• Эхлэл
  • ШХАБ-ын орнуудыг залгигч авлигын “ноу хау” Эрдэнэт үйлдвэрт нэвтэрчээ

ШХАБ-ын орнуудыг залгигч авлигын “ноу хау” Эрдэнэт үйлдвэрт нэвтэрчээ

2019/12/19

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Эрдэнэт үйлдвэрээс зарласан тендрийн будилаантай холбоотой асуудал Онцгой дэглэмийн цаг үе учраас гарцаагүй анхаарал татлаа. Ямар учиртай тендер болох талаар судалсны эцэст ноцтой баримтууд олдлоо. Даруухнаар эхэлье. Эрдэнэт үйлдвэр 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Эрчим хүчний цехийнцэвэр ус дамжуулах 3-р шугам Ф820 мм ган хоолойг угсрах ажлыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер зарлажээ. Төсөвт өртөг нь 96 тэрбум 750 сая төгрөг, тухайн онд санхүүжих төсөвт өртөг нь 23 тэрбум 220 сая төгрөг гэхээр зайлшгүй анхаарал татаж таарна. https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1557801821133

Тендер зарлагдаж мэдээллийн сайтуудад нийтлэгдсэнчлэн БНХАУ-ын “Сино Хидро Корпорейшн лимитед” ХХК шалгарчээ. Улсын бүртгэлд “Синохайдро Корпорейшн Лимитед” компани нь “Сино Хайдро Корпорейшн Монголиа”-ийн нэр дээр 2013 оны долдугаар сарын 9-ний өдөр бүртгэгджээ. “Сино Хайдро Корпорейшн Монголиа” нь мөн тэр өдөр байгуулагдсан, Гүйцэтгэх захирал нь Jiang Guoyin гэж бүртгэгдсэн байна. 

Гэсэн ч энэ тендер маргаан дагуулж 2019 оны долдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын “Чайна энержи инженеринг групп Зүүн хойд бүсийн цахилгаан эрчим хүчний 3 дугаар констракшн” гэдэг урт нэртэй компани Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Тиймээс угтендрийн шалгаруулалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн гэх хариуг 2019 оны долдугаар сарын 19-нд гомдол гаргагч талд өгчээ. 

2019.07.05
Чайна   энержи инженеринг групп зүүн хойд бүсийн цахилгаан эрчим хүчний 3 дугаар   констракшн ХХК
2019-07-19
Ус хангамжийн цехийн цэвэр ус   дамжуулах 3 дугаар шугам ф820мм ган хоолойг угсрах ажил
Тендер   шалгаруулалтыг хүчингүй болгох
Эрдэнэт   үйлдвэр ТӨҮГ
ТӨБЗГ
 

 

“Синохидро”-ийн зураг төсвийг Д.Үүрийнтуяагийн нөхөр Д.Тамир хийлгэжээ

Сангийн яамны шаардлагаар уг тендрийн шалгаруулалтыг хүчингүй болгосон боловч дараагийн удаад ямар ч байсан “Синохидро”-г шалгаруулж чадсан байдаг. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ мөрний ай савд байдаг гүний худгаас ус авах зориулалттай дөрвөн ширхэг ус өргөх насосоор дамжих нийт 67 км урт хоолойг шинэчлэх энэ ажлыг гүйцэтгэх байгууллага нь Синохайдро Корпорейшн Лимитед” ХХК мөн. Харин тендрийн суурь шалгуур үзүүлэлт болох зураг төсөл нь баталгаагүй байхад зөвхөн тойм төсвөөр, түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер зарлаж ажлаа эхэлсэн. Ингэснээр тус компани бүх зураг төсвөө хийнэ гэсэн үг бөгөөд тэр зураг төсвийг нь Эрдэнэт үйлдвэрийн зураг төслийн төв хийжээ. Яг эндээс ашиг сонирхлын зөрчил үүссэн дүр зураг харагддаг. Юу гэвэл тус төвийн захирал нь Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Доржсүрэнгийн Үүрийнтуяагийн нөхөр Давдай овогтой Тамир болж таарлаа. Өөрөөр хэлбэл “Синохайдро Корпорейшн Лимитед” компанийн уг тендрийн тойм зураг төсвийг хийсэнЭрдэнэт үйлдвэрийн зураг төслийн төв нь яг ч часхийсэн мэргэжлийн байгууллага биш, зөвхөн дотоод зураг зурдаг байгууллага ажээ. 

Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрээс зарласан 96.7 тэрбум төгрөгийн өртөгтэй тендрийн шалгаруулалт будилаантай, зураг төсөв эргэлзээтэй, тойм зураг төсвийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Доржсүрэнгийн Үүрийнтуяагийн нөхөр Давдай овогтой Тамирийн удирддаг төв хийж өгснийг ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж хардахуйц байна.

“Синохидро” ШХАБ-ын орнуудыг ангуучилж авлигын хөшөө босгосныг мэдсэн үү

Хамгийн сүүлийн байдлаар л гэхэд БНХАУ-ын төрийн мэдлийн “Синохидро” Замби улсын Кафу хавцлын 750 мв-ын усан цахилгаан станц барих ажлыг зогсоож, тус улсын хөгжлийн ажил, эрчим хүчээ дотооддоо хангах үйл ажиллагаанд хүнд цохилт өгч тус станцад ажиллаж байсан олон мянган ажилчдыг хохироосон” гэх мэдээ энэ оны есдүгээр сарын 24-нд дэлхий дахинд цацагдсан. https://chinaafricaproject.com/2019/09/24/sinohydro-stops-work-on-zambia-hydroelectric-dam/

Товчхондоо “Синохидро” буюу SinoHydro компанийн нэр хүнд дэлхий дахинд тун эргэлзээтэй байдаг боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гачууртаас Налайх-Чойрын уулзвар чиглэлийн 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгч “Синохидро” буюу SinoHydro компанийн ажлын явцтай танилцах үеэрээ “Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойг угтсан томоохон бүтээн байгуулалт” гэдэгт онцгой ач холбогдол өгч байсан нь хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Дипломат харилцааны хүрээнд хийх ажлын явцад БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр уг замын ажлыг гүйцэтгэх тендерт таван компани өрсөлдсөнөөс “Синохидро” буюу SinoHydro компани шалгарч 2018 онд гадаадаас авах ажиллах хүчнээр 150 мэргэжилтэн авах зөвшөөрөл авсан байдаг. Мөн дотоод 20 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй талаар тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар мэдээлэл хийж байсан юм. 

Гэтэл Африкийн Хөгжлийн банк л гэхэд “Синохидро” буюу SinoHydro компанийн төлөөлөгчид туслан гүйцэтгэгчидтэй болон төрийн байгууллагынхантай байгуулсан авлигын гэрээг илчилсэн. Ингэснээр томоохон луйврын сүлжээг илрүүлж их хэмжээний мөнгийг хууль бусаар ашиглаж байсан тус компанийг “хар жагсаалт”-д оруулж Bank of Africa-аас санхүүжүүлсэн төслүүдэд оролцохыг хориглосон байх юм. SinoHydro нь өчигдөрхөн Монголын Засгийн газрыг муулаад байсан Зимбабвегийн 533 сая ам.долларын өртөгтэй тендерт ялсан ч бодит үнээс хоёр дахин үнэтэй болох нь аудитын шалгалтаар илэрч авлигын асуудалд холбогджээ. Мөн Угандагийн автозамын дэд бүтцийг дэмжих төслийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас SinoHydro-г авлигын гэрээ байгуулсан хэмээн тус улсын авлигатай тэмцэх байгууллага буруутгасан байх юм. SinoHydro-ийн Малайзад барьсан усан цахилгаан станцын даланг барьсны дараа тус компанийн удирдлага барилгын стандарт мөрдөхгүй байгаа, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан талаарх баримт, гэрэл зураг, видео материалууд дэлхий дахиныг цочирдуулж эцэст нь Трасперенси Интернэшнл байгууллагаас уг далангийн барилгыг “Авлигын хөшөө” гэж зарлан тунхагласан байдаг. Гүржийн Рустави, Кутаиси, Кобулети хотод тойруу зам барьсан, одоогоор Самтредия-Григолети хурдны замын хажуугийн хэсгийн барилгын ажлын тендрүүд мөн л авлигатай холбогджээ.

Ерөнхий сайд аа! Энэ бол Засгийн газрыг огцруулах ноцтой шалтгаан мөн шүү

Мөн SinoHydro-ийн хэрэгжүүлсэн төслүүд орон нутгийн хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн тухай шүүмжлэл дагуулсаар байна. Ботсванагийн нисэх буудлын өргөтгөлийн төсөл ч мөн адил чанар муутай хэмээн буруутгагдаж SinoHydro төслийн нийт дүнгийн 90 хувийг буюу 527 сая ам.долларыг завшсан нь тогтоогдсон байна. Киргизстан улс SinoHydro-ийн барьсан хурдны замыг “хууль бусаар хогийн цэг байгуулсан” хэмээн буруутгаж тус улсын Засгийн газраас тус компанид 2.2 сая ам.долларын торгууль ногдуулсан байна. 

Ийм дааж давшгүй авлигачин компанийг яагаад дэд бүтцийн салбарт, хамгийн аймшигтай нь “Эрдэнэт үйлдвэр”-тээ нэвтрүүлж ядуу буурай төсвөөсөө 100 орчим тэрбум төгрөгийн тендерт шалгаруулав. “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн мэдэлд 100 хувь авах их улайрлын нууц нь ийм ажиллагаанд байв уу? Манай эдийн засагт, улсын төсөвт 100 тэрбумын тендер бага мөнгө биш. Гачууртаас Налайх-Чойрын уулзвар чиглэлийн 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, барилгын ажлын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл ч эргээд төлөгдөх өр. Гэтэл яагаад судлалгүйгээр, эсвээс судалсаар байж ийм компанийг тендерт ялуулаад байна вэ? Улс хоорондын, үндэстэн дамнасан луйвар, авлигын сүлжээ, Дипломат харилцааны “их ой” хоёроо ялгаж салгаж харилцахгүй бол “Хар жагсаалт хаяанд иржээ”, Ерөнхий сайд аа! Энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах ноцтой шалтгаан яах аргагүй мөн шүү! 

Жич: Дээр дурдсан баримтуудтай холбоотой мэдээллийг эдгээр линкээс харж болно. http://smartcms.tvmongolia.mn/4130.html

 http://solidarity.mn/154.html 

http://shuur.mn/2782.html

http://www.arslan.mn/politics/government/611422.shtml 

                                                                         /Үргэлжлэл бий/

2019.12.16

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин