• Эхлэл
  • Хариуцлагагүй мэдээлэл-Тэсрэх бөмбөг

Хариуцлагагүй мэдээлэл-Тэсрэх бөмбөг

2020/04/17

Бодлогогүйгээр хэлсэн нэг өгүүлбэр, буруу мэдээлсэн нэг үг ч ямархуу хэмжээний гамшиг тарьж болохыг бид одоо харж байна, коронавирусын “буян”-аар. Өмнө хуурамч мэдээлэл, хариуцлагагүй үг өгүүлбэр ямар гай тарьж болохыг олонтаа анхааруулж байсан ч тоож тоомсорлосон нь ховор. Харин нийгмийн сэтгэл зүй тогтворгүй, айдас хүйдэстэй байгаа өнөө үед мэдээлэл хэрхэн савлаж болохыг харуулж, бас болгоомжилж чаддаг болж байна, муу юманд ч сайн тал байдаг гэдэгчлэн.

Гэвч хаа, хаанаа анхаарах зүйл байсаар байгааг цаг хугацаа харуулсаар. Тухайлбал, “Монос”-ын хэмээх кэйс. Нэг үеэ бодвол гар ариутгагч, амны хаалт харьцангуй хэрэглэж сурч байгаа монголчуудын хувьд Санитол гэдэг бүтээгдэхүүн өдөр тутмын байнгын хэрэгцээ болж чадсан. Тэр хэрээр ч зарим тохиолдолд хомсдол үүсч магадгүй байдалтай байсан. Гэтэл энэ долоо хоногт мэргэжлийн хяналтын байгууллагаас “Монос”, “Нахиа” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг техникийн спиртээр хийж байсан гэсэн мэдээлэл цацсанаар эдгээр байгууллага руу дайрах дайралт шуурга мэт л дэгдэв. Мэдээж ийм мэдээллийн араас үндэсний үйлдвэрлэгчдээ зүхэх, үзэн ядах коммент шуурч, “Даанч тийм байх аа, гар хуурайшаад байсан...” гэх давалгаа дэгдэв. Гар ариутгагчтай “найзалсан” хоёр сар гаруйн хугацаанд уг нь монголчууд спиртийн найрлагатай ямар ч бүтээгдэхүүн арьс хуурайшуулдгийг хангалттай ойлгодог болсон. Гэвч албаны хүний орон даяар цацсан мэдээллээс үүдээд “Монос”-ын бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, цаашилбал гараа ариутгахаа болих, эсвэл гар ариутгагчийн хомсдол үүсч болохыг үгүйсгэх аргагүй. Угаас дээр өгүүлсэнчлэн нийгмийн сэтгэл зүй тогтворгүй байгаа энэ үед нэг ч гэсэн өгүүлбэрийн хор уршиг төсөөлшгүй. Тэр тусмаа хүн болгоны амьсгаа даран хүлээдэг болсон албаны мэдээллийн цагаар албаны хүний хэлсэн үг...

Мэдээж хэрэг үүний араас нэр дурдагдсан компаниуд мэдээлэл, няцаалт гаргасан, мэргэжлийн байгууллагын зүгээс ч хариу тайлбар илгээсэн. Үүнтэй зэрэгцээд “Төр төмөр нударгаа харуулна” гэсэн аймшигтай үг дагалдаж байна. Уг нь зүй ёсоор бол төрийн алба ямар ч тохиолдолд хяналт шалгалт нарийн хийсний дараа мэдээллээ олон нийтэд түгээх ёстой. Хэрвээ компани аж ахуйн нэгж буруутай бол хариуцлагаа хүлээнэ. Буруу мэдээлэл тараасан бол төрийн алба уучлал гуйж, компанийн нэр төрийг сэргээх ёстой. Харамсалтай нь манай Монголын жишгээр бол төрийн алба уучлал гуйж, тэр тусмаа компанийн нэр хүндийг сэргээж байсан тохиолдол байхгүй. Нэгэнт нэр төр сэвтсэн бол яаж ч сэргээх аргагүй... гүйцээ.

Ямар нэг бүтээгдэхүүнд алдаа эндэл гарсан бол уучилж болшгүй алдаа. Үүнтэй адилхан төрийн байгууллага хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь аж ахуй нэгж, ард иргэдэд сөрөг нөлөөлөл үүсгэсэн бол мөн л уучилшгүй алдаа гэдэг нь тодорхой. Гэвч харамсалтай нь хэвлэл мэдээллээр өвч “зэвсэглэсэн” төрийн байгууллагын өмнөөс хувийн аж ахуйн нэгж тайлбар хийх нь хүч тэнцвэргүй тулаан л гэсэн үг. Хэдийгээр хувийн байгууллагууд хариу тайлбар хийж байгаа ч гэсэн цаашид үйл явц хэрхэн үргэлжлэх нь одоохондоо тодорхойгүй л байна. Эндээс юу хэлэх гэсэн бэ гэвэл төрийн албаныхан орон даяар цацаж буй мэдээлэлдээ анхааралтай, бүр маш болгоомжтой хандаасай л гэснийх.

Өнөөдөр эмийн сангаар орж, гар ариутгагч сураглалаа. Эмийн санч бүсгүй болгоомжилсон байдалтай “Монос”-ын Санитол зарахгүй байгаа гэж түгдэрч байна. Оронд нь тэгээд бидэнд ямар сонголт үлдэх вэ? Гараа гэртээ савангаар угаагаад суух уу, хаана хийсэн нь тун ч тодорхойгүй, эсвэл гадаадаас оруулж ирсэн гар ариутгагчаа авах уу?  

Сар гаруйхны өмнө гар ариутгагч олдохгүй сандарч байхад, уртасгасан цагаар ажиллаж, хэрэглэгчдэд хямд үнээр хүргэж байгаа “Монос”-ынханд бид баяр хүргэн алга ташиж байсан бол өнөөдөр харин “Төрийн төмөр нударгаа хүртээ” гэж алга таших болох нь уу? Эсвэл стандартын талаар үл ойлголцол, давхардал, буруу мэдээлэлтэй байсан юм аа гэсхийгээд өнгөрөх үү? Нийгмийн сэтгэл зүй ч шуурга мэт, хэдхэн хоногийн өмнө “Монос”-ын тусгаарлагдсан иргэдэд чин сэтгэлийн захидал, шаардлагатай зүйлсийг илгээж, онцгой байдлынхан болон бусад шаардлагатай албаныханд бүтээгдэхүүнээ сайн дураараа хандивлаж байсныг аль хэдийнэ мартсан. Санитол хэмээх гар ариутгагчийг шагшиж байсан нь ч хаачив. Уг нь тэд одоогоор 90 гаруй сая төгрөгний бүтээгдэхүүн, сайн үйлсэд зориулаад байгаа юм билээ. Угаас хүний сайныг мартаад, мууг нь шагшихдаа сайн юм чинь, манайхан. Ямар сайндаа л сар гаруй өмнөөс ярилцаад сэтгүүлчдэд амны хаалт бэлэглэх байсан хугацаа нь давхардсаныг “Сэтгүүлчдийн амыг маскаар хаах нь” гэж мушгиж байх вэ дээ? Дашрамд сануулахад үүнийг бичигч “амаа маскаар” хаалгаагүй, төрийн албаныхан аливаа мэдээлэлдээ хариуцлагатай хандаач гэх гэсэн юм шүү.  Айж сандарч буй олон нийт рүү “тэсрэх бөмбөг” бүү шидээч. Тэр тусмаа байгаа хэдэн үндэсний үйлдвэрлэгч рүүгээ байн байн төрийн төмөр нударга бүү далайгаач...

А.Туяа


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин