"10 САЯ ДОЛЛАР МОНГОЛЫН НЭРТЭЙ БИЗНЕСМЕНИЙХ"
Өөртэй нь холбоотой дэгдээд байгаа асуудлын талаар Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр хэвлэлийнхэнд тайлбар өглөө. Тэрээр “Надтай холбоотой данс Швейцарын талд байсан учраас хоёр улсын хууль хүчний байгууллага олон нийтийн эргэлзээг тайлах боломж олдож байна” гэсэн юм. Ингээд мэдээллийгй хүргэе.
-Швейцарын прокурорын байгууллагаас 10 сая ам.доллар гэсэн мэдээлэл өгсөн. Энэ мөнгө таны компанийн хөрөнгө үү эсвэл зээлэх гэж байсан мөнгө үү?
-Одоогийн байдлаар мөнгө угаасан байж болзошгүй гэж үзээд Швейцарын хуулийн байгууллагаас царцаасан энэ данс бол Монголын бизнесменийх. Тэр хүний данснаас миний данс руу мөнгө ороод 2009 онд эргээд гарсан. Энэ мөнгөний нийт хэмжээ 8,2 сая ам.доллар. Миний 1.2 сая ам.доллар байсан. Тэр мөнгө одоо байхгүй. Тэр мөнгийг эргүүлж татсан. Би ажлаа өгөөд тэнд байсан дансыг хааж, мөнгөө эргүүлэн татсан.
-Дансаа хаалгасан бизнесмен нь хэн юм бол. Тэр хүнтэй та ямар харилцаатай юм бэ?
-Энэ асуудал яг одоо АТГ, Швейцарын холбооны прокурорын газарт шалгагдаж байгаа. Би тэр бизнесментэй ямар ч холбоогүй, Монголын нэг бизнесмен. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас тэр бизнесмений нэрийг нь хэлэх боломжгүй. Хуулийн байгууллага шалгаж дууссаны дараа асуудалд тодорхой болохоор хууль, хүчний байгууллагууд зарлах байх.
Оюутолгойн гэрээг хүчингүй болгох нь хэнд ашигтай вэ?
Оюутолгойн төслийг Рио Тинтотой хийсэн гэрээг гардаж, удирдаж байсан хүний хувьд хардах, сэрдэх, муу сайнаар ярих, хамтрагчтайгаа муудалцах зүйл яригддаг. Цаашид ч яригдана. 2009 онд энэ төсөл дээр ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж байж гэрээг хийсэн. Энэ гэрээ сайн гэрээ болсон. Төгс төгөлдөр гэрээ гэж дэлхий дээр байхгүй. 2011 онд бид хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт хийсэн. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлсөн байдаг. Засгийн газар одоо хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн асуудлаар хэлэлцээр хийж байгаа. Үе үеийн Засгийн газар Оюутолгойн чиглэлд ажилладаг. Би Монгол Улсын нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалуудыг хашиж, хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Би өөрийгөө болон гэр бүлээ аваад явах хэмжээний бизнесийн чадвартай. Хувь хүнд их мөнгө хэрэг байдаггүй. Аз жаргалтай амьдарна гэдэг тухайн хүний өөрийнх нь хүсэл зоригоос хамаарна. Гэхдээ хардах эрх хүн бүхэнд байгаа. Улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах, эсвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон том төслийн нэр хүндийг гутаах, зогсоох, оролцогч талыг өөрчлөх гэсэн хүсэл сонирхол гаднын улс орон, компаниудад үргэлж байдаг.
Энэ мэт үзэгдлийг бид бодолцох хэрэгтэй. Бид хоёр том хөрштэй. Тиймээс үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын асуудлыг цэрэг дайнаар баталгаажуулж чадахгүй. Аливаа улс эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа. Манайх ч ийм үзэл баримтлалтай. Хоёр хөршөөсөө ирж байгаа гадаадын хөрөнгө, оруулалт, гадаад худалдааны эргэлтийг болж өгвөл 30, 30 байж, 40 хувийг гуравдагч хөршүүдтэй хийж байж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо эдийн засгийн аргаар баталгаажуулна гэж үзсэн, баримт бичиг, хууль дүрэмтэй улс. Оюутолгойн гэрээ бол гуравдагч хөрш орноос оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр бүтээн байгуулалт хийгдэж буй. Бүтээн байгуулалт эхэлсэн өдрөөс Оюутолгой татвараа төлж байгаа хамгийн том татвар төлөгч. Маш их ажлын байр, хөрөнгө оруулалт, мэдлэг, менежментийн туршлагыг Монголд авчирч байгаа. Дэлхийн хоёр том компани Монголд хөрөнгө оруулж байгаа нь Монголд хөрөнгө оруулах боломжтой гэдгийг бүх хөрөнгө оруулагчдад өгч байгаа. Шууд мөнгөн дүнгээр үнэлж болохгүй маш олон зүйл байгаа. Тиймээс Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс нь авлига авсан байна, түүгээр нь дамжуулж хөрөнгө оруулагч буюу оролцогчийг солих сонирхол хэнд байж болох вэ.
Тийм учраас Оюутолгойн гэрээг хүчингүй болгоод, өөр тоглогч оруулж ирэх сонирхол хэнд байж болох вэ. Бид эвтэй байж, энэ асуудлыг шийдэж чадна. Эх оронч байна гэдэг бусад улс руу дайрч, давшилдаг байх ёсгүй. Бусад улстай зэрэгцэн оршиж, улс орноо хөгжүүлэх, үүнд нь бага ч гэсэн хувь нэмрээ оруулах ёстой. Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Би залуудаа улс төрд орж ирсэн учраас эхэндээ намайг эмэгтэй хүнтэй л холбож бичдэг байсан. Оюутолгойн гэрээг зурагдсанаар хойш асар их асуудал намайг тойрох болсон. Үнэхээр элдэв янзаар олон жил хэлүүлэхээр надад итгэж байсан сонгогчид итгэл алдарч байна. Би маш олон ажлыг өөрийн карьер, нэр төрөөрөө дэнчин тавьж байж Монголын төрийн төлөө зохицуулж байсан. Оюутолгойн гэрээ хэд хэдэн Засгийн газар, парламент дамжиж, хийгдэж чадахгүй байсан гэрээ. Өөрийнхөө улс төрийн карьераар эрсдэл хийж, энэ улсыг хөгжүүлэхийн төлөө хэн нэгэн хүн золиос гаргаж байж энэ улс орон хөгжинө. Популист амлалт авч, хэрэгжүүлэх тусам энэ улсын хөгжил хойшлогдоно.
“Ройтерс”-ийн мэдээлэл маш учир дутагдалтай
“Ройтерс” агентлаг дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллага. Гэвч мэдээлэл дотор хэт субьектив дүгнэлттэй мэдээ байсан. Тэр мэдээлэл доторх хоёр тоо үнэн байсан. Миний бие 2006 онд таягтай, хөлөө гэмтээж, зургаан сар хэвтэрт байсан. Тэр үед би улс төр байхгүй бол би юу хийж болох вэ гэж их бодсон. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийж чадна гэж бодож, найз нартайгаа болон Монголын нэр бүхий бизнесменээс зээл авсан. Ингээд 8,2 сая еврогийн зээл авч Швейцарт нээлгэсэн дансандаа хийлгэсэн. Үүний дараа эдийн засаг хямарч, тэр зээлээ буцааж татсан. Энэ компани хаагдахад данс, тооцоо нь 2013 онд дууссан. Одоо надад Швейцарт ямар нэг данс, компани байхгүй. Царцаасан данс нь 10 жилийн өмнө надад тус болж, мөнгө шилжүүлж өгч байсан бизнесмений данс. Одоо үүсгэсэн хэрэг дууссаны дараа тэр бизнесмений мөнгийг гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон. Оюутолгойн гэрээнээс өмнө буюу нэг жилийн өмнө хийсэн асуудлыг хөндөж тавьсан нь Ройтерс агентлагийн мэдээ маш учир дутагдалтай мэдээ болсон. Тэр мэдээ гарсны дараа Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр Рио Тинтогийн хувьцааны үнэ унасан. Энэ хэний ашиг сонирхол. Ийм зүйлүүд байгаа учраас энэ бүгдийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.
АН-ын удирдлагуудын шийдвэр бол үнэхээр эмгэнэлтэй
Ардчилсан Намын удирдлага намаас гаргасан шийдвэрийн бол маш эмгэнэлтэй. Намайг нэг ч удаа дуудаж, уулзаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол бүх ардчилсан улс орны зарчим. Манай намын удирдлагууд ийм дуулиан, шуугианыг далимдуулж, маш богино хугацаанд намайг хөөсөн. Энэ бүхэн яван явсаар дарангуйлал болдог. Ардчилсан нийгэмд алдаж, онож, хөгжиж дэвшиж, шүүмжлүүлэх зүйлтэй явж байна. Гэхдээ үндсэн суурь зарчмаа бид хамгаалах ёстой. Хамгийн үндсэн суурь зарчим бол хүний эрх, хувийн өмч, шашин шүтлэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудал. Энэ асуудлуудыг хавчиж боож эхэлбэл ардчилсан нийгмийн суурь ганхана. Өнгөрсөн 27 жилийн туршид бид нэгдсэн бодлого явуулж чадсангүй гэж би харж байна. ОХУ-д явагдсан сонгуулиар Путин яллаа. Түүний бодлого маш удаан үргэлжилж байна. Урд хөршийг хар. Улс төрийн хувьд тогтвортой, бодлогын хувьд залгамж чанартай байх хэрэгтэй. Харамсалтай нь, манай Засгийн газар, бодлого нь дөрвөн жилийн циклтэй. Бид холоос сургамж хайх хэрэггүй. Хоёр хөрш бодлогын залгамж чанарыг ямар удаан барьж чадаж байна, гаргаж байгаа амжилтыг нь хар. Ийм маягаар хөгжлийг харахгүй бол хоёр улстөрч хоорондоо муудалцаад энэ нь сайн, энэ нь муу гээд байвал хөгжихгүй.
Намайг буруутай гэвэл би хариуцлагыг нэр төртэй үүрнэ
Авлигыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн дансанд авдаг, гарсан орсон бүх мөнгө нь тооцоотой байдаг ийм зүйлээр хийх үү. Бүх авлигын мөнгө кэшээр явдаг. Би зөв зүйл хийж байна гэж бодсон учраас өөрийнхөө нэрээр тэр дансыг нээж, компаниа байгуулсан. Миний хамгийн том алдаа бол компанийнхаа мэдээллийг ХОМ-дээ тусгаагүй явдал. Түүнийхээ төлөө би УИХ-ын дэд даргаасаа огцорч, хариуцлагаа хүлээсэн. Үнэхээр намайг буруутай гэж хариуцлага хүлээлгэвэл би энэ хариуцлагыг нэр төртэй үүрнэ. Оюутолгойн гэрээ ямар ч авлигагүй, шударга гэрээ болсон гэдгийг Монгол, Швейцарын хуулийн байгууллага харуулна. Бүх дансны мэдээлэлтэй танилцах эрх АТГ, Швейцарын хуулийн байгууллагад нээлттэй байгаа. Би хууль хүчний байгууллагад хүндэтгэлтэй хандана. Гэхдээ өөрийнхөө байр суурийг нээлттэй, ил тод илэрхийлнэ.
Сэтгэгдэл байхгүй байна