• Эхлэл
  • Монгол брэндийн худалдааны төв Америкт нээгдэнэ

Монгол брэндийн худалдааны төв Америкт нээгдэнэ

2019/07/08

“Экспорт олон улсын худалдааны төв” (EITC) нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын зах зээлд борлуулалтаараа эхний гуравт жагсдаг Чикаго хот дахь “Oatbrook center” худалдааны төвд анх удаагаа Монголын брэндийн худалдааны төвийг албан ёсоор нээхээр боллоо. Дэлхийд худалдааны борлуулалтаараа тэргүүлэгч АНУ хүн амын тоогоор 325 сая хэрэглэгчтэй,  жилдээ 2.4 их наяд төгрөгийн импорт хийдэг хэрэглэгч төвтэй улс. Энэ том зах зээлд Монгол брэндийн дэлгүүртэй болсноор манай улсын үндэсний брэндүүд олон улсын зах зээл рүү гарах өргөн боломжийг олж байгаа бөгөөд гадаад зах зээлийн суваг нээгдэж байгаа нь ач холбогдолтой юм. Манай улсын хувьд мал аж ахуй суурьтай хөдөө аж ахуйн орон. Гол баялаг маань хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд байгалийн натурал гэдгээрээ анхаарал татдаг. Жишээ нь, ноос ноолуурын хувьд дэлхий дээр гол тоглогч болохуйц өндөр чанартай түүхий эдийн арвин  нөөц бидэнд бий. Хамгийн нарийн ширхэгтэй микрон өндөртэй ноолуурын нийлүүлэлт 2018 онд 9400 тонн байгаа нь бид энэ төрлийн түүхий эдээрээ дэлхийд 1 номерын бэлтгэгч болж байгааг харуулна. Гэтэл манай улс жилдээ 14 сая орчим арьс бэлтгэдэг мал аж ахуйн орон мөртлөө түүнийхээ маш бага хэсгийг ашигладаг цаана нь 900 тэрбум төгрөгийн нөөц байж байгааг харуулна.

Энэ оны наймдугаар сарын 1-нд Чикаго хот дахь “Oatbrook center”-т нээгдэх Монгол брэндийн худалдааны төвд эхний ээлжинд Монголын 6-8 брэнд байрших ба кашмер, арьсан төрлийн бүтээгдэхүүн, дизайнеруудын оёмол сүлжмэлийн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл болон аксесуорын бүтээгдэхүүн худалдаална. Мөн АНУ-ын Вашингтон DC хотноо Монгол брэндийн худалдааны дараагийн төвийг албан ёсоор нээхээр төлөвлөсөн. Ирэх аравдугаар сард Нью-Йорк хотноо гурван сарын хугацаатай “Pop Up shop” буюу түр худалдаа явуулах бөгөөд ирэх оноос байнгын худалдааны төвийг нээхээр болжээ.

 

Ийнхүү АНУ болон Япон, Канад, Европын зах зээлд Монголын аж ахуйн нэгжүүд өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ гаргах, борлуулах, хөрөнгө оруулалт татах, онлайнд худалдаанд нэгдэх, экспортыг нэмэгдүүлэх зэрэг боломжийг авах юм. Манай улсын аж ахуйн нэгжүүд өдгөө гадаад зах зээлд гаргахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа боловч бараа бүтээгдэхүүний хаяг шошго, олон улсын стандартад нийцүүлэх, гаалийн татвар, гаалийн бүрдүүлэлтэд анхаарах зүйлс, тээвэр ложастикийн шийдэл зэрэг асуудалд бүдэрдэг нь экспортыг нэмэгдүүлэх боломжгүйд хүргэдэг. Тиймээс олон улсын зах зээлд гарах тэр дотроо АНУ, Канад, Японы зах зээлд нэвтрэх бүх төрлийн зөвлөмж, сургалт, боломж гарцыг “Экспорт олон улсын худалдааны төв”-өөс олгож байна.

 

 

Дашрамд дурдахад, Монголын брэндүүдийг олон улсын зах зээлд гаргахад гол гүүр болж буй “Экспорт олон улсын худалдааны төв” EITC (https://www.facebook.com/exportmongolia/) төрийн бус байгууллага нь 2015 оноос эхлэн Япон, АНУ, Канад Европын зах зээлд үзэсгэлэн худалдаа, экспо удаа дараа зохион байгуулан Европын зах зээлд ложастикийн төвүүдээ нээж Амазон, Ebay зэрэг онлайн худалдаанд хэдийнээ нэгдсэн байгаа билээ.

 

 

                

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин