• Эхлэл
  • “Шаргалжуут” ЦААЗЫН ТАВЦАНД!

“Шаргалжуут” ЦААЗЫН ТАВЦАНД!

2020/08/28

Баянхонгор аймгийн төвөөс  зүүүн хойд зүгт, 60 километрын зайтай “Шаргалжуут”-ын рашаан сувиллыг монголчууд  андахгүй. Анх, 1690 оны үед Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн  Лувсанданзанжанцан нарын хутагт хувилгаадууд уг рашаан дээр судалгаа хийж,  хүн ардыг эмчилж ирсэн эртний түүхтэй.

“Шаргалжуут”-ын халуун рашаан нь анагааж эмчлэх чанар, эмнэлзүйн ач холбогдол, байгалийн өвөрмөц тогтолцоо, байгалийн жамаар ундран гарах хэмжээгээрээ дэлхийд  хосгүйд тооцогддог. Харамсалтай нь, эртний түүхтэй энэхүү рашаан сувилал өнөөдөр ЦААЗЫН ТАВЦАН  дээр иржээ. 

Тус рашаан сувилалд жилдээ 10 гаруй мянган хүн ирж, эмчлүүлдэг. Рашаан эмчилгээг жил алгасахгүй хийх эмчилгээний стандарт, заавартай байдаг. Гэвч, ирэх есдүгээр сараас  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шийдвэрээр “Шаргалжуут”-ын рашаан сувиллыг хаах асуудал  яригдаж эхэллээ. Хэрэвзээ уг рашаан сувиллыг хаавал иргэдийн эмчилгээ тасалдах эрсдэл нүүрлээд байна.  

“Шаргалжуут”-ын халуун рашааныг устгаж, газрын гүний дулааны цахилгаан станц барих нэрээр  их мөнгө олох зорилготой улс төр, бизнесийн бүлэглэл 2013 оноос эхлэн өнөөг хүртэл рашааны орд газрыг булааж авахаар улайран дайрч ирсэн  явдал сүүлийн үед бүр ч эрчимжиж эхэлжээ.  Монголчуудын зорин очих дуртай тус рашаан сувиллыг хааж,  гүний цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд ашигтай гэх зарим хүмүүсийн мөнгөний сонирхол энэхүү рашаан сувиллыг “үхлийн ирмэгт” аваачих болсныг нутгийн иргэд шүүмжилж байна.  

“Шаргалжуут”-ыг хааж,  газрын гүнд байгаа галт уулын халуун хайлмаг дээр  гүний цахилгаан станц барьснаар Баянхонгор аймаг  экологийн сүйрэлд орох эрсдэлтэйг байгаль экологичид болон эдийн засагчид анхааруулж байгаа юм.   Гүний станц нь цэвэр ус  маш ихээр ашигладаг учир ойр орчмын бүх гол, булаг ширгэж хуурайшиж намагших эрсдэлтэй. Мөн газар хөдлөлт эрс ихэсдэг болохыг эрдэмтэд хэлж байна. Нөгөөтэйгүүр, гүний  станцын цэвэр усны хэрэглээг Баянхонгор аймгийн цэвэр усны нөөц нэг сар ч хангаж чадахгүй аж.

“Шаргалжуут”-ын рашаан сувиллын газрыг  “дээрэмдэх” асуудал 2013 оноос эхэлж, эцэст нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарамт шахалтаар рашаан сувиллыг  хаах асуудал өнөөдөр ид хөндөгдөж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинэхэн дарга  Т.Гантулга анхны ажлын томилолтоо Баянхонгороос эхлүүлж, “Шаргалжуут” дээр  28 хүнтэй десант буулгасан нь ард түмэнтэйгээ  “Хүчээ нэгтгэх” андгайтай үнэмлэхүй олонх болсон МАН ард түмэн, бизнес эрхлэгчдээ дарамтлах болсны бодит нотолгоо гэж харах үндэслэл ч байна.

“Шаргалжуут” рашаан сувилалд 160 хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг.  Гэвч, аймгийн удирдлагууд асан Г.Батжаргал, Б.Батсуурь нар нь Японд Элчин сайдаар сууж асан С.Хүрэлбаатартай нийлж, нутаг усныхаа рашааныг сүйдэлж, мөнгөөр зарах сонирхолтой байгаа бололтой. Учир нь, “Шаргалжуут” компанийн  зүгээс тус рашааныг төрийн хамгаалалтад авах хүсэлтийг гурван жилийн өмнөөс гаргасан ч өнөөг хүртэл нутгийн удирдлагууд хүлээж аваагүй нь нутгаа зарах гэсэн сонирхол байсных уу гэх хардахад хүргэж байна. 

Хэрэвзээ нутгаа, рашаан сувиллаа боддог удирдлагууд бол аль хэдийнэ “Шаргалжуут”-ыг төрийн хамгаалалтад авах ёстой байв.  “Шаргалжуут”-ын зүгээс тусгай зөвшөөрлөө сунгуулах, газрын төлбөрөө төлөх хүсэлтээ удаа дараа тавьсаар буй ч орон нутгийн удирдлагууд нь хүлээж авахгүй байгаа нь ондоо сонирхол агуулж ирснийх гэхээс өөр барьцгүй болоод байна.


Сэтгэгдэл (1)

  • Одоо угаасаа хаагдсан гэсэн. Бүх тогоо таслаад турбо усаа хаагаад таслаад яваарай гэсэн гэсээн хөөрхий хэдэн сувилуулдаг хөгшид хэцүүдэх байх
    2020 оны 08 сарын 28
Сонин хачин