• Эхлэл
  • М.Энхсайхан С.Баяр, Да.Ганболд, С.Баярцогт давхацсан шүүх хуралтай өдөр

М.Энхсайхан С.Баяр, Да.Ганболд, С.Баярцогт давхацсан шүүх хуралтай өдөр

2020/05/05

Чингэлтэй дүүргийн шүүхэд энэ өдөр /2020.05.05/ Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал 08.30 цагт товлогдсон. Түүнийг өмнөх шүүх хурлаас “Сошиал сүлжээнд хэтэрхий идэвхтэй байгаа нь шүүх ажиллагаанд нөлөөлөх магадлалтай” гэсэн сонирхолтой шалтгаанаар саатуулан баривчлагдахаар болсон. Урьдчилан саатуулах төвөөс шууд ирүүлсэн болохоор энгийн бэлтгэлийн хувцастай харагдана билээ. Түүний шүүх хурал нээлттэй учраас шүүхийн байран дахь дэлгэцээр шүүх хурлын явцын эхлэлийг харуулж байснаа, нотлох баримт, гэрчийн мэдүүлгийн хэсэгт бичлэгийг зогсоосон.

Яг үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал асан Да.Ганболд “Эрдэнэс Монгол” -н захирал асан С.Бямбасайхан нар Чингэлтэй шүүхэд ирсэн. Тэдний шүүх хурал хаалттай зарлагадсан бөгөөд төд удалгүй ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 11-нд болохоор хойшлогдлоо. Албан мэдээлэлд дурдсанаар бол оролцогч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас шүүх хурлыг хойшлуулсан гэжээ.

С.Баяр нарын долоон хүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан буюу Оюутолгой гэрээг байгуулахдаа “Айвенхоу майнз” компанид илт давуу байдал үүсгэсэн гэсэн хэргээр 2017 оноос шалгаж эхэлсэн.  

2018 онд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Бямбасайхан нар саатуулагдан баривчлагдаж байсан юм. Шүүгдэгчдийн хувьд гэрээний төслйиг тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу бэлтгэж УИХ баталсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын хамтын шийдвэр байсан гэж тайлбарладаг.

Харин М.Энхсайханы хувьд “Эрдэнэс Тавантолгой”-ын гэрээний тухайтад буруутгаж буй бөгөөд үүнийг 

1-рт Гэрээ батлагдаж, хэрэгжээгүй.

2-рт. Мөн л гэрээний төслийг М.Энхсайхан ганцаараа бэлтгээгүй, кабинетын зарчмын дагуу тухайн үеийн Засгийн газар бэлтгэж танилцуулсан гэсэн тайлбарыг өмнө илэрхийлж байсан.

Мөн М.Энхсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан буюу ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээс авто машин худалдаж авсан гэсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна. Нээлттэй мэдээлсэн шүүх хурлын танилцуулгаас ойлгосноор бол “Эрдэнэс Тавантолгой” ажлын хэсгийн нэгж 2013 онд 55 сая төгрөгөөр М.Энхсайханы хамаарал бүхий этгээдээс автомашин худалдан авсан гэжээ. Харин өмгөөлөгч

-1-рт. М.Энхсайхан бус “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ энэ шийдвэрийг гаргасан.

2-рт. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

3-рт. 55 сая төгрөгөөр машин худалдан авсан атал яагаад прокурор 130 сая төгрөг гэсэн нь тодорхойгүй гэсэн тайлбаруудыг хэлж байлаа. Ингээд шүүх хурлыг цаашид дэлгэцээр харуулахыг зогсоосон бөгөөд шүүх хурал үргэлжилж байна.   

 А.Туяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин