• Эхлэл
  • Ковидын үед аймгуудаас Дархан, дүүргүүдээс Баянзүрхийн онцгой комисс сайн ажиллаж байна

Ковидын үед аймгуудаас Дархан, дүүргүүдээс Баянзүрхийн онцгой комисс сайн ажиллаж байна

2020/11/20

Цар тахлын улмаас “Бүх нийтийн бэлэн байдал”-д шилжээд  9 хонолоо. Энэ хугацаанд иргэд, аж ахуй нэгжүүд хатуу хөл хорионы дэглэмд байж,  гамшгийн тухай хуулийг хэрэгжүүлж байна. Хуулийг хэрэгжүүлэхдээ аймаг орон нутаг,  нийслэл, дүүрэг бүр харилцан адилгүй байгаа нь Онцгой комиссынх нь шийдвэр, шийдлээс харагдаж байна.

Тухайлбал Дархан-Уул аймаг  100 мянган хүн амтай. Бүх нийтийн бэлэн байдлын тэг зогсолтыг маш сайн хэрэгжүүлсэн төдийгүй,  иргэдээ хүнсээр хангах, тандалт шинжилгээг маш өндөр төвшинд хийснээр  тархалтыг барьж чадсан. Энэ аймагт Коронавирусээр өвчилсөн анхны тохиолдлоос өгсүүлээд  ойрын хавьтал болон дам хавьтагчдыг шинжилгээнд хамруулж, 2 хоногийн дотор 10 мянган хүнд  түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, өвчилсөн иргэдээ илрүүлж, тусгаарлаж чадаж байна. Тиймээс ч  Дархан- Уул аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, тус аймгийн засаг дарга Б.Азжаргалын мэдээлэл, гамшгийн үед бүс нутгийг удирдах арга барил, менежмент сайн байна гэдгийг иргэд үнэлж байна. Тэг зогсолтыг  Дарханчууд сайн хийж чадсанаараа Улаанбаатарчуудыг ч бишрүүллээ. Түүнчлэн Нийслэлийн онцгой комисс энэ өдрүүдэд хамгийн их шүүмжлэлд өртсөн. Эргэж буцсан олон шийдвэр гаргасан. Ингэснээр иргэд, аж ахуй нэгж байгууллагыг гамшгийн үеийн бодлогоор сайн хангаагүй гэж цахим орчинд шүүмжилж байна. Харин нийслэлийн хамгийн их хүн амтай буюу 350 мянган хүнтэй Баянзүрх дүүргийн  шинэ удирдлагын хэрэгжүүлж байгаа бодлого Улаанбаатарчуудад таалагдаж байна. Баянзүрхийн онцгой комисс, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тамгын газар, энэ дүүргээс сонгогдсон  УИХ-ын гишүүд дүүрэгтээ сайн ажилласанаар иргэд” Манай дүүрэг эзэнтэй болжээ” гэсэн талархал илгээх болжээ.

Тус дүүргийн 4.9.26 хорооны нутаг дэвсгэрийг засаг дарга Н.Баярмөнхийн захирамжаар хэсэгчилэн хаасан. Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын дарга А.Баяр ч онцгой комиссоо дэмжин, дүүргийн иргэд, аж ахуй нэгждээ тулж ажиллаж байгаа нь  өмнөх удирдлагын багаас илүү хурдтайг харуулж байна. Мөн  Баянзүрх дүүрэг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах цэгийнхээ тоог нэмсэн, орон гэргүй, тэнэмэл иргэдээ бүрэн шинжилгээнд хамруулсан, халдвар хамгааллын өндөржүүлсэн дэглэм барьж, тархалтыг алдахгүй байхад онцгой анхаарч байна.. Улсын хэмжээнд ганц байдаг Халдварт өвчин судлалын үндэсний төв тус дүүргийн нутаг дэвсгэрт бий.  Энд цар тахлын халдвар авсан, хүндэрсэн, эмчлүүлж байгаа бүхий л өвчтөн байдаг. Нөгөө талаар 2 ч  хороонд  халдвар авсан иргэн илэрсэн учраас  Улаанбаатар хотын хамгийн том дүүрэгт  хэсэгчилсэн хөл хорио тогтоосон нь  зөв шийдвэр байсан гэж нийслэлчүүд дэмжиж байна. Баянзүрх дүүргийн онцгой комисс шуурхай ажиллаж хүнсний дутагдалтай айлуудад талон, шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг тараасан. Үүгээр ч зогсохгүй Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Э.Бат-амгалан, Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Б.Энхбаяр нар дүүргийн удирдлагуудтай уялдаа холбоотой ажиллаж Баянзүрх дүүрэгт амьжиргааны төвшин доод өрх айлуудад шаардлагатай хүнсний материал, сайжруулсан түлшийг хандивлаж байгаад дүүргийн иргэд ам сайтай байна.

24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллахдаа дэлгүүр, хоршооны ариутгал, дэглэмийг ч чанд сахиулж байгаа нь Нийслэлийн бусад дүүрэгт үлгэр жишээ болж байна.
Дархан-Уул аймаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдлагын арга барил, гамшгийн  үеийн менежмент сайн байгааг иргэд олон түмэн үнэлж байгаа төдийгүй  бусад дүүрэг, аймгуудыг туршлага судлан, дууриал аван ажиллахыг шаарджээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин