• Эхлэл
  • Төрийн 135 их наядын хөрөнгийг мэдээллийн нэгдсэн системээр хянана

Төрийн 135 их наядын хөрөнгийг мэдээллийн нэгдсэн системээр хянана

2025/12/03

Засгийн газрын өнөөдрийн /2025.12.03/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар холбогдох сайд нар дараах мэдээллийг өглөө.


УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БЯМБАЦОГТ:

-Төрийн өмчит компаниудын засаглал бүтээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сард  УИХ-д өргөн мэдүүлсэн. Жил болох гэж байна, УИХ яаралтай баталж өгөх шаардлагатай. Мөн Нийтийн өмчийн тухай хуулийн төслийг УИХ-д өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан, баталж өгөх шаардлагатай. Энэ хуулиудыг баталж, эрх зүйн орчин бүрдсэний дараа төрийн өмчит компанийн засаглалыг ил тод болгох, менежментийг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчин бүрэн утгаараа бүрдэх юм. Түүнийг хүлээхгүйгээр Засгийн газраас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж байна.

“Эрдэнэт” үйлдвэрт гурван төрлийн хулгай байсан. Тендерийн хулгай, шахааны хулгай байсныг  хиймэл оюун ухаан ашиглаж бараа, ажил үйлчилгээг худалдан авдаг болсноор зогссон. Нэг ёсны бараа материал шахдаг, тендерээр дамжуулж хийдэг байсан шахаа байхгүй болсон. Зэсийн баяжмалын гэрээ хийхдээ агуулга багатай хийгээд өндөр агуулгатай зарж гэрээний хулгай хийдэг байсныг уул уурхайн биржээр дамжуулж зэсийн баяжмалыг борлуулдаг болсноор зогссон. Овоолгын хулгайг удахгүй шийднэ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани дээрх бүх худалдан авалтын гэрээг ил болгосон. Үүнтэй адил сайн жишгүүдийг хоёр, гуравхан компани дээр бус төрийн оролцоотой бүх компани, орон нутгийн оролцоотой үйлдвэр, аж ахуй нэгж, төсөвт байгууллага гээд 7000 орчим нэгж байгууллагыг хамруулсан өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим системийг бий болгох шийдвэрийг гаргалаа.  Тэнд бүх мэдэээллийг ил тод байршуулна.

Төсвийн хөрөнгөөр байгуулагдсан 7000 орчим байгууллага дээр 135 их наяд төгрөгийн хөрөнгө байна. Үүнээс 22 их наяд нь 21 аймаг болон нийслэлийн өмчит, 113 их наяд нь төрийн өмчид бүртгэлтэй.

Төрийн хөрөнгө нь бүртгэлтэй мөртлөө нээлттэй биш байдаг. Тухайлбал, бараа материалыг хэдээр худалдан авсан, ямар үнээр авсан, хэрхэн яаж зарцуулж байгаа, ашиглалтын байдал нь ямархуу байгаа вэ, актлаад яах вэ гэдэг нь нээлттэй биш учраас төрийн өмч эзэнгүйддэг, үгүй хийдэг, үрж шамшигдуулдаг, үнэгүй шахам бусдад  ашиглуулдаг байдал газар авсан. Бүртгэл мэдээллийн нэгдсэн систем бий болсноор төрд байгаа 134 их наядын хөрөнгийн мэдээлэл ил тод болно.

Түүнтэй адилхан төрийн өмчит байгууллага, компанийн санхүүгийн тайлан, худалдан авах ажиллагаа, байр саваа хэнд яаж түрээслүүлж байгаа, хүмүүсийн шаарддаг компанийн засаглал, үйл ажиллагаа, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт, Төлөөлөн удирдах зөвлөлд нь ямар хүмүүс байдаг, ямар шийдвэр гаргасан энэ бүхэн цахим системд ил тод тавигдана. Ингэснээр тухайн компанийн гүйцэтгэлийн үнэлгээнээс эхлээд ямар үр дүн гаргаж байгаа энэ бүх мэдээллийг ил тод авах боломж бүрдэнэ. Ингэх юм бол төрийн өмч дагасан хардлага сэрдлэг, хулгай зэлгийг таслан зогсоож, төрийн өмчид үрэлгэн ханддаг байдал цэгцэрнэ гэж үзэж байна гэлээ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна