• Эхлэл
  • Д.Амарбаясгалан дарга аа! Үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлана уу!

Д.Амарбаясгалан дарга аа! Үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлана уу!

2019/09/25

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

За больё, “хамууд” аа! Нялуунаас шулуун нь дээр. Наад Ц.Сандуй чинь хэлж чадах ч үгүй юм байна. Яах аргагүй “60 тэрбумын схем” гэгч бол байжээ, цаасан дээр. Таалагдсан мөртлөө таалаагүй царайлж хэргээс мултарсан нь М.Энхболд гишүүн юм байна. “Энэ танилцуулснаа манай залуус заавал хэрэгжүүлнэ дээ” гэсэн муу санаандаа Гүйцэтгэдэг засаглалыг тэргүүлэхээс татгалзсан ч юм билүү, хэн мэдлээ. Олоон жил энэ намын эвийг базаж хоолыг идсэний хувьд олонх болохоороо яадгийг, омог нь дарагдахаараа хаачдгийг тэр даанч нэг мэдэлгүй дээ. Ингээд хэдэн найз руугаа утасдаж гэм буруугүйн бичиг олж аваад зайгаа барьсан. Эхэндээ мэргэн арга сэдсэн “нээлт”-ээ булаалдах шахаж байсан бол эцэстээ тэр нь цаазын тавцанд аваачих болсон эл схем одоо “улс төрийн ач холбогдлоо” хэдийнэ гүйцэтгэжээ. 

“60 тэрбумын схем”-ийг хэрэгжүүлсэн тэр үеийн “битүү морь”, одоогийнхоор “мангар бацаан” нь Ж.Эрдэнэбат болж “гэрийн халаттайгаа” Ерөнхий сайдад яригдсан байдаг юм. Аймгийн Засаг дарга хийж байгаад Сангийн сайд, УИХ-ын гишүүн болсон түүнд гоё мэдээ мөн боловч тэр “Би чадахгүй байхаа” гэж хэлэхтэйгээ совестьтой байсан нь сайн хэрэг. Гэсэн ч намын ах нар нь гэрийнх нь гадаа орж эртнээс малгай бүсийг нь зэхэж дээлийн захыг нь мушгисаар “За за, уучлаарай дарга аа. Би чаднаа” гэж хэлүүлж Ерөнхий сайд болгосон гэдэг. Үнэндээ олны нүдэнд зөөлхөн ч, ордны өрөөндөө тун хатуу Ерөнхий сайд байсан юм билээ. Боломжгүйг “Болго” гэж алхаа цохисоор ажлаа гүйцэлдүүлж байсан, тулах хүч багатай, таних танихгүй баахан долдойтой, сан хөмрөг нь хоосон. 

Түүнд нэг сул тал байсан нь томилгооны тухайд юм. Өөрийг нь Ерөнхий сайд болгосон М.Энхболдын “шахсан” уяачдыг сайд, дэд сайд зэргээр томилоход яаж ч чадаагүй. Гэхдээ нийтэд Ерөнхий сайдын л томилгоо гэж харагдана. Тэгэхээр М.Энхболд 60 тэрбумын схемд хамаатай байна уу, үгүй юу?

Энэ томилгоонд хамгийн том эрхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан эдэлсээн! “Эрдэнэс Тавантолгой”-г хар. “”Эрдэнэс Монголыг хар! МХЕГ, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Тагнуулын дэд даргыг хар! Тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй эдгээр дарга нар намдаа сохор зоос ч өгөлгүй албан туушаал авсан гэж бодож байна уу? АТГ төрийн албан хаагчдыг толгой дараалан дуудаж асуугаад юу ч нотолж чадаагүй гэлүү. Яаж нотлогдох юм бэ?

Тэгвэл Д.Амарбаясгалангийн хөрөнгө яаж өсөв? Миний таних Д.Амарбаясгалан хэвлэлийн цехтэй л залуу байлаа. Дараа нь хэдэн сайттай болсон. Түүний буянаар сайхан халуун дүүгсэн редакциуд тарж бутарч, сэтгүүлчид эзэн болцгоохын жаргал, зовлонг хүртсэн. 

Өнөөдөр түүнийг хар! Цахим үнэмлэх дээрх хаягаараа бол Дашзэвэгийн Амарбаясгалан ХУД 11-р хорооны 7дугаар хэсэг, Маршал тауны 114-1 тоотод амьдардаг аж. Харин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр нь бол Батхуягийн Эрдэнэжаргал, Баатаржавын Ганхуяг нарын өмч гэж бичсэн байна. Энэ хоёр бол нэг гэр бүлийнх. Гэтэл тэдний нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүд мөн л нэмэгдээд байв. Тэднээс гадна Баттулгын Батбаяр, Цэдэнпилийн Чулуунзагд гэж залуус бий. Д.Амарбаясгалангаас энэ залуусын зүгт үл хөдлөх хөрөнгүүд, компаниуд, автомашинууд ёстой л “нүүж” эхэлсэн. 

Б.Эрдэнэжаргал дээр Нийслэлийн ЧД-ийн 3 дугаар хороо, 40 мянгатын 54-р байрны 1414 тоот, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, СХД-ийн 15-р хороо, 1-р хороолол, Өнөр гудамны 51 тоот, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дор дурдсан 12 автомашин, “Тэргүүнмэдээ сэтгүүл”, “Глобалгүүр транс”, “Эм Жи Ти Эм Жи Эл” /2015 онд татан буугдсан/, Ц.Чулуунзагдад “МКАСТ”, энэ оны 1-р сарын 29-нд Б.Эрдэнэжаргалын нэр дээр шилжүүлж авсан “ЖАБКО” /“Монгол морь 3000 хурдан морины уралдааны үед хүүхдийн амь нас эрсдээгүй тухай бодит үнэн залруулга мэдээллийг өөрийн сайтад 7 хоног байршуулан нэхэмжлэгч М.Энхболдоос уучлал хүсч, нэхэмжлэгч М.Энхболд нэхэмжлэлийн шаардлага 10.000.000 төгрөгийг 300.000 төгрөг болгон багасгасныг хариуцагч Жабко ХХК төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүхийн шийдвэр бий/, “Жабко”-г ХОМ-тээ дурдсан байдаг болохоор хамаагүй гэхгүй байх. “Топмедиа”, Б.Батбаярын нэр дээрх “ИЮ Ойл” ХХК, Монголын үндэсний маркетингийн холбоо, МАН-ын байрны 315 тоотод байрлах “Жамух интерэйшнл” ХХК гэхчлэн төгсөшгүй үргэлжилнэ. 2016 оны зургадугаар сарын 27-нд буюу УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөхөн татан буулгасан “Ди Ди Ай Ди” компани болон 2015 онд татан буулгасан “Эм Жи Ти Эм Жи Эл” ХХК яагаад татан буугдсан, хаана зүсээ хувилган томорсныг таашгүй.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга цахим үнэмлэхээ Б.Эрдэнэжаргалд ашиглуулчихаж гэж л бултдаг юм биш бол Б.Эрдэнэжаргал хуулийн өмнө яаж үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлах нь зүйтэй. Энэ бүхэн зөвхөн эхлэл нь. У.Хүрэлсүх, У.Мөнхбат нар “нүүрсний хулгайч” гэдэг сэдвээр чуулганы танхимд муудалцаж шившгээ тарьсаныг санаж байна уу. Энэ бизнесийн дараагийн үе нь Д.Амарбаясгалан нартай холбоотой. БНХАУ-ын тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга бариулахаар гарын үсэг зуралцсан. Өөрөө “Хөгжлийн орц” ТББ-аараа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөгөө өгдөг, дэмжиж тусалдаг байх учиртай. Энэ ТББ-ыг ч шалгах шаардлагатай. Д.Амарбаясгалангийн БНХАУ, БНАСАУ-тай намын шугамаар тогтоосон харилцаа холбоог ч шалгах ёстой. 

Д.Амарбаясгалангийн томилсон “ЭТТ”-н Гүйцэтгэх захирал Д.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар “Тавантолгой Гашуунсухайт”-ын чиглэлийн төмөр замд 800 тэрбум төгрөг зарцуулах асуудлыг шийднэ. Н.Удаанжаргал төмөр зам барьж байсан ямар туршлагатай юм бэ? Энэ их хэмжээний мөнгийг зарцуулахад Х.Баттулгын төмөр замын дайтай алдаа гарахад хэн хариуцах юм бэ? Зүүнбаянгийн төмөр замд ямар компаниудыг “шахаад” 159 тэрбум төгрөг олгохоор болов? 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг төрийн албанд оруулж өгнө гэж иргэнээс 30 сая төгрөг авсан гэх гомдол ирснийг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээллийг АТГ 2019 оны нэгдүгээр сарын 29-нд өгсөн. МАН-ын хэвлэлийн албанаас үгүйсгэсэн. АТГ, МАН-ын Хэвлэлийн алба хоёрын аль нь “Том” юм бэ? Түүний эзэмшлийн, төрсөн ах Дашзэвэгийн Амгаланбаатарынх нь нэр дээр байдаг “Тайшир өргөө”, “Агро технологи шижирт” компаниуд ХОМ-т нь бий, Тайшир өргөө 375 сая, “Агро технологи шижирт” 950 сая төгрөг авсан. Одоо түүнийг намаасаа ЖДҮХС-ийн зээлдэгчдийг зайлуулна гээд хүлээгээд сууж байх уу. Прокуророос дээрх хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаасай гээд хүлээж суух уу? 

Харин одоо Д.Амарбаясгалан дарга, түүний хөрөнгийг хадгалагч, “ордерийнх нь эзэн” Б.Эрдэнэжаргал нар үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлах ёстой. Өндөр ашиг шимтэй малыг чинь тоолж хотыг чинь харлуулсангүй. Шинэхэн авсан буудлыг чинь бусниулсангүй,буцаад ирэхдээ харъя!

Ийм дарга МАН-ыг төдийгүй Төрийг залуурдаж, дэргэдэх нөхрөө “60 тэрбумын хэрэгт” үдчих гээд дуугүй хараад сууж байх ёстой юу. Хамт шалгагдаад хариуцлагаа хүлээх нь зөв үү? МАН-ын гишүүд, дэмжигчид энэ талаар заавал ярилцаж арга хэмжээ авахгүй бол “толгой нь өтсөн” хэвээрээ сонгуульд оролцвол ялагдал хүлээж байна. Х.Баттулгын буюу ҮАБЗ-ийн томилсон шүүх, прокурор энэ талаар хэрхэн ажиллахыг олон нийтийн хамт анхааралтай харж байя. Үндэслэлгүйгээр хөрөнгөжнө гэдгийг би ингэж л ойлгодог.

                                                                                                    /Үргэлжлэл бий/ 

У.Оргилмаа. 2019.09.24

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин