• Эхлэл
  • Д.Монголхүү:С.Батболдыг огцортол суултаа үргэлжлүүлнэ

Д.Монголхүү:С.Батболдыг огцортол суултаа үргэлжлүүлнэ

2018/05/10

Гэр хорооллын хөдөлгөөнөөс өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд майхантай суулт хийж эхэллээ. Анх гэр хорооллыг дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, дэд бүтэцжүүлэх шаардлагыг тавьж гарч ирсэн тус хөдөлгөөнийхөн өмнө нь буюу гуравдугаар сарын 9-нд хотын захиргааныханд хандан шаардлага хүргүүлж байсан. Хоёр сарын турш тэдний шаардлагад ямар нэгэн хариу өгөөгүй байгаа учраас тэд ийн суулт зарлаж, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулахыг шаардаж байна. Одоогоор тэд 10 гаруй майхантай суултаа эхлүүлээд байгаа. Ингээд энэ үеэр Гэр хорооллын хөдөлгөөний гишүүн Д. Монголхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Та Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцрохыг шаардаж байгаа юм байна. Үндэслэл нь...?

-Бид өмнө нь гуравдугаар сарын 9-нд Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлсэн. Хоёр сарын турш шаардлагад хариу өгсөнгүй. Бид гэр хорооллоо хөгжүүлж, гэр хорооллынхны амьдрах нөхцлийг сайжруулах шаардлага тавьж байгаа. Гэр хороолын иргэдийн ахуй амьдралтай холбоотой гэр хороолол руу анхаарч ажиллавал Монгол Улс цаашаа хөгжих гээд байна гэсэн утга санаатай шаардлага хүргүүлсэн. Үүнийг ойшооохгүй байна гэдэг гэр хорооллын иргэдээ хүн гэж үзэхгүй байна гэсэн үг. Тиймээс хотын захирагчийг огцор л гэсэн шаардлага тавьж байна.

-Шаардлагыг тань хүлээж авахгүй бол яах вэ?

-Бидний эхний шаардлага хүлээж аваагүй, хариу өгөөгүй. Иргэдийхээ төлөө ажил хийж чадахгүй, эхний шаардлагыг хүлээж аваагүй учраас цаашид ч бидний шаардлагыг биелүүлэх чадамжгүй, ажил хийж чадахгүй юм байнаа гэж үзээд огцор гэж байгаа юм. Хэрвээ биелүүлэх чадамжтай байсан бол шаардсан есөн зүйлээс ядахдаа нэгийг нь биелүүлэх байсан. Хэрвээ шаардлагыг биелүүлчих юм бол заавал огцруулах гээд байгаа юм биш. Биелүүлэх гэж оролдохгүй байгаа учраас бид дараагийн шатанд шилжиж байна.

-Хэзээ хүртэл суултаа үргэлжлүүлэх вэ?

-С.Батболдыг огцортол төв талбайд хугацаагүй суулт хийнэ. Төртэй холбоотой асуудлаа шийдүүлж чадаагүй ч юм уу эсвэл хохирсон ч юм уу ийм гомдолтой гэр хорооллын иргэд суултад оролцож байна. Бусад иргэдийг, гэр хорооллын хөгжлийн төлөө байдаг хүн бүхнийг бидэнтэй нэгдээсэй гэж хүсч байна.

Нэмэлт мэдээлэл:Хотын захиргааны зүгээс тэдний шаардлагыг хүлээн авч байгаагаа илэрхийлэн хэлэлцээр хийх санал ирүүлсэн учраас суултыг түр зогсоогоод байна. Хэлэлцээрийг ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 14-нд болно.

Б.Солонго

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • 76
    энэ сэтгэгдлийг уншаад Монголхүү хариу өгнө биз өнөөдөр 14 шүү дэ
    2018 оны 05 сарын 14
  • 76
    Монголхүү ч яалт ч үгүй Баянхошууных л да хэн нэгний захиалгаар бус үнэхээр гэр хорооллын иргэдийн төлөө чин сэтгэлээсээ ийм зүйл хийж байгаа бол сайн байна. Аан харин бусад нам эвслийн захилгаар цалин хөлстэй зохион байгуулалттай ийм жүжиг хийж байгаа бол Монголхүү минь хэрэггүй ээ
    2018 оны 05 сарын 14