• Эхлэл
  • Д.Загджав: Хонконгийн жагсаалын цаана барууны тусгай албад байна уу гэсэн хардлага байна

Д.Загджав: Хонконгийн жагсаалын цаана барууны тусгай албад байна уу гэсэн хардлага байна

2019/09/25

-Сая Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил манай улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан улс хоорондын олон чухал арга хэмжээ болж байна. Энэ талаар?

-Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ жил БНХАУ ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой мөн тохиож байна. Үүнтэй холбогдуулан гурван улсын дунд олон чухал арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тухайлбал, “Бүс ба зам”-ын санаачилгын дор хоёр талын, гурван талын олон талын олон улсын уулзалт хурал зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулан ажиллаж байна. БНХАУ-ын Гуанжоу хотод “2019 Гуандун Олон нийтийн Гадаад харилцааны 7 хоног” олон улсын нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Мөн өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын олон улсын хамтын ажиллагааны холбоо Дагестан улсын Каспийск хотын захиргаатай хамтран “Түмэн газрын цайны замын дэд бүтцийн хөгжил” сэдэвт олон улсын форумыг зохион явууллаа.  “Түмэн газрын цайны зам”-ын тив хоорондын маршрут дээр олон улсын хүмүүнлэгийн болон ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх олон улсын Төвийн үйл ажиллагаа нь Түмэн газрын цайны зам дагуу орших хот, бүс нутгуудыг цогцоор нь хөгжүүлэх, тодорхой механизмуудыг бий болгоход чиглэгддэг. Түүнчлэн ирэх аравдугаар сард БНХАУ, манай улсын зураачдын хамтарсан томоохон уран зургийн үзэсгэлэнг БНХАУ-ын Соёлыг дэмжих нийгэмлэгтэй хамтран зохион байгуулна. Манай Энхтайван найрамдлын байгууллага нь улс орны ард иргэд хоорондын харилцааг дэмжихэд идэвхтэй хувь нэмэр оруулдаг гэдэг утгаараа дээрх бүхий л арга хэмжээнд оролцож, зохион байгуулж байна.

-Ойрын үед Хятадын Хонконгд өрнөж буй үйл явдал олон улсын анхааралд байна. Зарим нэг хүмүүсийн яриагаар бол өрнөж буй үйл явдал нь тайван жагсаал цуглаан, нөгөө хэсэг хүмүүсийн яриагаар бол  энэ нь  хүчирхийллийн нэг хэлбэр гэх аж. Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-БНХАУ бол Монгол Улсын 2 том хөрш орны нэг, ойрын үед би Хятадын Хонконгт өрнөж байгаа үйл явдлыг ихэд анхааран ажиглаж, холбогдох мэдээг үзэж байгаа.  Одоо өрнөж буй үйл явдал бол тайван жагсаал цуглаанаас хальж   хүчирхийллийн шинж хэлбэртэй болоод байна. Жагсагчид Хонконгийн шүүхийн байр луу дайрч , Хонконг Хятадын холбооны байрыг бүслэн, Хонконгийн үндсэн хуулийг урж тасдан,  БНХАУ-ын төрийн далбааг олон удаа буулгаж далайд шидэх зэрэг    хүчирхийллийн шинжтэй олон үйлдэл хийж байна.  Үүнд:  хорт шингэн  нунтаг хэрэглэн цагдаагийн ажилтнууд  руу  дайрч шидэн ,  цагдаагийн ажилтны хурууг хазаж таслах, бензин нэвчээсэн бөмбөг шидэж цагдаагийн ажилтныг галдан шатаах зэрэг бусармаг үйлдлүүд гаргаж байна. Үүний уршгаар  цагдаагийн олон арван ажилтан эмнэлэгт хүргэгджээ. Түүнчлэн энгийн иргэдийг зодож, хүчирхийллийг таслан зогсоох гэсэн Хонконгийн цагдаа нарыг дэмжсэн гадаадын иргэдийг бүслэн саатуулсан байна.  Болж байгаа эдгээр үйл явдал нь  бидний санааг маш их зовоож байна.  Энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр, ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэл биш, тайван жагсаал цуглаанаас хэтэрч  Хонконгийн хууль дүрмийг  уландаа гишгэсэн, ямар ч соёлт, эрх зүйт нийгэмд тэвчишгүй үйл явдал юм.

Хонконгийн Засгийн газар энэхүү үймээн самууныг таслан зогсоох ,нийгмийн  дэг журмыг сахиулах ,ард иргэдийн амгалан  тайван  байдлыг хангахаар хүнд нөхцөлд хичээнгүйлэн  ажиллаж байна.

Хонконгийн ард иргэд ч энэ байдлыг ойлгон, хүчирхийллийг зогсоож,  тогтвортой байдлыг уриалан дуу хоолойгоо нэгтгэж байна гэж Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгчийн хувьд би харж байна. Манай олон нийт ч ийм байр суурьтай байна.

-Барууны зарим нэг хэвлэл мэдээллийн сувгаар Хонконгийн цагдаагийн байгууллага жагсагчдыг хүч хэрэглэн дарсан гэж БНХАУ-ыг буруутгаж байгааг хэрхэн үзэж байна вэ?

-Жагсагчид хууль сахиулагчид руу  олон удаа хүч хэрэглэж байгаа бичлэгийг үзсэн. Энэ бол хууль бус үйлдэл юм.  Эрх зүйт нийгэмд аливаа арга хэмжээг хуулийн дагуу явуулах шаардлагатай. Ихэнх оронд  цагдаагийн ажилтан руу дайрах нь хууль бус үйлдэл байдаг.Миний ойлгож байгаагаар, Хонконгийн цагдаа нар ард иргэдийнхээ амгалан тайван байдал,  эрүүл мэнд, эд баялагийг хамгаалан  хүнд хэцүү үед айх аюул, дарамт шахалтыг  умартан,  өргөсөн тангарагтаа үнэнчээр  үүргээ гүйцэтгэж байна.

Зарим орны мэдээллийн сувгаар үйл явдлыг буруу зөрүүтэйгээр зориуд мэдээллэж байна.  Эдгээр мэдээнүүд нь хэт даврагсад,  хүчирхийлэл үйлдэгч  талыг барьсан,  бодит бус мэдээлэл юм. Ер нь Хонконгийн жагсаалын цаана барууны тусгай албадын оролцоо байна уу гэсэн таамаглал ч явж байна.

-Одоогийн Хонконгд хэрэгжиж байгаа нэг улс хоёр тогтолцоог та хэрхэн дүгнэж байна вэ?

-БНХАУ-ын нэг улс хоёр тогтолцоо нь ихэд амжилттай хэрэгжиж  уг систем хэрэгжсэн 22 жилийн байдлаас үзэхэд  Хонгконгийн эдийн засаг хоёр дахин өсч, хуулийн хэрэгжилтийн байдлаар дэлхийд 16-д  жагсаж байна. Олон улсын банк санхүү, агаарын тээвэр, худалдааны төвийн байр суурь улам батжиж,  олон улсын байгууллага хамгийн эрх чөлөөтэй эдийн засгийн бүс гэж тодорхойлсон.  Нэг улс, хоёр тогтолцоог БНХАУ-ын үндэсний онцлогт тохирсон,  Хонконгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулсан  бодлого гэж үзэж байна. Манай хоёр орны найрсаг  харилцаа ,найрамдалт  хамтын ажиллагаа  хөгжиж, ард иргэдийн    харилцан итгэлцэл  ойлголцол улам  бэхжиж байна. Хонконг БНХАУ-ын газар нутаг учраас Хонконгийн асуудал нь БНХАУ-ын дотоод асуудал юм. Хонконгт үүссэн  асуудал нь БНХАУ-ын дотоодын асуудал учраас өөр бусад улс орнууд шууд  оролцох шаардлагагүй юм. БНХАУ-ын Засгийн газар болон Хонконгийн тусгай бүсийн Засгийн газар үүсээд байгаа асуудлыг зохих хууль журмын дагуу шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна.

ӨДРИЙН СОНИН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин