• Эхлэл
  • Олон Улсын Валютын Сан 79.1 сая ам.долларын санхүүжилт баталлаа

Олон Улсын Валютын Сан 79.1 сая ам.долларын санхүүжилт баталлаа

2017/12/18

ОУВС-ГИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛ 79.1 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ БАТАЛЛАА

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар, Монгол Улс 55.9 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 79.1 сая ам. долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох бөгөөд ингэснээр, энэ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 83.8 сая зээлжих тусгай эрх буюу 118.6 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байна.

Хөтөлбөр батлагдсанаас хойших хэрэгжилт сайн байлаа. Эдийн засгийн өсөлт 2017 онд 3.3 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь хөтөлбөр батлагдах үед төсөөлж байснаас ихээхэн дээгүүр байна. Бодлогын хэрэгжилт тууштай, гадаад орчин тааламжтай байсны ачаар эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд тавьсан бүх зорилтот тоон үзүүлэлтүүдийг давуулан биелүүлж чадсан. Бүтцийн шинэчлэлийн зарим арга хэмжээ энэ оны 9 дүгээр сард засгийн газар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хойшлогдсон хэдий ч хэрэгжилт нь сайн байж чадлаа.

Монгол Улсад хэрэгжүүлж буй гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь 2017 оны 5 дугаар сарын 24-нд батлагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам. долларын зээл олгогдох юм (Хэвлэлийн мэдээлэл No. 17/193-ийг үзнэ үү). ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжих Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь эдийн засгийг тогтворжуулах, төсвийн алдагдал, өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын нөөцийг нөхөн бүрдүүлэх, тэлэлт-агшилтын мөчлөгийн нөлөөллийг багасгах арга хэмжээг шинээр нэвтрүүлэх болон тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилготой юм.

ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийн үнэлгээг хэлэлцсэний дараагаар хурлын даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд тус сангийн дэд тэргүүн ноён Мицүхиро Фурусава дараах мэдэгдлийг хийв. Үүнд:

“ОУВС-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилт улс төрийн нөхцөл байдлын улмаас зарим талаар хойшлогдсон боловч эерэг үр дүнтэй байна. Эдийн засгийн өсөлт тооцоолсноос  илүү эрчимтэй сэргэж, эдийн засагт итгэх итгэл сэргэсний дүнд төгрөгийн ханш тогтворжиж, санхүүжилтийн гадаад эх үүсвэрийн өртөг буурч, гадаад валютын нөөцийн хэмжээ нэмэгдэж байна. Эрх баригчид төсвийн алдагдлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийн чанарын үзүүлэлтийг цаашид сайжруулах бүтцийн шинэчлэлүүдийг эхлүүлээд байна.

“Энэ хөтөлбөрийн хүрээнд тавьсан бүх зорилтот тоон шалгуур үзүүлэлтүүд хангагдсан. Төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэн, зарлагын санхүүжилтэд хатуу хяналт тавьсны дүнд төсвийн гүйцэтгэлийн үр дүн тооцоолж  байснаас өндөр гарлаа. Энэ онд төсвийн алдагдал ДНБ-ний 7.6 хувьд хүрсэн нь 2016 оны түвшний тал хүрэхгүй хувьтай тэнцэхээр байна. Саяхан батлагдсан 2017 оны төсвийн тодотгол болон 2018 оны төсөв нь хөтөлбөрийн хүрээнд тохирсон шалгуурыг хангаж байгаа. Давж биелсэн төсвийн орлогын тал орчим хувиар хуримтлал үүсгэснээр зээллэгийн хэмжээг бууруулж, өрийн өсөлтийг хязгаарлах болно. Давсан орлогын үлдсэн хэсгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийцүүлэн үр өгөөжтэй арга хэмжээнүүд болон төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн урамшууллыг санхүүжүүлэхэд зориулна. Нүүрсний экспорт өндөр өсөлттэй гарч, бондын болон мөнгөний зах зээлд хөрөнгийн урсгал орж ирэн мөн хандивлагчдын санхүүжилт олгогдсоноор гадаад валютын  цэвэр  нөөц нэмэгдсэн байна.

“Улс төрийн нөхцөл байдал хэврэг байгааг үл харгалзан эрх баригчид эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, эдийн засгийг солонгоруулж, өрсөлдөх чадварыг дэмжих, мөн тэлэлт-агшилтын мөчлөгийн нөлөөллийг багасгахад дэмжлэг болох бүтцийн шинэчлэлийн том арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Банкны салбарыг эрүүлжүүлж бэхжүүлэх ажил хийгдэж байна. Тухайлбал, арилжааны банкуудын активын чанарын үнэлгээний үр дүн удахгүй гарах бөгөөд Монголбанкны зүгээс зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах арга хэмжээг авч  байна. Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкуудын засаглал, үйл ажиллагаанд хамаарах хууль эрхзүйн чухал шинэчлэлүүдийг удахгүй батлах гэж байна. Төсвийн тухайд, татварын удирдлага, татварын бодлогын чиглэл, мөн татварын бодлогын асуудлаар дээд хэмжээний ажлын хэсгийг байгуулах замаар төсвийн хяналтыг бэхжүүлэх ажилд ахиц дэвшил гарч байна. Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, ядуу иргэдийг тэтгэхэд чиглэсэн зарлага санхүүжилтийг хүн амын хамгийн эмзэг хэсэгт чиглүүлэх үүднээс засгийн газар “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг орлого багатай өрхүүдэд чиглүүлж байгаа бөгөөд хэмнэгдсэн хөрөнгийг хүнсний талоны санхүүжилтийг нэмэгдүүлэхэд ашиглаж байна.   

“Өрийн хэмжээ өндөр хэвээр, эдийн засаг нь дэлхийн бараа түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдлаас хамааралтай байгаа үед энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хатуу бөгөөд тууштай байр суурьтай байх явдал нэн чухал юм. Шинэчлэлийн арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлэх нь эдийн засгийн даацтай өсөлтийг бататгах, эдийн засагт итгэх итгэлийг бэхжүүлэх болон төсвийн орлого, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, мөн хандивлагчдаас дэмжлэг авахад тус болно” гэжээ.

Эх сурвалж: Монгол банк 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН