• Эхлэл
  • Ц.Оюунгэрэлийн мэдэгдлийн үнэ цэнэ ба өрсөлдөөний шинэ жишиг

Ц.Оюунгэрэлийн мэдэгдлийн үнэ цэнэ ба өрсөлдөөний шинэ жишиг

2021/01/02

Оны эхний өдрүүдэд /2021.01.02/ УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэгэн “цочир” мэдэгдлийг хийв. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө нам дотроо өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв. Түүний өрсөлдөгчид нь хэн ч байсан ялгаагүй, өөрийн зүгээс өрсөлдөөнд бэлэн гэдгээ хэлж буй анхны эмэгтэй улстөрч боллоо.

Өмнө нь нэг удаа МАХН-аас Н.Удвал гэдэг эмэгтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан ч тэр нь өөрийнх нь шийдвэр байгаагүй, тухай үед улс төрийн хэт хүчтэй лидерүүдийн нэг байсан Н.Энхбаярын сонголт байсан билээ.

Харин Ц.Оюунгэрэлийн хувьд өөрийн сонирхлоор, өөрийн хүсэл эрмэлзлэлээр Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж буй анхны эмэгтэй болж байна. Зөвхөн энэ үндэслэлээр улс төрд өрсөлдөөний цоо шинэ жишгийг авчирлаа гэж болно. Магадгүй, АН дотооддоо хагаралтай, намын дарга нар тамга, тэмдгээ булаалдан зодолдож буй энэ үед өөрийн зүгээс бие даасан шийдвэрээ гаргах хэрэгтэй болсон байх. Гэвч Ц.Оюунгэрэл бол АН-ын дарга болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн аль алин дотор нь нэр цохогдоод явж байсан хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөдөр хийсэн түүний мэдэгдэл АН-ыг тус намын бас нэг үнэт зүйл рүү чиглүүлж өглөө.

Тэр хэлсэн үгэндээ “Монгол хүний суурь эрхийн дархлаа, эдийн засаг хоёр маань ямар сул байгааг бид ковидтой өнгөрүүлсэн нэг  жилийн хугацаанд олж харлаа. Шинэ ондоо шинжлэх ухааны вакцинаар эрүүл мэндээ хамгаалж, шинэ өрсөлдөөний вакцинаар хүний эрхээ хамгаалж, эдийн засгаа хөл дээр нь босгох цаг ирлээ” гэжээ. Өөрөөр хэлбэл, МАН эрх барьсан сүүлийн таван жилд, “Монгол ялна” уриатай ардчилсан Ерөнхийлөгчийн жилүүдэд манайд хүний суурь эрх /үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шударга шүүхээр шүүлгэх гэх мэт/, эрх чөлөөний асуудал хэр их эрсдэлд орсныг монголчууд нийтээрээ ухамсарлаж байгаа. Энэ эрсдлийн эсрэг “вакцин” нь Ц.Оюунгэрэл өөрөө юм.

Ардчиллын эхний жилүүдэд “Эмнэсти интернэшнл” зэрэг олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шүүх, хуулийн байгууллагуудад үүсч байсан хүний эрхийн зөрчлийг арилгах, гэрч, хохирогчийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэн “Эрх чөлөө төв” ТББ-ыг байгуулан ажиллаж байсан туршлагатай, манай улстөрчдийн дотроос хүний эрхийн мэдрэмж хамгийн өндөртэй улстөрч. Хүний эрхийн мэдрэмжтэй байна гэдэг иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэж, иргэдийнхээ оролцоог хангаснаар улс орноо, эдийн засгаа өөд татна гэсэн үг. Тиймээс хэрэв АН ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулья гэвэл хамгийн боломжит хувилбар нь Ц.Оюунгэрэл байж ч магадгүй. Өмнө олонтаа эрх мэдлийн ташуур атгаж, алдаж асгаж явсан, ааш авираа ч таниулсан олон эрчүүдтэй харьцуулахад.

Өмнөх олон сонгуулийн үеэр маш олон эмэгтэй өрсөлдөгч “даанч эмэгтэй юм даа” гэсэн шалгуураар бүдэрч байсан удаатай. Тэр бол тойргийн сонгууль. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийг улс орон даяар нэг тойрог болж өрсөлдөнө. Нийт сонгогчдын 50-иас илүү хувь нь эмэгтэй сонгогчид. Энэ бол Ц.Оюунгэрэлийн давуу тал. Тойргийн сонгууль дээр сул тал болж байсан “жендерийн” асуудал том сонгуульд давуу тал болох нь бий.

Өмнөх олон сонгуулиар түүнийг “гадаад нөхөртэй” гэдгээр дайрдаг, сул тал болгож ашигладаг байсан ч тэр ч бас л эрүүдийн зүгээс гаргадаг яриа, "сөрөг" гэж нэрлэдэг “пиар”-ынх нь нэг байсан. Харин эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийн эрхийн үүднээс бодоод үзсэн ч ийм ялгаварлал гаргах боломжгүй. Тэгээд ч тэр талын "пиар ажиллагаа" хэдийн үеэ өнгөрөөсөн гэж болно.

Нэг л зүйл баттай. Ц.Оюунгэрэлийн Йелийн их сургуулиас олж авсан болон өөрийнхөө амьдралаар бүтээсэн улс төрийн боловсрол /улс төрийн ёс суртахуун/ манай бүх эрэгтэй улстөрчдийн өвөртөлсөн Харвардын дипломыг нийлүүлснээс илүү үнэ цэнэтэй гэдэг харин үнэн. 

Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Хэлмэгдсэн иргэдээ тэгш ойлгож
    2021 оны 01 сарын 10
Сонин хачин