• Эхлэл
  • Сайжруулсан түлшний тухай бас нэгэн хуурамч “домог”

Сайжруулсан түлшний тухай бас нэгэн хуурамч “домог”

2019/09/25

Өвөл хаяанд ирэхэд “утаа” хэмээх гамшигт сэдэв идэвхждэг “уламжлал” шахуу болоод байгаа ёсоор Улаанбаатарын утааны дайтай урт “суунагладаг” утааны хэрүүл эрчимжиж эхэлж байна. Хэчнээн ч жил бид ингэж дээр дооргүй, хэрэлдэж, харааж, зүхэж, бас хордож байгаа билээ дээ. Гэвч харамсалтай нь нэг ч зүйл өөрчлөгдсөнгүй. Харин хэрүүл нь улам бүр гашуун болсоор. Цаашдаа л улам л “гашуурах” шинжтэй.

Энэ жилийн утааны “улирал”-ын хамгийн эхний сэдэв нь сайжруулсан түлш хэмээх зүйл болов бололтой. Угаас олон жил утаагүй зуух мэтэд итгэл алдарсан нийслэлчүүд мэдээж эргэлзээтэй, хардлагатай бас л нэг утаа болон замхрах вий гэсэн сэтгэл зүйн урьдчилсан "бэлтгэл"-тэй шахуу байгаа. Үүн дээр сошиал “хөндий”-д тавигдсан нэгэн зураг жинхэнэ сэргээш болов. Түлэх юмгүй нүүрсний нунтагны энэ зургийг хараад бухимдсан хүмүүс сэвж, дэвж, шүүмжилж бухимдаж, сэвсэн дээр цуглах ялаа шиг л юм болов уу. Арга ч үгүй  түүхий нүүрс түлэхийг хориглочихоод ийм хогийг түл гэж тулгавал хэн ч бухимдана уурлана. Юуун нөгөө утааг бууруулах???

Гэтэл ердөө л нэг хоногийн дараа “хэргийн эзэн” “Тавантолгой түлш” компаниас хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэл хийснээр уг зургийн учир тайлагдлаа. Тус компанийн нүүрсийг борлуулагчийн хэлснээр бол тэр өдөр нэг залуу ирээд сайжруулсан түлшнээс өөрийн гараар 4-5 ширхэгийг авах гэсэн юм гэсээр орж ирж, алганд багтал бөмбөлгөн түлшнээс авч өгч байх зуур цаана шигшээд гаргасан хог хаягдлын зургийг сэмхэн авчихаж. Ингээд л сошиалаар дүүрэн шуугиан. Магадгүй өнөөдөр ч “Нөгөө сайжруулсан түлш чинь ийм хог байна” гэсэн зураг, энд тэнд шэйрлэгдэж, зарим хүн итгээд явж байж магадгүй.  Бананаас ДОХХ халддаг, төмөр замаар танк орж ирж, Монголыг эзэлнэ гэсэн “домог”-т итгэдэг хүмүүс шүү дээ.

Гэтэл бодит байдал ийм л байна. /Видеог дор хавсаргав/

Харин сайтар нягталбал  ийн албаар очиж, ингэж бичлэг зураг хийн тарааж байгаа нь санамсаргүй гэхээсээ илүүтэй сайтар зохион байгуулсан зорилготой үйлдэл гэмээр. Хэн гэж үү? Лав л гэр хорооллын иргэд маань сайжруулсан түлш хэрэглээд утааг бага ч гэсэн бууруулаасай гэж бодсон хүн лав биш. Өвлийн тэсгим хүйтэнд нүүрс түлээгүй болчихвол яана аа гэж санаа зовж суугаа жирийн иргэн л лав биш.

Тэгэхээр найзууд аа, алив нэгний шидсэн чулуу, худал мэдээлэлд яаран бүү итгээрэй, албан ёсны мэдээллийг сонсоорой. Сошиалтай нөхөрлөөд чамгүй олон жил болж байгаа хүмүүс бол энэ зэргийн хуурамч мэдээллийг ялгана. Харин зарим талаар мэдээлэлгүй байгаа иргэд бага зэрэг эргэлзэх нь тодорхой. Түүн дээр нь дөрөөлөөд сэвээд, дэвээд бүр зохион байгуулалттайгаар тарааж цацаах энэ мэт үйлдэл цаашид бүр их идэвхжиж ч болзошгүй л юм.

Бид яах ёстой вэ гэж үү. Мэдээж бидэнд эргэлзээ байгаа. Сайжруулсан түлш үнэхээр илчтэй дулаан, утаа нь хор багатай байж чадах уу? Улаанбаатарын нийт гэр хорооллынхныгоол бүгдийг нь сайжруулсан түлшээр хангаж чадах уу? Үнэхээр ингэж хангаж чадвал утааны хорыг хэдэн хувь бууруулж чадах вэ? Ер нь бид цаашид яах ёстой вэ гэж хорт утаагаар үр хүүхэд, удам судраараа утуулан хордож байгаа бидний амьд явах эрхийн тухай асуудал болохоор яг энэ мэт тулгамдсан эсвэл эргэлзээтэй санагдсан асуултуудаа холбогдох албаныханд талбия, хариуг нь авья. Өөр ямар доголдол, дутагдал гарч болзошгүй байгаа талаар шүүн хэлэлцэцгээе. Дутагдал, доголдлыг нь зад шүүмжилье.

Худлаа мэдээлэлд итгэн хорсон бухимдах биш бодит байдал, гарц гаргалгааг ярьцгаая. Ядахдаа өөрийнхөө болон бусдынхаа эрүүл мэндийг бодон сайжруулсан түлшийг түлцгээе, тэгэх үү, нийслэлчүүд ээ. Яагаад гэвэл гэр хорооллынхон та нарын утаанд бид ч бас хордож байгаа шүү дээ.

Жич:Сайжруулсан түлшний талаарх бусда мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно оо. Асуултаа бидэнд илгээгээрэй.

А.Туяа

INFOMONGOL.MN    


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин