гэрчээр дуудаж магадгүй гэсэн яриа гарч байсан билээ. Одоо байгаа мэдээллээр бол хохирогчоор УИХ-ын С.Оюун шүүх хуралд оролцож магадгүй гэж байсан боловч тэрээр өнөөдрийн хуралд лав оролцоогүй бололтой. Мөн шүүгдэгчдийн ар гэрийнхний хүсэлтээр ар гэрээс нь нэг, нэг хүн оролцуулж байгаа. Шүүгчдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хилс хэрэгт гүтгэгдэж байна, 25 жилийн ялтай Ц.Амгаланбаатар ял наймаалцахын тулд зохиомол хэрэг гаргаж ирсэн гэж мэдэгдэж байгаа.

Түүнээс гадна Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэгийн малчнаар ажиллаж байсан, хэргийн газраас олдсон үс ДНК-гийн шинжилгээгээр Т.Чимгээгийнхтэй таарч байгаа гэсэн батлагдаагүй мэдээлэл мөн гарч байгаа юм. Өнөөгөөс жил гаруйн өмнө Сэлэнгээс хоёр холбогдогчийг баривчилсан гэсэн мэдээлэл гарсны дараа Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг “Талийгаач аавыг минь хилс хэрэгт хамаатуулахыг оролдож байна” гэсэн мэдээллийг сошиалаар гаргаж байсан юм. Гэвч шүүх хурал хаалттай болж байгаа учраас одоогоор баталгаатай мэдээлэл гараагүй байна. Шүүхийн журмын дагуу гэрч нарыг нууцлах ёстой байдаг . Ийн олны анхаарлыг татсан шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжлэх нь. 18 жилийн турш шалгагдаж байгаа, хавтаст хэргийн материалууд улсын нууцад бүртгэгдсэн гэх энэ хэргийн шүүх хурал хоёроор тогтохгүй өдөр үргэлжлэх магадлалтай. Эсвэл хэргийн мөрдөн байцаалтад буцааж магадгүй гэсэн таамаглал ч бас байгаа юм. Өнөөдрийн хувьд улсын яллагч нар дөрвөн цагийн турш яллах дүгнэлтийг уншиж танилцуулсан гэсэн мэдээлэл байна. 

Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа юм.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал цагаасаа хоцорч эхэллээ


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин