• Эхлэл
  • Кино шиг амьдралтай хязгааргүй мөрөөдөгч буюу Чулуундоржийн Мөнхтөр

Кино шиг амьдралтай хязгааргүй мөрөөдөгч буюу Чулуундоржийн Мөнхтөр

2020/11/19

“Гурван Марал” группийн үүсгэн байгуулагч Ч.Мөнхтөр “Хүн амьдралд алдаж онож байж амжилтанд хүрдэг” хэмээх үгийг нэг бус удаа хэлэх. Амжилттанд хүрсэн бизнесмэн хүний хэлэх ёстой л үгсийн нэг. Гэхдээ түүний амьдралын түүхийг сонсоход энэ үгний учир утгыг бие, сэтгэлээрээ мэдэрсэн, туулсан замналынх нь илэрхийлэл болсон үг болох нь маргаангүй санагдана.

Дунд сургуулийн жаал, 14-хөн настай хүү гэртээ талх барьж, айлуудад зарж, сургуулиа төгсөнгүүтээ дэлгүүрт ачигч хийж, амьдралд хөл алдан орцонд хоноглож, мөхөөлдөсний гурилан аяга хийж, Улаанбаатарын мөхөөлдөсний үйлдвэрлэлийн 60 хувийг хангаж, дахиад л уруудаж боссон амьдралаа барилгын туслах ажилчнаас эхэлжээ. Хожимоо барилгын материалын таван компанийг үүсгэн байгуулж, бүтээгдэхүүнээ ОХУ руу экспортлон, 2022 он гэхэд Монголдоо 100 бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө зурчихаад явж байгаа гэхээр түүний амьдрал яг л кино шиг. Кино кинодоо баргийн зохиолч барамгүй адал явдалтай, адармаатай гэхдээ аз жаргалтай амжилттай, өрнөлттэй. Энэхүү кино шиг амьдралын эзэнтэй танилцацгаая.

Заргач хүүгээс шударга зан “үнэртэж” эхэлсэн нь

Зах зээлийн нийгэмд шилжихийн өмнө бүр 1987 онд Дорнодод Чойбалсан  хотын “Өнчин цагаан” гэж  нэрлэгддэг байрны гадаа өглөө бүр Мөнхтөр үүрээр жигнэсэн халуун талх худалдаалдаг байж. 11 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлийн эзэн аав нь юм юманд эвтэй, хөнгөн цагаан коструул /кострюль/- засчихдаг, машины мотор ч зангидчихдаг. Төмрийн “хог” цуглуулаад ГАЗ-69 машин босгочихож байсан хүн.

Юм болгоныг сонирхон оролдох дуртай хүү нөгөө авдаг, өгдөг нь ч юу билээ гэдэг шиг банкны тухай ойлголт ч үгүй байхад тэдэн төгрөгийг тэдэн хувийн хүүтэй зээлбэл тэдэн төгрөг болно гээд л шөнөжингөө бодоод нэг сая төгрөг гэдэг тоог ч мэдэхгүй, ээжээсээ “999 мянга 999 гэдгийн дараа ямар тоо байдаг юм бэ” гэж асууж байсан гэдэг. Сая төгрөгийг тэгж мэдэж байсан хүү өнөөдөр хэдэн тэрбумын бизнес эргэлдүүлж байгаа ч ямар ч бизнес, ямар ч ажилд мөнгө санхүүжилт гол асуудал биш, дэд бүтэц л чухал гэж ярьж суугаа нь дээр өгүүлсэн амьдралаас олж авсан зарчим нь болов уу.

15-хан настай хүү 70 кг-ийн гурил үүрээд ачигч хийж байсан гэхээр өнөөгийн зарим залуус хүүхэдэд итгэмээргүй санагдаж магадгүй. Ээж, аавдаа нэмэр болох гэж “сайн дураараа” ачигч хийж эхэлсэн хүү дарга нартаа “Хоёрдугаар гурилыг нэгдүгээр гурил гэж хүмүүст зарж байгаа чинь шударга ёс уу” гэж “хэл ам” таталсан удаатай. Алсуураа шударга занг нь үнэлж байсан аав нь хүүдээ сургамж өгөх гэж даргатайгаа үгсэн хуйвалдаж баахан загнуулж. “Ийм сайхан эцэг, эхийнхээ нэрийг гаргалаа” гэж Дорнодын Орон сууцны 4-р конторын Тожил дарга загнах мөртөө, контортоо ажиллуулахаар болжээ. Амьдралдаа анх удаагаа л хөлсөө гартал загнуулсан нь тэр. Гээд бас болоогүй ээ анхны цалин 110 төгрөг авч, аавдаа 39 төгрөгөөр “ганзай”, ээж дүү нартаа 5 төгрөг 90 мөнгөний еэвэн, “11 хорь”-ийн  чихэр, өөртөө мөрөөдөл нь болсон гитараа 65 төгрөгөөр аваад хөл газар хүрэхгүй баярлаж байсан гэдэг.

 Эр хүн туг ч барина Тугал ч хариулна

Энэ үг ч хатуудмаар үе бол 1999 он. Тэр жил хотод ирсэн.  16 настайгаасаа бизнес эхлүүлсэн хүн гэхээр аатай л “амьтан” хотод ирсэн байх гэмээр атал хэрэг тарьчихаад хот руу ирсэн гэнэ. Наадмын өдрүүд гэхээр халуун зун хөвөнтэй тэрлэг хөдөрчихсөн, очих айл, тоолох мөнгөгүй “нөхөр” хотоор нэг алхаад л байж алхаад л байж. “Цагаан цайлган сэтгэл, тусч чанар л өвөртлөөд ирсэн” гэх.  Орцонд хонож, яс, лааз түүж явсан хүний үг гэхэд хэтэрхий гэмээр өөдрөг. Өөрийгөө хязгааргүй мөрөөдөгч гэж тодорхойлсны учир ч энэ байх. Яс, лаазаа тушаагаад л ганцаараа дотроо яриад л алхаад байдаг. Хүнтэй ярилцалгүй нэг сар ч болчихдог, ганцаараа ярьсаар галзуурчихмаар ч үе байсан гэх. Өөрийгөө шоолох мэт мушилзан “Лааз, яс түүдэг хүмүүстэй нийлэхгүй захлаад яваад байдаг байсан юм аа” гэх. Тийнхүү явж явж Гурвалжингийн гүүрний хавьцаа нэг ажил хийхээр болж. Агуулах шиг байранд хуруунаасаа цус шүүртэл цементэн блок цохино. “Агуулахынхаа” буланд унтчихна. Өглөө босоо л дахиад л нүднэ. Бас ч гэж хийсэн ажлаа  тооцоолоод картонон цаасны өөдөс дээр бичээд байдаг. Мань эрийн тооцоогоор 40 гаруй мянган төгрөгний цалин авахаар. Гэтэл цалин гэж 3000 төгрөг өгч. Ядарсан, гудамжны хүн, энэ л болно гэж дээрэлхэж байгаа л хэрэг. Шазруун зан нь хөдлөөд нөгөөдүүлтэй хэрэлдээд сүүлдээ зодуулж, голдоо ортол гомдон гурав хоног 3000 төгрөгөө атган хөмхийгөө зууж суусан гэдэг. Тэндээс буцаад л нөгөө орц хонгил руугаа. Орцны “хэд” нь “Энэ ойрд харагдаагүй, хаанаас гараад ирэв” гэж л байсан биз. Нүүр ам нь хөх няц, цус нөжиндөө хутгалдсаныг маарлиар боомор аядчихсан. Ингээд дахиад л алхаад л алхаад л… 4-р хорооллын 58-р цэцэрлэгийн гадаа алхаж явтал маш гоё үнэр үнэртлээ. Тэр нь мөхөөлдөсний гурилан аяганы үнэр аж. 150 төгрөгөөр нэг мөхөөлдөс авч идлээ. Амьдралдаа идсэн  хамгийн сайхан амттан тэр мэт санагдаж, монгол хүн хар шөл уугаад хөлс чийхардаг шиг хөлс нь асгарч, хэхэрч байсан гэдэг.

Тэр би заавал энд ажилд орно гэж шийджээ. Мөхөөлдөсний цехийн босс бололтой хүрэн костюм, пиджак, хүрэн нүдний шилтэй эр хүрэн машинаас буугаад ирэхээр нь ажилд аваач гэж гуйж. Харваас гудамжны царайтай, толгойгоо маарлиар боочихсон “амьтан”-ыг хэн л ажилд авах вэ? Өдөр болгон үүрээр 05 цагт ирээд л хүлээдэг, ирэхээр нь гуйдаг, орой шөнө дүл хүртэл хүлээгээд дахиад л гуйдаг. Босс сүүлдээ залхсандаа зөвшөөрч, хог түүж, жорлон угаах маягийн л ажил хийлгэхээр боллоо. Жорлон руу орж угаах гэхдээ угаалгын резинэн бээлий гээчийг анх удаагаа л харж, яах учраа ч мэдэхгүй, улаан гараараа жорлонгоо цэвэрлэж байсаг гэдэг. Жорлон цэвэрлэх, хог хаях ямар л ажил байна, бүгдийг нь хийнэ. Тэндээ хувцас сольдог өрөөнд нь унтчихна. Харваас л хөөрхий гудамжны “амьтан”, энд хоноод байна даа гэж бүгд мэддэг. Бараг л юм хумандаа хянамгай ханд, хулгай зэлгий хийх вий ч гэлцдэг байсан гэнэ. Ингэсээр сүүлдээ “маруужин”-гийн машин эвдэрлээ гэхэд төмөрт уртай аавын хажууд өссөнийх засчих зэргээр сүүлдээ Мөнхтөргүй ч ажил гэж байхгүй боллоо.

Анхны цалин гэж 47 500 төгрөг авлаа. “Нарантуул” зах руу гараад л 7000 төгрөгөөр хүрэн ботинк, 2000 төгрөгөөр цагаан цамц, 4500 төгрөгөөр хар саарал брюкэн өмд бүр цагаан оймс авч. Анх ажилд авсан хүрэн хослолтой, хүрэн шилтэй боссыг дууриаж байгаа хэрэг. Бас болоогүй ээ, “Маркетингийн 22 хууль” ном аваад, Соёлын төв өргөөнд хошин шог үзээд, Сүхбаатарын талбайд мөнөөх цагаан цамц, брюктэйгээ зургаа авахуулжээ. Одоо ч эл зураг нь түүнд бий. Яг л кинонд гардаг шиг өхөөрдмөөр ч юм шиг хөөрхөн түүх.

Иймэрхүү маягаар гурван сар гаруй ажиллаж. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэгчлэн, толгой нь ажиллаж “зайрмагны цехийн зөвхөн аягыг л хийгээд байвал болох юм” гэж сэтгэх нь тэр. Яагаад гэвэл тэр зайрмагны аяга хийх гээч нь хамгийн төвөгтэй, үнэр танар ч дийлдэхгүй, зарлага ихтэй ажил. Төмөрчин аавын хүүгийн хэргийг гаргаж, ааваасаа  сурсан арга ухаанаараа дүйг нь олж зайрмагны эвдэрхий машин засаад авлаа. Цех болгоноор явж “Аягыг чинь хийгээд өгье. Та нарт амар шүү дээ” гэж ятгаж дөнгөв. Нэг л мэдэхэд Улаанбаатар хотын зайрмагны аяганы 60 хувийг хангадаг болоотхож. Гэтэл дахиад л “баларч”. Мөнгө харсан хүн сагаж, шоудаж, нэг л мэдсэн чинь бизнес “будаа”.

Өдөрт хоёр бэлэн гоймон идсэн “хэрэгтэн”

Хаашаа ч шидсэн босоод л ирдэг Дондогмаа гэдэг хүүхэлдэй шиг Мөнхтөр дахиад л нэг бизнесийн санаа олов. Тэр бол социализмын үеийн  мөнгөлөг бөглөөтэй шилтэй тараг. Гол нь эко бүтээгдэхүүн, ямар ч зар сурталчилгаа хэрэггүй, хүн болгоны дурсамжинд байдаг амт.

Шил сав бэлэн байх биш. Тиймээс “Сүү” ХХК-ийн хогийг ухаж 4950 шил олж ирэв. Дээр үеийн шил, мөнгөлөг таглаа хамгийн чухал байсан хэрэг.

Төдөлгүй л нэг нөхөртэй нийлээд үйлдвэрлэж өглөө дөө. Тараг бүрийг шилэнд нь бүрнэ. Амтыг нь бүрдүүлэхийн тулд өөрөө ууж үзнэ. “Тараг уугаад байхаар арьс их гоё болдог юм билээ” гээд инээж байна. Шилтэй таргаа бариад дэлгүүрүүдээр явна. “Уугаад үз яг л хуучны амтаараа байгаа” гээд л ятгана. Нэг их удалгүй дэлгүүр болгон түүн рүү утас цохиж захиалга өгдөг болов. Ашиг орлого ч сайжраад хамтрагч нь урд хөршид шил хийлгэхээр болж, Мөнхтөр “ар”-ыг нь найдвартай даадаг болохоор хамтрагч нь хөдөө, гадаа явчихна. Мөнхтөр бүх орлого зарлагаа яс бичнэ. Нэг өдөр хоёр бэлэн гоймон идчихээд тэрийгээ  зарлагын дэвтэр дээр яс биччихэж. Хамтрагч нь:

-Чи өдөрт хоёр бэлэн гоймон идээд байх даа яадаг юм гэж. Уур нь хүрээд тэндээс гарчихжээ.

-Нөгөөх тарагны бизнес яасан бэ?

-Намайг явчихаар олигтой юм болоогүй байх аа. Амтыг нь тааруулах гээд бас явдалтай л даа. Өөрөө исдэг тараг болохоор эвгүйтвэл хоолой дээр нь шар тунадас үүсчихнэ. Уг нь яг л эко бүтээгдэхүүн л дээ. Тэгээд ч нөгөөдөх маань шилийг нь урд хийлгэхдээ жаахан өөр хийлгэчихсэн. Хамгийн гол нь хуучны амт, бөгөөд шил, таглааны “дурсамж”-ийг тэр чигээр нь хадгалах нь чухал байсан юм. Тэрийг “манай хүн” ойлгоогүй л дээ…

Цуцашгүй мөрөөдөгч маань дахиад л эрэлд гарав. Гэхдээ энэ удаад барилгын “хар” ажилчнаар ажиллах болов. Тэгэх бүрдээ барилгад юу хэрэгтэйг ажиглаад л байж. Барилгын хуурай хольц хийх хэрэгтэй юм байна гэдгийг олж харлаа. Ингээд 16 сая төгрөгтэй бизнесээ эхлүүлэв. Хуурай замаск хийхэд шаардлагатай орц, бүтээгдэхүүнээ хийгээд савлах 1000 ширхэг шуудай Хятадаас авчрахдаа, буцах зардал нь ч хүрэхээ байж, эхнэрийнхээ нөүүтбүүкийг, гэрийнхээ хөргөгчтэй зарж байсан гэнэ.

Бас дараа нь нэг тоног төхөөрөмжийг хүнээс “Би чамайг ямар хуурах гэж байгаа биш” гэж уйгагүй гуйсаар байгаад авсан гэдэг. Харин одоо тэр таван салбар компанитай.

2022 он гэхэд 100 бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

 Ч..Мөнхтөр захирал 2022 он гэхэд 100 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно гэж нарийн тооцоолоод байгаа. Анх жилд нэг үйлдвэр байгуулна гэсэн зорилт тавиад байсан бол 2016 оноос жилд гурван үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй болж. Түүнд цаг хугацаа багадаж байх мэт санагддаг биз.

  -Яаж энэ бүхнийг хийж гүйцэлдүүлж байна даа? гэхэд

-Анх хэдхэн ширхэг хуурай замаск хийж ууталчихаад сууж байхдаа нэг л их сайхан санаа амарч, ирээдүйд иймэрхүү анзааны юм хийнэ дээ гээд дотроо төлөвлөж эхэлсэн. Тэр дагуу л явж байна. Анх авч засварлан, үйлдвэрийнхээ суурийг тавьсан эвдэрхий төхөөрөмжөө хадгалчихсан байгаа. 100 бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн баяраа тэмдэглэхдээ тэр төхөөрөмжөө гаргаж харуулна гэлээ.

-Амжих уу?

-Амжилгүй яах вэ. Ер нь тэгээд би бол суурийг нь зөв тавиад л “өрөөд өрөөд” явчихад  салбар үйлдвэрүүд босоод босоод явчихна гэж боддог. Суурийг нь, “дэд бүтэц”-ийг нь сайн бэлтгэх хэрэгтэй. Цаашаа асуудалгүй дээ.

-“Дэд бүтэц” гэж боловсон хүчин, ажиллах зарчим, ерөнхий дүрэм горимоо утга шилжүүүлэн нэрлээд байна уу?

-Ай даа. Жишээлбэл, би ганцаараа таван салбар компанийн хаана юу болж байгааг мэдэж чадахгүй. Аль хоёр жилийн өмнөөс “хяналт”-аа алдчихсан шүү дээ. Тийм болохоор салбар бүрийн удирдах ажилтан чухал. Би хүмүүстээ чамд ямар ч ажил даалгаж болно, нэг л өдөр өөр газар ч томилно. Тийм болохоор орныхоо хүнийг бэлтгэж байх ёстой гэдэг юм. Ямар ч хүнийг ажилд авсан цэвэрлэгчээс эхлүүлээд шат шатаар нь дамжуулна. Ирэх жил би охиноо компанидаа ажиллуулна гэж бодож байгаа. Багахан цалин өгөөд, хүн орж ирэхэд мэндэлж, цай аягалж өгөхөөс эхлээд бага багаар ажил сураг.

-Охин тань аравхан настай биз дээ. Чадах болов уу?

-Чадалгүй яах вэ. Аливаа ажлыг багаас нь эхэлж сурах хэрэгтэй. Манайхан чинь одоо нэг л их гадаад, дотоодод их, дээд сургууль төгссөн хүмүүс. Намайг бараг ам ангайтал бизнес төлөвлөгөө, удирдлагын ухаан яриад л. Яг ажил хийх гэхээр паг. Ийм хэрийн зүйлд хэдий хэмжээний зардал, ямар бүтээгдэхүүн орох вэ гэхэд яг номоо харахгүй бол чадахгүй байна аа гэх жишээний. Тэгээд надад ийм цалин, нөхцөл хэрэгтэй гээд ажил хийж эхлээгүй байж мөнгө шаардана. Хүний сурсан мэдсэнээс гадна, сэтгэл чухал. Хүн болгон өмнөх ажлаа сайн хийгээд сурчих хэрэгтэй шүү дээ.

-Нэг талаасаа ажил олгогч нар сайн ажилтан олдохгүй юм гэх, нөгөө талаасаа ажил хайсан ажилгүйчүүд дүүрэн гэх. Гол нь ажил “хийх” сайн мэргэжилтэн олдохгүй байх шиг?

-Тийм ээ. Миний яриад байгаа компанийн “дэд бүтэц” гэдэг эндээс эхэлж байгаа шүү дээ.

 

ХҮЧТЭЙ САЛХИ ГАРАХАД ЗӨӨЛӨН ӨВС

НАХИЛЗААД Л ҮЛДЭНЭ

Ийн яриа маань “хүний” асуудал руу яалт ч үгүй шилжив. Ч..Мөнхтөр захирал  2015 онд “Санааг санхүүжүүлнэ” гэсэн уриатай 100 сая төгрөгний сантай, хийж бүтээх санаа зорилготой залуусыг 20 сая төгрөгөөр дэмжих уралдаан зарлаж. Одоогийнхоор “Шарк танк” нэвтрүүлэг л гэсэн үг. Сонинд зарлал гаргаж, яг 186 хүнтэй уулзлаа. Харамсалтай нь түүний “хүсч” байсан амжилттай төсөл, ажил хийх залуус олдсонгүй. Өөрийнх нь хэлж байгаагаар үнэхээр чин сэтгэлтэй байсан учраас гудамжны граффит зураг зурах залууд л мөнгөн тусламж үзүүлжээ. Одоо ч гэсэн хэн нэгэн ямар нэгэн ажлын талаар ярилцахаар ирэхэд тэр огтхон ч цааргалалгүйгээр уулздаг. Үнэхээр хийж чадвал барилгын салбартаа Монгол залуус үйлдвэрлэл эрхлээсэй гэж хүсдэг. Хэн ч ирсэн зааж зөвлөөд явуулдаг. Түүний ажилтан нэг залуу “Та өөртөө өрсөлдөгч бэлтгээд байх юм” гэж шүүмжилж байсан гэдэг. Харин Мөнхтөр барилгын үйлдвэрлэлийн салбарт Монгол залуусаа өшөө олон болгоно гэж ярих.

Тэрбээр өнөөдөр барилгын материалын салбарт Монгол эзэнтэй үндэсний үйлдвэрлэгч цөөн байгаад харамсдаг. Тиймдээ ч олон болгохын тулд өөрийн чадах бүхнийг хийх хүсэлтэй.

-Би гадаадын хөрөнгө оруулалтыг буруутгахгүй. Тэд ч гэсэн ашиг орлого олж, гэр бүлээ тэжээх гэж л яваа хүмүүс. Тэднийг буруутгаж, үзэн ядаж эсвэл, би Монгол хүн гэж цээжээ дэлдэхийн оронд Монголын залуусаа дэмжээд өөрсдөө үйлдвэрлэлээ явуулдаг болох хэрэгтэй. Энэ л жинхэнэ эх орноо хайрлах үндэсний үзэл. Манайхан нэг хэсэг барилгын салбар гээд л шуурсан. Баахан зуурмагны үйлдвэр байгуулсан. Нэг нь зуурмагны үйлдвэр байгуулахад л нөгөөдүүл нь шуурна. Тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгээд байгуулсан үйлдвэрийг хараад би үнэндээ гайхдаг. Бүтээгдэхүүний зах зээл хаана байна, ямар зардал гаргах, ашиг нь юунаас гарахыг тооцоолоогүй. Би бол хайран мөнгө л гэж бодно. Тийм болохоор барилгын материалын үйлдвэрлэл, ер нь тэгээд ажил хийх гэж байгаа хүн болгонд өөрийнхөө чадах бүхнийг хэлж ярьж, зааж өгөхийг боддог. Энэ бол миний үүрэг юм.

Үнэхээр ч тэрбээр хэнийг ч ирсэн ярилцаж, зөвлөлдөж, хамтарч ажиллахыг эрхэмлэдэг ажээ. Түүнээс олон хүн ирж зөвлөгөө авснаас гурав нь үйлдвэрээ байгуулан амжилттай ажиллаж байгаа гэнэ.

Тэр үйлдвэрлэлээ зах зээлийн долоон хувиас хэтрүүлэхгүйгээр “барина” гэсэн төлөвлөгөөтэй. Энэ нь бусад залуусаа дэмжих сэтгэлийн зэрэгцээ бас үйлдвэрлэлээ байнгын үйл ажиллагаагаар хангах, илүү “урт настай” байлгахын тулд гэсэн давхар бодлоготой. Түүний  анзаарсан  бас нэг зүйл нь барилга барих гэж байгаа хүмүүс бүтээгдэхүүн болгоныг энд тэндээс худалдаж авах нь төвөгтэй. Тийм болохоор шаардлагатай материалуудыг ихээр биш ч олон төрлөөр үйлдвэрлэж чадвал нэг нь нөгөөгөө нөхөх, худалдан авагчдад ч амар дөхөм байх. Басхүү нэг үйлдвэрт доголдол үүсэх буюу санхүүгийн хувьд асуудал тулгарвал нөгөөгөө нөхөх гэх мэтчилэн олон талаас нь бодож.

Хүчтэй салхи гарахад аварга том мод ч булгаран унадаг, харин зөөлөн өвс бол нахилзаад л үлдэнэ гэх энгийн мөртлөө аугаа филисофи аж. Уг нь тэд 2016 оныг санхүүгийн хямралтай хүнд байх нь гэж тооцоолж, нэлээд бэлтгэлтэй байж. Харин хямрал тийм хүнд туссангүй. Хямралд тэнэг, залхуу хүн л өртдөг гэх. Монголын гэсэн тодотголтой барилгын материалыг тэр анх удаа ОХУ руу туршилтын экспорт хийгээд байгаа. Нэг үе “ах нар”-аар барилгаа бариулж, цемент шохойгоо хүртэл Хятадаас авч байсан монголчуудын эхний бүтээгдэхүүн экспортонд гарч эхэллээ гэдэг сонин байгаа биз. Чанараар бол ах нарынхаас дутахгүй, Эрхүү мужийнхны хувьд “цаанаас” бүтээгдэхүүн татаж байхаар Монголоос татчихвал хямд тусна гэх мэт бас л сонирхолтой шийдэл байна лээ.

Ч..Мөнхтөр захирал “Мөнгө бодож ажил хийж болохгүй, хүнээ хайрлаж ажлаа хийх хэрэгтэй гэнэ. Ажлаа л хийж чадвал мөнгө дагаад л ирнэ. Харин зөвхөн мөнгө бодож ажиллах юм бол алдаа гарах магадлалтай” гэнэ. Үнэхээр ч тийм. Яг л энэ ажлаа ч, ажилчдаа ч бодох сэтгэлээс нь 100 бүтээгдэхүүн ургаж гарсан болов уу? Олон төрлийн үйлдвэрлэл эрхлэх тухайд барилга барих хүмүүс, компанийнхан нэг дороос бүх төрлийн бүтээгдэхүүнээ авчихвал өөрсдөд нь ч хэрэгтэй шүү дээ гэх. Тиймдээ ч барилгын материал үйлдвэрлэгчдээ хамтарч ажиллахыг урьж, уриалж байна. Ашиг гэхээсээ илүү олуул нэгдэж ажиллахад ямар их хүчтэй байж болохыг харуулахыг хүсдэг гэнэ.

Түүнийг ямар нэгэн юм хийхэд буруутгаж, гайхаж байсан хүн олон. Басхүү ажил, амьдралын замд хаяад явсан нь ч бий. Дээр өгүүлснээр “эрэг”-ээс хөл алдан унаж, итгэлээ алдаж, зарим хүмүүст хулхидуулж… Гэхдээ “Миний зам зөв явж байгаа гэдэг бас харагдаад л байгаа. Зам урт” гэж тэрбээр хэлж байна. Итгэхэд бэрх кино шиг амьдрал туулсан шигээ сонсоод гайхмаар олон зүйлийг тэр хэлэх. Магадгүй олон олон шинэ сонин мэдээ гарах байх. Урт замд уншигч тантай олон удаа уулзах байх аа.

Сэтгүүлч: А.Алтантуяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин