• Эхлэл
  • МСНЭ мэдэгдэл гаргалаа

МСНЭ мэдэгдэл гаргалаа

2020/11/20

МСНЭ-ээс мэдэгдэл гаргасан байна. Тус эвсэл цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхээр эрх бүхий байгууллагуудаас гаргасан хууль, тогтоомж, журмууд хэвлэлийн эрх, эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд улам бүр хязгаарлалт хийж, цаашид ноцтой үр дагаварт хүргэж болох буруу жишгийг тогтоож байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

МЭДЭГДЭЛ

 

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэний үндсэн эрх, эрх чөлөө хэмээн тунхагласан “мэдээлэл хайх, хүлээн авах эрх”, “үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх”-ийг иргэддээ баталгаатай эдлүүлэх үүргийг төр хүлээх учиртай.

Мөн “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 12 дугаар зүйлд холбогдох байгууллага, албан тушаалтнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар иргэн нь үнэн зөв, бодит мэдээлэл авах эрхтэй байхаар тусгасан байна. Цар тахлын үед эрх бүхий байгууллагын шийдвэр, арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан зорилготой байх, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байх хэм хэмжээг ч хуульд заасан.

Гэвч хуулиар иргэнд олгогдсон эрх, эрх чөлөөний гол баталгаа болох хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагааг сурвалжлах хэвлэлийн тоо, цагаар хавчин торгууль шийтгэлээр далайлган илтэд хаан боогдуулж, хөл хорионы дэглэмээр халхавчлан хэвлэлийн эрх чөлөө, иргэний мэдэх эрхэд халдаж байгаад харамсаж байна.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулиар үүрэг болгосны дагуу манай хэвлэл мэдээллийн байгууллагууд Улсын онцгой комисс болон бусад эрх бүхий байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг, мэдээллийг үнэ төлбөргүй, саадгүйгээр мэдээлж, нийтийг тэгш, хүртээмжтэй мэдээллээр хангах байр суурь, зарчмыг баримтлан хичээнгүйлэн ажилласаар байна.

Гэтэл сүүлийн өдрүүдэд эрх бүхий байгууллагууд хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хязгаарлаж, нийгэм, хүмүүсийн аж амьдрал, бодит байдлыг судлан сурвалжлах, мэдээ мэдээлэл цуглуулах, иргэдийн санаа бодол, байр суурийг хүргэх зэрэг мэргэжлийн эрхийг ноцтой зөрчин боогдуулж байгааг эсэргүүцэж байна. Аливаа онцгой байдал, хөл хорионы дэглэм ч хүн төрөлхтөний үнэт зүйл хэвлэлийн эрх, эрх чөлөөг хорих шалтгаан болох ёсгүй.

Иймд хэвлэлийн эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа журмаа Үндсэн хууль болон Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуульд нийцүүлэн өөрчлөхийг Улсын онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос шаардаж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

2020 оны 11 дүгээр сарын 20

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин