• Эхлэл
  • Аз нь нийт монголчуудад, эз нь Д.Эрдэнэбатад ногдлоо

Аз нь нийт монголчуудад, эз нь Д.Эрдэнэбатад ногдлоо

2020/12/13

Ковид-19 цар тахал дэгдсэнээс болж Монгол Улсын иргэд хөл хорионд орсон шиг эдийн засаг ч хүнд цохилт амсав. Мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгаагаар 2020 оны эхний 9 сарын байдлаар ДНБ-ий үйлдвэрлэл 8 орчим хувиар буурчээ. Эдийн засгаа дэмжих бодлогын хүрээнд Засгийн газраас бүх айл өрхийн цахилгаан, хог, ус, дулааны төлбөрийг 2021 оны 7-р сарын 1 хүртэл тэглэх шийдвэр гаргалаа. Тэглэх гэдэг нь төлбөрийг төр хариуцна гэсэн үг. Үүнд шаардагдах 650 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Эрдэнэт үйлдвэр хариуцна гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тов тодорхой хэллээ.

Эрдэнэт үйлдвэрийг 1990-ээд оны дунд үеэс төсвийн “Саалийн ганц үнээ” хэмээн өргөмжилж ирсэн түүхтэй. Гэхдээ ийм титэм зүүж байхдаа энэ үйлдвэрийн 49 хувь нь оросуудын мэдэлд байв. Олсон орлогынхоо тэн хагасыг оросуудтай хуваадаг байсан гэсэн үг л дээ. Харин өнөөдөр Монголын бүх айл өрхийн цахилгаан, ус, дулааны төлбөрийг 7 сарын хугацаанд бүрэн дааж байгаа Эрдэнэт үйлдвэр 100 хувь монголчуудын мэдлийнх болсон. Тиймээс жилд нэг их наяд гаруй төгрөгийн татварыг улсын төсөвт оруулж, 2.2 их наядын ашигтай ажиллаж байгаа нь төрхөмдөө буцаж ирсэнтэй холбоотой гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Хүнд үед ачааны хүндийг үүрч байгаа энэ үйлдвэрийн хамт олонд талархах учиртай.

Эрдэнэт үйлдвэрийнхэнд талархах энэ цаг мөчид эдүгээ төмөр торны цаана сууж буй Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатын гавьяа улам тодорч байна. Дээр хэлсэнчлэн олсон ашгийнхаа тэн хагасыг оросуудтай хуваадаг байсан үйлдвэрийг 100 хувь Монголын өмч болгох асуудлыг Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байх үед Засгийн газраас шийдвэрлэсэн байдаг. Эрдэнэтийн 49 хувийг чи авсан, би чадаагүй гэх улс төрийн хонзогнолоос ассан түймэр өнөөдрийг хүртэл намжаагүй байгаа нь үнэн. Хэн авсныг нь түр мартаад, үйлдвэрийн 49 хувь нь Монголдоо ирсэн гэдгээр нь харвал энэ шийдвэр том агуулгаараа түмэнтээ зөв байсан нь энэ үйлдвэр улсын төсвийн аравныг нэгийг татвараар бүрдүүлж, 2 их наяд гаруй төгрөгийн ашигтай ажиллаж байгаагаар нотлогдоно.

Монгол төр зүтгэсэн хүндээ халтай байдагчлан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголдоо эргүүлэн авчирсан шийдвэрийн ач тус нийт монголчуудад ийнхүү бүтэн 7 сарын хөнгөлөлт чөлөөлөлтөөр ирж байгаа цаг үед Д.Эрдэнэбат өргөст торны цаана эрх чөлөөгөө хасуулан улс төрийн хоригдол болчихоод сууж байна. Аз нь нийт монголчуудад, эз нь Д.Эрдэнэбатад ногдлоо. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголдоо эргүүлэн авчирсан шийдвэрийг буруутгасан, хүчингүй болгосон шийдвэр УИХ дээр ч, Засгийн газар дээр ч өнөөдрийг хүртэл гараагүй. Тухайн цаг үед Эрдэнэт үйлдвэрийн тэн хагасыг Монголдоо авчрах нь нэн чухал байсан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэрхүү үүргээ биелүүлсэн. Энэ түүхэн шийдвэр зөв байсан гэдэг нь ийн улам тодорсоор байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин