• Эхлэл
  • Э.Магнайбаяр: Тэд маань "Нар хараг дээ" л гэж улс төрийн сонголтоо хийсэн

Э.Магнайбаяр: Тэд маань "Нар хараг дээ" л гэж улс төрийн сонголтоо хийсэн

2020/11/14

Нийтлэлч Б.Сэмүүний Э.Магнайбаяртай хийсэн ярилцлагыг нийтлэлчийн зөвшөөрлийн дагуу хүргэж байна.  

Саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнд хамгийн "тодоор" мөрөө үлдээсэн Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Эрдэнэбаатарын Магнайбаяртай ярилцлаа. Сонгуулийн дараа түүний хийсэн сонголт цөөнгүй хүнийг бухимдуулж, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр чамгүй дуулиан дэгдээсэн билээ.

-Улс төрд хэдийнээс анх орсон бэ?

-2008 онд хуулийн сургууль төгссөнөөсөө хойш НАМЗХ-д нэлээн идэвхитэй явж байгаад дараа нь хувийн бизнесээ эхлүүлсэн. 2008 оны сонгуулиар Ө.Энхтүвшин гишүүний сонгуулийн кампанит ажилд сумаа хариуцаж ажиллаж байсан, манай тойргийн гишүүн л дээ. 2016 оны сонгуулиар Л.Энх-Амгалан гишүүнтэй ажилласан. Би өөрөө Хөвсгөл аймгийн Рашаант сумынх. Улс төрийн чиг баримжааны хувьд зүүний буюу социал демократ үзэлтэй. 2018 онд МАХН-д гишүүнээр элсээд Мянгат,  Түмтийн дарга хүртэл явсан. 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт намаасаа нэр дэвшиж өрсөлдсөн.

-Мянгатын дарга гэдэг нь ямар учиртай албан тушаал вэ?

-Хуучин хуулиар жижиг 76 тойрогтой байсан. Түүний нэг тойргийг нэг мянгат гэж байгаа юм. Хөвсгөл аймаг жишээ нь гурван мандаттай, мандат болгон нэг мянгат гэсэн үг. Мянгатын дарга нь өөрөө Түмтийн дарга байж болно. Есөн дүүрэг, 21 аймаг тус бүртээ нэг нэг Түмт болдог. Монгол Улсын хэмжээнд 30 түмт байна гэсэн үг.

-Аймаг, дүүргийн намын хорооны дарга гэсэн үг үү?

-Яг тийм. Албан бланк дээр ч гэсэн Түмт, Мянгатаараа явдаг.

-2020 оны УИХ-ын сонгууль жижиг намууд, шинэ нэр дэвшигчдэд маш халгаатай сонгууль болсон. Хуучин жижиг тойрог байхад л мөнгө шаарддаг байсан бол тойрог томссоноор бүр том мөнгөний л сонгууль боллоо. Ялангуяа залуу хүнд бол асар хүнд туссан байх. Сурталчилгаагаа яаж хийсэн бэ?

-Өөрийнхөө хэмжээнд бүх чадлаараа л хийсэн. Өмнө нь 39-р тойрогт нэр дэвшинэ гэсэн бодолтой найзуудаараа, СТА, дуучин Я.Гэрэлчулуун нартай үнэгүй тоглолт энэ тэр хийгээд сонгуулиас өмнө тойргоо хоёр ч тойрчихсон байсан. Я.Гэрэлчулуун бид хоёр оюутан цагийн найзууд л даа. Гэтэл 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулаад томсгосон тойрогтой болсон. Гэсэн ч чадлаараа л ажилласан. Аймгийнхаа 20 сумдаар явсан. Намынхаа, “Та бидний эвсэл”-ийнхээ мөрийн хөтөлбөрийг айл болгонд хүргэж чадсан. Ганц Ханх суманд л очиж амжаагүй. Хавар болчихсон болохоор шавар шавхай ихтэй, зам нь муу. Дээр нь хол учраас зардал чирэгдэл ихтэй болоод очиж чадаагүй. Бусад 20 сум, Мөрөнгийнхөө 14 хороогоор бол яс явсан.

-Хэдэн нэр дэвшигч өрсөлдөж, чи хэдэн хувийн санал авсан бэ?

-21 нэр дэвшигчтэй тойрог. Хорин хүнтэй өрсөлдөж, долоон хувийн санал авсан даа. Залуу хүний хувьд хүмүүст танигдаад, туршлага ч гэсэн хуримтлуулаад л ялагдсан даа.

-Тойрогтоо хэдээр гарсан бэ?

-Миний өмнө олон хүн байгаа. МАН-ын гурав, Л.Гүндалай, дараа нь АН-ын гурав, нэг бие даагч, ШИНЭН-ын нэг, дараа нь би. Миний ард бас арваад хүн байгаа. /инээв/

-Хөдөөний сонгогчид жаахан хулхи талдаа юу, үгүй юу? Царайг нь харахаараа “Дэмжиж байна, та шүү” гэчихээд явахаар нь нуруугаа харуулчихдаг?

-Тийм бишээ. Манай Хөвсгөлийнхөн бол дэмжинэ ээ л гэсэн хүнээ дэмжинэ шүү. Гол нь танигдсан байх л ёстой юм билээ. Би чинь дөнгөж 39-р тойрогтоо танигдах гээд явж байтал хууль батлаад томсгосон тойрогтой болчихоор өмнө танигдчихсан хүмүүст давуу талтай л болчихдог юм билээ.

-УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд намаас тань санхүүгийн дэмжлэг үзүүлсэн үү? МАХН байтугай АН-ын нэр дэвшигчдийг харахад хүндхэн сонгууль болох шиг харагдсан. МАН-ын нэр дэвшигч нар болохоор төсвийн мөнгөөр гараа угаагаад, бусад нь гудамжнаас гараад нэр дэвших чинь хол ялгаатай шүү дээ?

-Ер нь л хэцүү л дээ. ИЗНН, МУНН, МАХН гурав нийлээд “Та бидний эвсэл”-ээс 76 тойрогт 76 нэр дэвшигч гаргасан. Хөрөнгө санхүүгийн хувьд ч хэцүү л байсан. Зоригондоо л үзсэн дээ. Ах дүү, хамаатан садан, аав, ээжээрээ дэмжүүлсэн. Малчны зээлийг нь хүртэл авахуулаад, өөртөө байсан юмаа ч гэсэн зарахыг нь зараад, үрэхийг нь үрээд л сонгуульд орсон.

-Тэгвэл ялагдчихаад буцаад очиход бас л хүнд юм байна. Яаж хүлээж авсан бэ?

-Янз бүр л дээ. Зарим нь ч, залуу хүнд туршлага боллоо гэж хэлнэ. Зарим нь МАХН байхдаа яадаг юм энэ тэр ч гэнэ. Улс төрөөр яадаг юм, бизнесээ хийгээд яв ч гэж зарим нь ятгана.

-Өөрт чинь ямархуу байсан бэ?

-Ялагдчихсан хүн чинь яах вэ, эхнэр хүүхдээ дагуулаад нутаг орноороо жаал явсан даа. Аав, ээж дээрээ очиж хоёр сар сайхан амарсан. Наймдугаар сарын сүүлээр хотод эргэж ирсэн. Залгаад орон нутгийн сонгууль эхэлсэн дээ. Нэг удаа ялагдчихсаны дараа хоёр дахь сонгуульдаа ороход хүн бас халширмаар л болдог юм билээ. УИХ-д нэр дэвшээд явж байхад заримд нь ч бас “гарчих байх” гэсэн найдлага, итгэл байсан биз, найз нөхөд тойрч хүрээлээд л явж байсан. Ялагдчихаад ирэхэд аав, ээж, эхнэр, хүүхэд л үлддэг юм билээ.   

-Анх МАХН-д яагаад орсон юм?

-МАХН-аас шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулчихсан, тэрийгээ ард түмнээр хэлэлцүүлж байсан үе. Тэрийг нь би олж хараад, сонирхож судлаад, багт нь ороод ажилласан. Тэр, энэ нам нь муухай гэхээсээ илүү тогтолцоогоо сайжруулах, засч залруулах ёстой юм байна гэж харсан.

-Яагаад?

-Одооны Үндсэн хууль маань 30 жил болчихлоо. 1992 онд зэрэгцээд явж байсан улс орнуудаа харахад бид хаана хоцорчихсон байна гэдгээ жишээд харж болно. 1992 онд Хятад улс Монголоос дор л хөгжилтэй байсан шүү дээ. Өмнөд Солонгос ямар байлаа. 1980-аад онд Өмнөд Солонгос Монголын аж үйлдвэрийг судлаад, туршлага хуримтлуулаад явж байсан байх жишээтэй. Өнөөдөр гэтэл энэ улс дэлхийн хөгжлийн хаахна явна?  Сүүлийн 30 жилийн бидний хоцрогдлын шалтгаан аль нэг улстөрч, улс төрийн нам, хүчнээс гэхээсээ илүү систем нь болохгүй байна аа л гэдэг дүгнэлт хийсэн. Тиймдээ ч МАХН-аас боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төслийг батлуулахын төлөө явсан. Эрх зүйч мэргэжилтэй хүний хувьд төсөл дээр нь нэлээн суусан. Үг үсэг, цэг таслал болгон дээр нь ажилласан. Гол үндсэн агуулга нь бүх зүйл улс төрийн намаас хамааралтай байдгийг хязгаарлах, дээр нь баялгийн хуваарилалтыг эрх тэгш, ил тод болгох, хуримтлал үүсгэх, товчхондоо Скандинавын орнуудын адил нийт ард түмний хяналтан дор захиран зарцуулдаг байх тийм загварыг сонгосон байсан юм.

Дээр нь шүүхийн хараат бус байдлын асуудал. Одоо бол шүүгчдийг хэн нэгэн томилж байна. Ерөнхийлөгч томилдог байснаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ, Засгийн газар нь тэр томилгоонд нь оролцдог болох гэж байна. Тэгвэл 1960 оны Үндсэн хуулиар шүүгчдийг томилох биш, сонгодог л байсан юм билээ штээ. Ард түмнээс сонгодог болчихоор ард түмнээсээ л хараат болно, өөр хэний ч хараанд орохгүй гэсэн үг.

Одоо бол дөрвөн эрх мэдлийг сонгож байгаа. Ерөнхийлөгчөө, УИХ-аа сонгож байна, аймаг, нийслэлээ сонгож байна. МАХН-аас боловсруулсан, би өөрөө оролцоод явж байсан Үндсэн хуулийн төсөлд жишээ нь 9-10 хүнийг сонгодог байхаар нэмж оруулсан юм. Жишээлбэл шүүгчдийг сонгож байя. Монтескюгийн хяналт тэнцлийн зарчим гэж бий. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тус тусдаа байх ёстой. Гэтэл шүүх эрх мэдлээ УИХ, Засгийн газар нь томилдог болчихоор нөгөө хяналт тэнцлийн зарчим буюу шүүхийн хараат бус байдал чинь алдагдчихад байгаа биз дээ. Түүнийг ард түмнийх нь эрх мэдэлд өгье гэж байгаа юм.

Өнөөдөр “Байгалийн баялаг нийтйин өмч” гэж байгаа ч төр захиран зарцуулдаг байна гэдэг чинь ялсан намын эрхэнд байна аа л гэсэн үг. Үнэхээр л их баялаг байгаад байдаг, ухаад, гаргаад байдаг. Гэтэл өнөөдөр Монголчуудын 70 хувь нь Солонгос явахыг мөрөөдөж байна гэдэг судалгаа бий. Магадгүй, Солонгос визгүй болчихвол Монголд хүн үлдэх үү? гэдэг асуудал. Гэх мэтчилэн маш тодорхой өөрчлөлтүүд яригдаж, төсөл болоод явж байгаа.

-Нэг хүнээс хамааралтай нам төвөгтэй л дөө. Анх МАХН нэрээ өөрчлөөд МАН болсны дараа МАХН-ыг дахин байгуулаад сонгуульд бас л мөнгөтэй орж байсан. Олон ч гишүүн гаргасан. Одоо бол та нараас “бензин”-ээ хийдэг болчихсон юм байна, тийм үү?

-Аль аль намд нь л байгаа асуудал шүү дээ.

-МАХН одоо хэр олон гишүүнтэй вэ? Анх байгуулагдахдаа улс төрийн гурав дахь том нам гэгдэж байсан шүү дээ?

-50-60 мянган гишүүнтэй байгаа байх шүү. Аймаг, сум бүр дээр нэгжтэй, хөлтэй нам шүү дээ.

-Тэр нэгжүүдийг хэн тэжээх вэ? Гишүүдийнхээ татвараар санхүүжих үү?

-Өөрөө өөрсдийгөө авч явдаг л улсууд байдаг юм. Өөрсдийнхөө цалин, тэтгэврээр л болгодог. Намын гишүүнчлэлийн татвар гэхэд 1000 төгрөг. Тэр татварыг ч гэсэн хүн бүр төлөөд байхгүй л дээ.

-Сая гэтэл ямар шалгуураар МАН-ын гишүүн болчихов? Баянгол дээр АН, МАН хоёр суудал тэнцчихээд байхад нь АН-д биш, МАН-д орсонд олон хүн гайхаж, бас дургүйцэх шиг болсон?

-Яг тэнцчихсэн ч юм биш л дээ. МАН 20, АН 18, ХҮН хоёр, МАХН-аас би гарсан. АН-ынхан маань 18 төлөөлөгч дээрээ ХҮН-ын хоёр гишүүнийг аваад, намайг оруулаад засгаа авах боломж байна гэж харж байсан байх л даа.

-Гэтэл ХҮН-ын дарга нар “аль талд нь ч орохгүй, засаг барихгүй, сөрөг хүчнээ хийнэ” гээд зарлачихсан шүү дээ?

-Та хэрвээ сая харсан бол өнгөрөгч долоо хоногт болсон Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хурлаас дүүргийн засаг даргаа 100 хувийн саналаар сонгосон. ИТХ-ын даргыг сонгоход 23 хүн гар өргөсөн. Өөрөөр хэлбэл ХҮН МАН-тай хамтарч ажиллаж болно оо гэж үзсэн. ХҮН ч гэсэн нэг талдаа гарсан гэсэн үг биз дээ. Дээр нь АН-ын төлөөлөгчид анхдугаар хурлаа хийлгэхгүй 21 хоног гацааснаас болоод манай Баянгол дүүрэг ганцаараа эзэнгүй үлдсэн шүү дээ. Яагаад гэвэл хурал зарлах эрх нь манай АН-ын өмнөх тэргүүлэгчид байсан учраас.

-Өмнө нь эрх барьж байсан учраас уу?

-Тийм, найман жил засаглачихсан байсан.

-Тэгвэл ч бас тахимаа өгөхөд хэцүү л байсан байх л даа?

-Тийм л байх. Яалт ч үгүй “хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдгээр өнгөрсөн долоо хоногт өглөө л дөө. ХҮН-ын хоёр төлөөлөгч бол АН-ын төлөөлөгчид тэгж удаан хурлаа зарлахгүй байгаад, дээр нь намаа авч үлдэхийн тулд нэг хүнтэй дайтаад байгаад нь дургүйцсэн байж магадгүй. Тэрийгээ ч хурал дээр хэлж байна лээ. Ер нь бол Магнайбаярт хувь хүнд асуудал байгаагүй байх. Дүүргээ авч үлдэхийн тулд нэг хүнийг татуулах, айлган сүрдүүлэх, эсвэл нэг суудлыг хүчингүй болгочиход болно гэж тооцсон учраас л над руу тэгж их дайрсан байх. Өөр барьц байхгүй шүү дээ.

-Өндөг шидсэн, алгадаад авсан эмэгтэйчүүд АН-ын гишүүд, дэмжигчид байсан байх. Арга ч үгүй, өөрийнхөө нэр дэвшигчдтэй адил дэмжээд, саналаа өгөөд явсан юм чинь?

 -Яг үнэндээ дэмжээгүй штээ. МАХН-ын нэг хогийн юм, дэмжихгүй, барихгүй шүү л гэж байсан шүү дээ. МАН нь ч гадуурхаад, АН нь ч доромжлоод. Тэр болгоныг зөөллөөд "Нэг баг шүү, эвтэй байна шүү" гээд л явсан. Тэр болгонд гомдож гоншгоноод байлтай ч биш. Хамгийн гол үр дүн чухал байсан. 

-МАН-ынхан яасан гэж?

-МАН-ынхан бол бүр харьцах ч үгүй штээ. Гэхдээ би МАН-ын бүх айлаар явсан, нэгийг ч орхиогүй. 

-Хэдэн хүний саналаар дүүргийн төлөөлөгчөөр сонгогдсон бэ?

-50 хувь буюу 922 хүний саналаар сонгогдсон. Баянгол дүүргийн 23-р хороо 6000 орчим хүн ам, 1400 гаруй өрхтэй. Сонгогчдын тоо 3700 гаруй, тэдний 50 хувь нь саналаа өгсөн. Тэдний 50 хувийнх нь саналыг авсан гэсэн үг. Тойрогтоо бол өндөрхөн санал авсан, гэхдээ хамгийн өндөр нь биш. Манай тойрог хоёр мандаттай. МАН-аас хоёр, АН-аас нэг, МАХН-аас нэг хүн өрсөлдөөд АН-аас нэр дэвшсэн Болдбаатар бид хоёр сонгогдсон.

-Баянголчууд сайн санал өгсөн байна. Гэхдээ намаа сольчихоор сонгогчид тань яаж хүлээж авсан бол?

-Сонгогчид бол “за яахав, нэг талдаа гарчихлаа даа” баярлаж байгаа. Сүүлийн дөрвөн жилд манай Баянгол дүүргийн хөгжилд дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй шүү дээ.

-Цэнхэр тойрог учраас мөнгө өгөхгүй шүү дээ?

-Тийм. 2016-2020 оны сонгуулиар УИХ, нийслэлдээ МАН гарчихаар АН ялсан тойрогт төсөв мөнгийг нь шийдэж өгдөггүй юм байна. Би бол өөрийгөө тэрийг нь нөгөө тийш нь эргүүллээ л гэж харж байгаа. Иргэд ч гэсэн 20 хүнийг МАН-аас гараад ирж байгаа нь МАН-ыг засаглуулаад үзье гэсэн иргэдийн хүсэл байсан юм болов уу гэж ойлгож байгаа. Түүн дээр нь дэм өгөх л гэсэн юм. Дээр нь миний нэр дэвшсэн 23-р хороо маань Телевизийн арын өндөрлөг хэсэг, гэр хорооллын тойрог. Зам харгуй муутай, жалга гуу ихтэй л дээ. Тийш нь тавиулах хөрөнгө оруулалт ч хэрэгтэй.

-Та өөрөө 23-оор хорооны иргэн үү?

-Үгүй. Би Баянгол дүүргийн иргэн. 2006-2007 оноос хойш арав гаруй жил дүүрэгтээ оршин суусан.

-Хэрвээ ХҮН-ын хоёр АН-тай нийлээд бүлэг байгуулсан бол чи тэр бүлэгт орох байсан уу? Намын бүлэгт нь орох, намаа солих хоёр огт өөр зүйл шүү дээ?

-Ерөөсөө, угаасаа миний баримталдаг үзэл, улс төрийн сонголт маань социал демократ үзэл шүү дээ. МАХН соцдек, МАН ч соцдек үзэл баримтлалтай. Миний яагаад ч дэмжиж чадахгүй үзэл бол цөөнхөө дэмжиж, цөөнхөд боломж олгоно гэдэг үзэл санаа. АН-ын суурь үзэл санаа тийм шүү дээ. Чи мөнгөтэй бол эрүүл мэндийн үйлчилгээ авна, мөнгөгүй бол бараг "үх" гэж байгаа. Чи мөнгөтэй бол сурна, мөнгөгүй бол гудманд гарна. Чи мөнгөтэй бол магадгүй намд ор, сонгуулийн зардлаа өөрөө хариуц. Өнөөдрийг хүртэл тэгж явсны үр дүнд монголчууд хоёр туйл руугаа явчихлаа шүү дээ. Нэг хэсэг нь үгээгүй хоосон, нөгөө хэсэг буюу цөөнх нь асар баян. Тийм болохоор би яаж ч бодсон АН-д элсэх, эсвэл АН-тай хамтарч ажиллахгүй байсан.

-Тэгвэл яагаад сонгуульд орохдоо яагаад АН-тай хамтарсан юм?

-Тэр бол миний шийдвэр биш. Би тийм эрх мэдэлтэй ч хүн биш. Хоёр намын удирдлагууд дээгүүрээ ярилцаад “АН-тай хамтарч сонгуульд орно. Гэхдээ эвсэл байгуулах хугацаа нь хэтэрчихсэн учраас эвсэл байгуулж болохгүй юм байна аа” гээд бие биенээ дэмжээд сонгуульд орсон.

Яг үнэндээ би Үндсэн хуулиар олгогдсон улс төрийн эрхээ л эдэлсэн хүн шүү дээ. Өөр юуг буруу хийсэн бэ? Надаас өмнө ч гэсэн нэртэй төртэй улстөрчид намаас гардаг, ордог л байсан. МАН-аас гараад МАХН-д орсон, МАХН-аас гараад АН-д орсон хүмүүс ч бий. Тэр битгий хэл МАН-аас гараад АН-д орсон ч хүмүүс. Тэгэхээр Магнайбаяр гэдэг хүнд асуудал нь биш байсан байх аа л гэж боддог штээ. 

-Ер нь бол саяны тохиолдолд тойргоо хуваагаад сонгуульд орсон. Бие биенийхээ эсрэг нэр дэвшүүлэхгүй, өрсөлдөхгүй гэдэг л ганц тохироо байсан биз дээ?

-Хамтарч сонгуульд орсон шалтгаан ерөөсөө л тэр шүү дээ. Түүнээс биш өөр өөрийнхөө мөрийн хөтөлбөртэй сонгуульд орсон.

-Гэхдээ МАН-ын гишүүнээр элсээгүй, зөвхөн бүлэгт нь ороод явсан бол хүмүүс тэгтлээ дургүйцэхгүй байсан байх?

-Тийм хувилбар байсан уу гэвэл байсан. Ер нь л хэцүү юм билээ. Тэндээс ч нэг нь татаад “манайхтай ажиллана шүү” гээд, эндээс ч нэг нь татаад “манайхтай хамтарна шүү” гээд байх зовлонтой л юм билээ. Тийм учраас би маш хурдан шийдвэрээ гаргасан. Хэдийгээр хэцүүхэн замыг туулсан ч гэсэн одоо бол надад нууц байхгүй. Манайхны зарим нь “Ингэж амьтанд ад болж байхаар дуугүй явж байгаад кноп энэ тэрийг нь дараад, гайгүй ажил төрөл аваад, өөрийгөө үнэ цэнд оруулахгүй. Тэнэг байна даа" ч гэж л байсан. Энэ хорвоо дээр хамгийн зовлонтой хүн хэн бэ? Мэдэх үү?

-Мэдэхгүй.

-Нууцтай хүн хамгийн зовлонтой хүн л байдаг юм гэсэн. Би тэгж нуугдаж явахыг хүсээгүй. Түүний оронд зүгээр МАН-д нь элсээд явчихья л гэж шийдсэн. Хамгийн гол нь намайг сонгосон иргэдийн итгэл найдвар, тэдэнд амласан амлалт, хийж хэрэгжүлнэ гэчихсэн ажил маань хүлээж байна. Нийслэлд МАН олонхи болчихсон байхад би МАН-гүйгээр яаж амлалтаа биелүүлэх юм бэ. Сонгуульд ялаад, сонгогдоод гараад ирэхээр хамгийн түрүүнд “Хэлж ярьж байсан юмаа хэрэгжүүлчих юмсан” гэдэг ганцхан л бодол төрдөг юм билээ.

-Тэр бололцоог чинь олгоно гэж МАН амласан юм уу?

-Амласан гэхээсээ илүү улс төрийн ерөнхий зургаа харж байгаад миний өөрийн гаргасан шийдвэр. УИХ-даа МАН, нийслэлдээ МАН олонхи, дүүрэгтээ ч МАН олонхи болчихож байгаа учраас асуудлуудаа шийдээд явчих байх гэж бодож байгаа.

-Бүр чиний зурагтаа пост энэ тэр фэйсбүүкээр нэг явсан шүү дээ. “Энкантод таван өрөө байр амласан. Гэхдээ би тэрнээс болж МАН-д ороогүй” ч гэх шиг?

-Та өөрөө миний хувийн профайлыг харсан биз дээ. Ямар ч тийм зүйл байхгүй. Би залуу хүн. Тийм учраас өнөөдрийн энэ сонгууль, төлөөлөгчийн суудал миний эцсийн цэг гэж хэзээ ч бодохгүй, бодоо ч үгүй. Байр энэ тэр аваад, эсвэл албан тушаалаар наймаалцвал энэ миний эцсийн цэг л болно шүү дээ. Хэзээ ч тийм зүйл байхгүй. Байгаа ч үгүй.

-Байр өгье гэхээр нь чи татгалзчихсан юм биш үү?

-Тэгж ярьсан ч хүн байхгүй. Энэ шийдэл маань Магнайбаяр гэдэг нэг хүний, эсвэл 23-р хорооны асуудал биш, 230 гаруй мянган хүнтэй Баянгол дүүргийн асуудал. Миний биш, тэдний асудал шийдэгдэнэ, тэд маань “нар үзнэ” гэдэг үүднээс би улс төрийн шийдвэрээ гаргасан. Том зургаар нь харвал МАН-ын 100 жилийн ой дээр би өөрийнхөө хэмжээнд нэг дүүргийн асуудлыг шийдчихлээ л гэж бодож байгаа. МАН-ын түүх гэдэг монголчуудын ч гэсэн түүх. Зөвхөн нэг намын түүх биш.

-“Нар үзээгүй” гэхээр сүүлийн дөрвөн жилд Баянгол дүүрэг нөхцөл байдал хүндхэн байжээ дээ?

-Манай хороонд жишээ нь сургууль, цэцэрлэг байхгүй. Иргэд бол аль нэг нам ингэлээ тэглээ гэж ярихгүй байна. Сургууль, цэцэрлэгтэй болчих юмсан. Үер ус урсчихдаг жалга гуугаа янзалчих юмсан, чулуун замтай болчих юмсан л гэж байна. Өндөрлөг газар учраас асфальтан зам тавьж болдоггүй, хальтиргаа гулгаа ихтэй юм байна. Гэрэлтүүлэг, камержуулалт хийчих юмсан, хүүхэд шуухад нарлачихаар тоглоомын талбайтай болчих юмсан л гэж байгаагаас биш “энэ нам нь ингэсэн, тэр нам нь тэгсэн” гэдэггүй юм билээ.

-Төлөөлөгч нар бол ярина биз дээ? Манайхан ийм санал өгсөн чинь нийслэл шийдсэнгүй, төсвийг нь өгсөнгүй... ч юм уу?

-Тэрэн дээр бол асуудал байгаа. Улс төр гэдэг чинь угаасаа айхтар юм байна. Уг нь бол МАХН-аас гараад МАХН-д орсон, МАХН-аасаа гараад МАН-д орчихсон, тэр бүү хэл МАН-аас АН-д орсон хүмүүс ч олон бий. Дандаа том улстөрчид. Би бол дүүргийн нэг муу төлөөлөгч шүү дээ. Гэтэл улс төрийн маш том асуудал болгож чадлаа шүү дээ.

-Асуудал болгох ёстой сэдэв ч бас мөн байх л даа?

-Тийм ч байх. Гол нь дүүрэг дээр МАН, АН хоёр их ойрхон гарсан, АН засаглах уу, МАН засаглах уу гэдэг ширүүн өрсөлдөөн байсан учраас тэгж их анхааралд орсон байх. Баянгол дүүрэгт жишээ нь 500 гаруй төрийн албан хаагч байдаг юм байна. Дээр нь дүүрэгтэй гэрээ хийж ажилладаг хэсгийн ахлагч нар хороо болгон дээр байдаг юм байна. Нийлээд 800 орчим хүн байх шиг байна. Тэр 800 орчим хүн надад гомдсон барьсан, ажилгүй болчихож магадгүй гэдэг болгоомжлол байх шиг байна. АН засаглаж байсан учраас АН-ын хамаарал бүхий хүмүүс тэнд ажилладаг юм байна. Тэр хүмүүс надад гомдож байж магадгүй. Гэхдээ миний байр суурь бол цөөнхийн эрх ашгийн төлөө олонхийн эрх ашгийг хаяхгүй. 200 гаруй мянган хүн амтай Баянголчууд байна, тэдний өмнөөс сонголтоо хийсэн.

-Сая таны асуудал өндөр аваад дууссаны дараа хүмүүс ярьж байна лээ. Өмнө нь дүүргийн ИТХ-д хэн байх, юу хийх нь ерөөсөө чухал биш, хэн ч ойшоодоггүй байж. УИХ-ын том сонгуулиа л ярьдаг. Гэтэл сая Баянгол дээр болсон үйл явдал дүүргийн сонгуулийн ач холбогдлыг маш өндөрт шидэж өглөө гэж...   

-Тийм үү? Өмнө сонсоогүй үг байна. Надад бол гоё л сонсогдож байна. Нэг ч гэсэн сайн мэдээ.

-Сая болсон орон нутгийн сонгуулийн өмнө ч гэсэн АН засагласан дүүргүүд зовлонгоо ярьж байсан л даа. Нийслэлд 2016-2020 онд МАН засагласан чинь АН-ыг сонгосон дүүргүүд дээр төсвийг нь тавьж өгөхгүй байсан гэнэ ээ...

-Яг үнэн. Нийслэл, дүүрэг, УИХ нь нэг талдаа багтаад явчихаар санхүү, төсвийн асуудал нь ядаж нэг мөр шийдэгдээд явчих юм билээ. Энэ бол дээрээ байгаа асуудал. Дороо ч гэсэн бас асуудал байдаг юм байна. УИХ-ын гишүүн жишээ нь тойрогтоо хөрөнгө оруулах гээд сургуулийн барилгад 1,2 тэрбум төгрөг төсөвлүүлсэн чинь дүүрэг нь “Зураг төсвөө хийгээгүй” ч билүү шалтаг хэлээд улсын төсвөөс батлагдаад ирсэн хөрөнгө оруулалтыг Баянгол дүүрэг буцаачихсан жишээ байна шүү дээ. Зөвхөн дээрээс мөнгө өгдөггүй биш, өгсөн мөнгийг нь нөгөөдүүл нь “Энэ МАН-ын ажил болчихно, бид нар өөрсдөө шийдэж байж бидэнд оноо болно” гэсэн үү, буцаасан гэж байна.

-Үнэхээр бодитой болсон юм уу?

-Бодитой болсон. Д.Лүндээжанцан гишүүний тойрог дээр. Манай хорооныхон л яриад байна лээ. Олны үг ортой л байлгүй.

-Танай хороо юм уу?

-Тийм. Э.Бат-Үүл даргын үед төсвөөс мөнгө гаргаад сургууль, цэцэрлэгийн барилга барихаар есөн айлын газар чөлөөлүүлсэн юм байна. 30-120 гаруй сая гэсэн байх, нэлээн гайгүй үнээр айлуудыг хашааны газрыг нь худалдаж аваад газар чөлөөлсөн юм байна. Тэнд нь сургууль барих гээд хөрөнгө оруулалтыг нь шийдтэл улс төрийн шалтгаанаар зогсоосон. Одоо болтол сургууль байхгүй. Тийм болохоор би муу байна уу, муухай байна уу нүүрээ бартал явж байгаад сургууль, цэцэрлэгтэй болгоно л гэсэн бодолтой яваа. Сонгогдсон төлөөлөгчийн хувиар хорооныхаа асуудлыг шийдүүлэхийн төлөө ёстой гуйдгийг нь гуйгаад, түйдгийг нь түйгээд явна. Яах вэ, дөрвөн жилийн дараа үр дүн нь харагдах байх аа. Анхны удаад өндгөөр шидүүлж эхэлсэн. Дөрвөн жилийн дараа цэцэг шидүүлэхийн төлөө л явна даа. Баянголд дүүрэгт тулгамдсан маш олон асуудлууд байгаа. Тэрийгээ дэс дарааллаар нь эрэмбэлээд шийдээд явж чадвал дөрвөн жилийн хэн юугаар шидэхийг харж мэднэ дээ.

-Гэвч МАН маш олон “цүнх баригчтай” нам. Өөрийнхөө хүчээр, зүтгэлээр яваад ажил, албан тушаалд хүрсэн нь хэд байдгийг мэдэхгүй. Гэхдээ л ямар ч кран энэ тэргүй хөдөөний залуу шууд алхаж орж ирээд “намын төлөөлөгч” гээд явахаар бусад нь яаж хүлээж авах бол?

-Тэр надаас шалтгаална гэж би бодож байна. Би сэтгэл зүйн хувьд өөрийгөө маш их засч, зоригжуулж яваа. Ямар ч тохиолдолд чиний сонголт зөв шүү, зөв зүйлийн төлөө явж байгаа шүү гэж өөртөө байнга хэлдэг. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана гэж нэг үг байдаг даа. Аль болох цөөн хүнийг гомдоож, илүү олон хүнийг баярлуулахын төлөө л явна даа. Нэг их эргэлзээд байгаа зүйл байхгүй ээ.

-МАН-д таны суудал маш том хүч өгсөн гэдэг бол гарцаагүй үнэн. Ганцхан суудлаар бүхэл бүтэн дүүргийг авчихлаа шүү дээ. Хариуд нь яаж хандах, ямар хариу барих нь МАН-ын өөрийнх нь улс төрийн соёл, ёс суртахууны асуудал юм даа. Танаас нэг их шалтгаалахгүй байх?

-Би хувьдаа өөрийгөө тэгж өндөр үнэлээд, туниад байгаа юм байхгүй. Ямар ч байсан 23-р хороондоо хийх ёстой ажлаа хийнэ, дээрээс нь надаас бүх зүйл шалтгаална. Би өөрөө хариуцсан ажлаа хамт олныхоо өмнө сайн сайхан хийгээд явбал хаана ч үнэлэгдэнэ. Хичнээн айхтар мундаг хүн байгаад баг, хамт олонтойгоо гар нийлж ажиллаж чадахгүй бол жийгдээд л хоцордог хорвоо шүү дээ. Тэрийг цаг хугацаа л харуулна.

-Намын гишүүнд элсэхэд ямархуу процессийг дамжсан бэ?

-Анкет бөглөдөг юм байна. Тусгаар тогтнолын ордонд очиж анкетаа бөглөөд хоёр хувь зураг, өргөдөлтэйгээ өгсөн. Тэгээд л батлахаа авсан шүү дээ.

-Дүүргийн төлөөлөгчөөр сонгогдсон батламжаа авахаасаа өмнө МАН-ын батлах авчихаар чинь хүмүүс “Аа, энэ нөхөр анхнаасаа ийм санаатай байсан юм байна” гэж хардах нь аргагүй биз дээ?

-Харин тийм. Тэр хүмүүсийн хар сэр ерөөсөө ч арилахгүй юм байна гэдгийг би ч  гэсэн ойлгосон. Би МАХН-ын гишүүн байхдаа намынхаа үйл хэргийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан, зүтгэсэн. Тэрний бас нэг баталгаа нь сонгуулийн өмнө миний хэлсэн үг. Хэрвээ би сонгуулийн өмнө тийм тооцоо хийчихсэн байсан бол МАН-ыг тэгж хатуугаар шүүмжлэх байсан уу?

-Нээрээ аав, ээж хоёр тань нутагтаа байгаа гэсэн. Энэ сонголтыг тань хэрхэн хүлээж авсан бол?

-Аав, ээж хоёр маань намайг л дэмжинэ. Миний ч гэлтгүй хүний эцэг, эх бүгд л тийм байдаг.

-Аав, ээж хоёр тань бас намын гишүүн үү?

-Үгүй. Ер нь тэр, энэ намыг дэмжиж байна гэхийг нь би сонсч байгаагүй юм байна. Хүнийг нь л их шинждэг байсан байх. УИХ-ын сонгуулиар бол мэдээж МАХН-ыг дэмжсэн.

-Өндөг энэ тэр шидүүлээд, танихгүй эмэгтэй хүнд алгадуулыг тань харсан бол муухай л санагдах байсан байх?

-Бурхны авралаар яг тэр үед аав, ээж хоёр маань өвөлжөө рүүгээ нүүж таарсан. Өвөлжөөндөө буугаад, зурагтынхаа антеннийг холбож амжаагүй байхад нь тийм юм болсон байна лээ. Хэрвээ тэр үед нь намайг харсан бол хүний эх болохоор ээж маань л их шаналах байсан. Манай хоёр сумаасаа 40-50 км-ийн цаана Сэлэнгийн захад өвөлждөг юм. Гурав дөрвөн ч том даваа давж очдог. Миний багад их л хол нүүдэл санагддаг байсан. Ачааны машинаар бүтэн өдөржин явдаг газар. Тэрэнд нь би баярлаад байгаа, ёстой бурхан тэнгэр харсан байх.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Айлын том, хоёр охин дүүтэй. Хөвсгөл аймгийн Рашаант сум, хуучнаар Мэргэн гүний хошуунд төрж өслөө. Би чинь наймдугаар ангиа төгсөөд гурван жил мал малласан хүн шүү дээ. Мэргэн гүн Гомбожав гэдэг хүний үр садууд тэнд олон байна аа. Н.Энхбаяр даргын гэргий Цолмон хатагтай Гомбожав ноёны зээнцэр гэдэг байх шүү. У.Хүрэлсүх сайдын гэргий бас манай нутгийнх болж таарсан. Өвөөгийнхөө насны ойг тэмдэглээд, наадам хийгээд явсан гэж сонссон.

-Яагаад мал малласан юм бэ?

-Аав, ээж хоёрыгоо хайрлаж өрөвдөөд, тус дэм болох л гэж гарсан байх даа. Мал маллах ч бас амаргүй л ажил шүү дээ. Хамгийн хэцүү нь үе тэнгийнхнээсээ хоцорчихож байгаа мэдрэмж л их төрдөг юм билээ. Ангийн найз нөхөд аравдугаар ангиа төгсөөд оюутан болоод явчихсан. Тасарчихсан сайхан цагаан цагаан залуучууд, хүүхнүүд тас тас инээлдээд зуныхаа амралтаар ирнэ. Би чинь нөгөөдүүлээсээ ичээд юм ч ярьж чадахгүй, бараанд нь дагаад л явна. “Сайн уу” гэхээр нь л баярлаад, бараг зунжингаа бодож байгаа юм чинь. “Эд нартайгаа хөл нийлж алхахсан” гэсэн ганцхан л том мөрөөдөл байсан даа, тухайн үед. Гурван жилийн дараа ээжийгээ уйлуулж орхиод сургуульд явсан. Мөрөнд оройгоор аравдугаар анги төгсөөд “Их засаг” их сургуульд орсон. Оюутан байхдаа бол ёстой оюутан шиг оюутан байсаан.

-Тэр үед яагаад хуульч болъё гэж бодсон юм бэ?

-Аав маань надад зөвлөсөн юм. Миний хүү үнэхээр л сурмаар байгаа бол хуулиар сурахгүй юу даа л гэсэн. Манай аав чинь бас айхтар хүн л дээ. Сургуулиа төгсөөд цэрэгт явж ирээд, манай ээжтэй суугаад л малчин болсон, одоо ч малаа маллаж байгаа. Одоо бодоход 2020 он миний хувьд амаргүй л жил байлаа. Зургаан сарын 24-нд ялагдаад, арван сарын 15-нд ялаад, 20-ноос эхлээд бараг сарын тал илүү хугацаанд таних, мэдэхгүй баахан л хүмүүсээр хараалгаж, доромжлууллаа.

-Намаасаа гарсны тань дараа МАХН-аас, эсвэл сонгуульд хамтарч орсон АН-аас тантай улс төрийн ямар нэг хариуцлага ярьсан уу?

-МАХН-ын Ёс зүйн хорооноос нэг бичиг гаргасан байсан. “Энэ хүний намаасаа гарсан асуудал нь авилгатай холбоотой байж магадгүй учраас шалгаж өгнө үү” гэж АТГ-т хандсан байна лээ, би очиж мэдүүлэг өгсөн. Яг надтай тулж бол янз бүрийн хариуцлага яриагүй. АН-аас ч гэсэн тийм зүйл болоогүй.

-Ер нь МАН, МАХН хоёр нэгдэхэд юу саад болдог юм бэ? Яг адилхан зүүний нам, тэгээд нэг угшилтай. Тусдаа яваад нэг их үр дүнд хүрэхгүй гэдэг нь ч харагдсан гэж би бодож байна?

-Нэгдэх, нийлэх асуудал зөвхөн Магнайбаяраар битгий хаагдчихаасай гэж би хувьдаа боддог. Анхнаасаа нэг л нам байсан юм чинь цаашдаа хоорондоо ойлголцоод, нэгдэж нягтраад явбал олон залуучууд, олон мянган гишүүд дэмжигчид баярлах байх гэж боддог. Гомдох хүн нь цөөхөн, баярлах хүн нь олон байх аа. Гэхдээ тэрийг би ямар шийдэх биш.

-МАН-ын залуучуудтай хэр ойр вэ?

-Ойр дотно болоход бас цаг хугацаа орох байх л даа. Манай Баянгол дүүргийн нам бол дандаа сайхан залуучууд байна лээ. Гишүүд нь их залуужсан, ажиллагаа өндөртэй, сайхан баг хамт олон дотор орж ирээд л байж байна. Улс төрийн хувьд ч нэлээн туршлага хураалаа л гэж бодож байгаа. Хоёр сонгуульд орлоо, ялж, ялагдаж үзлээ. Шүүмжлүүлж, муулуулж ч үзлээ.

-Жижиг намд том байх нэг хэрэг, том намд жижиг байх өөр хэрэг. Тэрийг тооцсон уу?

-Тийм байх аа, зовлонтой байх. Тэглээ гээд тэрийг нэг их тооцоолоод байсангүй. Би өөрийгөө аль ч хамт олонтой баг болоод, гар нийлээд, зэмлэл шүүмжлэлийг нь сонсоод явж чадна л гэж бодож байгаа. Би өөрийгөө хоёр л зүйлээр зоригжуулдаг юм. Нэгд, эхнээс нь гал дундуур яваад үзчихлээ, хэр баргийн юмыг даваад гарах бэлтгэл шүү гэж нэг өөрийгөө зоригжуулдаг. Хог новш, гахай, нохой гэдэг үгийг нэг хүнээс биш, арав, 100 хүнээс биш, улс орон даяар сонслоо, чичлүүллээ. Үүнийг даваад гарна гэдэг чинь их том даваа шүү гэж өөрийгөө зоригжуулдаг. Хоёрдугаарт, Баянгол дүүрэг чинь дандаа томчуудын тойрог. Н.Энхбаяр, М.Энхболд, С.Эрдэнийн тойрог шүү дээ. Эндээс гарсан хүн дээшээ явдаг шүү гэж бас өөрийгөө зоригжуулдаг юм.

-Одоо Баянгол дүүргийн хамгийн том худалдан авалтыг “Оргил” Ганбаатар гэж хүн байдаг юм байна. Тэр хүнээс байр авсан л гээд байгаа шүү дээ. Ер нь уулзаж байсан уу?

-Уулзалгүй яах вэ, манай дүүргийн намын дарга шүү дээ. У.Хүрэлсүх даргаас батламжаа авдаг өдөр уулзсан. Өмнө нь бол уулзаж үзээгүй ээ.

-Нэг талаас олон хүнд хараалгасан зүхүүлсэн ч гэсэн нөгөө талаас “яах нь вэ дээ, залуу хүнийг” гэж өмөөрч, өрөвдөж суусан нь бас олон байх. Бараг бүх монголчуудын л танил боллоо шүү дээ. Энэ ч бас нэг давуу тал штээ, сайн талаас нь харвал?

-Тиймээ тийм. Би бол байдаг чадлаараа сайн талаас нь харж байгаа. Өөрөө л зөв байж чадвал өөр олон даваа өмнө маань бий гэж боддог. Тийм ч учраас “Би залуу хүн. Нэг удаагийн төлөөлөгчөөр харахгүй байгаа шүү” гэдгээ хэлээд орсон. МАН-ын зүгээс ч намын гишүүний хувиар, төлөөлөгчийн хувиар дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн.

-Ярилцсанд баярлалаа. Өндрөөс өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • За зөв залуу байна
    2020 оны 11 сарын 14
Сонин хачин