• Эхлэл
  • ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ  БУЮУ  ХЭЛМЭГДСЭН МОНГОЛ БИЧИГ МИНУ

ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ  БУЮУ  ХЭЛМЭГДСЭН МОНГОЛ БИЧИГ МИНУ

2021/03/02

Монгол туургатны бичиг соёлын цаст ноён оргил, монгол үндэстэний оюуны гайхамшигт хосгүй  үнэт өв бол яах аргагүй монгол бичиг билээ.

Монгол бичиг  нь хүн төрөлхтний түүхийн өнө уртад улс үндэстэн, угсаатнуудын олон бичиг үсгийн дотроос хэв хэлбэр, тэг хэм, зурлага татлагаараа өвөрмөц  дээрээс доош нуруу дагуулж бичдэг авианы босоо хэлбэрт бичиг юм. Манай ард түмэн монгол бичгээ “Тэнгэрээс буусан, нарнаас ургасан бичиг” хэмээн дээдлэн хүндэлж шүлэг яруу найрагтаа мөнхлөн үлдээжээ. Энэхэн агшинд

,,,Нарны мандлаас ургуулж бичдэг

Нарнаас доош урсгаж бичдэг

Нандин туяатай нь сүлжиж бичдэг

Намирсан бороотой сүлж бичдэг

Уулсын оргилтой уулзуулж бичдэг

Уужим бэлтэй нь уяж бичдэг

Бэлийн цэцэгстэй бэлчээж бичдэг

Бэхэн шүүдэрт нь дүрж бичдэг

Монгол бичиг мину,,,

 хэмээн  монгол бичгийн давтагдашгүй яруу сайхныг магтан дуулсан яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлгийн мөрүүд санаад урсан долгиотож байх чинь,,,

Өдгөөгөөс 800 жилийн тэртээ  Эзэн Чингис хаан бээр монгол бичгийг Их Монгол Улсын төрийн бичиг болгож Их цааздаа "...Цагаан цаасанд буулган хөх бичгээ ургийн урагт бүү егүүтгэтүгэй” хэмээн заригласан байдгийг тэмдэглэн үлдээжээ.  Энэхүү  дээдсийн зарлигийг бидний монголчууд хэрхэн сахин хэрэгжүүлж ирсэн билээ.

Энэ дашрамд дурдахад ӨМӨЗО-ны Ордос аймгийн нутагт байрлах Чингис хааны онгоны газраар миний бие  2016-2019 онуудад хавар, зун, намар, өвөл  тогтмол зохион байгуулдаг “ДӨРВӨН ЦАГИЙН ИХ ХУРИМ”  хэмээх Мөнх тэнгэр, эх  дэлхий, өвөг дээдсээ хамтад нь тайж тахих ёслолд хэд хэдэн удаа оролцож эртний соёлт дээдсийнхээ ертөнцийг үзэх үзэл түүнд хандах билэгт ариун ёслолыг бахдан биширч аньсага норгон сүслэн залбирч  билээ. 

“ДӨРВӨН ЦАГИЙН ИХ ХУРИМ” гэж юун хурим  болох талаарх миний ойлголт тайлбар:

/Нэн эртнээс монголчууд амьдралын анхдагч, эрчим энергийн ундарга нь тэнгэр огторгуй, сансрын уудам нар, сар, од эрхэс, амьсгалах агаар, тэнгэрт хөвөх үүлс, цас, бороо,,, зэрэг хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын  зайлшгүй хэрэгцээ болсон эрчим хүчний эх үүсвэр тэнгэрээс өгөгддөг хэмээх нүүдэл соёлын МӨНХ ТЭНГЭРТ СҮСЛЭХ ТАЙЛГА ТАХИЛГЫН ЁСЛОЛ болно. Орчин цагийн ойлголтоор бол амьдралын анхдагч, эрчим энергиийн ундарга нь нар, сар, эрхэс, эх дэлхий, газар, лусад өргөх ТАЛАРХЛЫН БАЯР юм даа.  Энэхүү ёслол нь  Эзэн Чингис хааны төрийн гурван баяртай холбогддог байна.

Үүнийг дурдсан учрыг одоо тайлъя.

“ДӨРВӨН ЦАГИЙН ИХ ХУРИМ”-ын бахдам хүндэтгэлт ёслолд оролцож нүд, сэтгэл алдарч явахад  /,,,,800 орчим жил Хубилай Сэцэн хааныхаа  зарлигийг сахиж байна,,, хэмээн  даруухан өгүүлэх тахилчид, тугчид, шар дархдуудтай тааралдаж  учрыг гайхан лавлан асуухад:

Чингис хаан “ДӨРВӨН ЦАГИЙН ИХ ХУРИМ” ёслолыг үйлддэг байжээ. Энэ нь төр тэтгэсэн Тулуй эзэн ба Монголын их хаад Өгөөдэй, Гүюг, Мөнх нарын үед төлөвшин тогтож улмаар Хубилай Сэцэн хааны үед нэн төгөлдөржиж ирсэн байна.

Хубилай Сэцэн хаан бээр хар морин жил 1282 онд Чингис хааны мэндэлсэн 120 жилийн ойн баярыг тохиолдуулан “Дөрвөн цагийн их хурим”-ыг ёст зарлигаар тогтоосон цагаас хойш  шар дархдын хойчис бид цаг төрийн үймээн самуунтай ээдрээт үед ч хааныхаа тогтоосон зарлигийг нэг ч удаа ч өнжилгүй энэхүү хурим ёслолыг тайсаар ирлээ. Хубилай  Сэцэн хаан бол Их Монгол Улс, Юан гүрний аль алийнх нь хаан байсан билээ.  Энэ цаг дор Чингис хаан болон Хубилай хааны байгуулсан их улс гүрнүүд задран сарниж байхгүй болсон боловч  бид хааныхаа  тогтоосон зарлигийг биелүүлсээр өдийг хүрлээ,,, хэмээн эгэл даруугаар өгүүлэх юм билээ.

Тэдний ийн өгүүлэх нь ар монголын бидэнд  маш их зүйлийг бодогдуулж  ар монголчууд бид хууль, зарлигийг хэрхэн сахин мөрдөж хэрэгжүүлдэг билээ? гэх асуултыг өөрөөсөө өөрийн эрхгүй асуухад хүргэв.

Ийм олон зуун жилийн цаг хугацааны  шуурганд  байхгүй болсон  төрийн  байхгүй болсон хааныхаа зарлигийг сахина гэдэг?  ,,, аяяя,, ямар бүрэн тууштай байдал вэ?   Монгол ёс уламжлал, өв соёлоо  эрхэмлэн дээдэлж   чандлан мөрдөнө гэж үүнийг л хэлэх байх.  Хамгаас илүү хатуу сахилга бат, гуйвашгүй бат бэх тэсвэр тэвчээр, хатан зориг шалгасан  их сорилт гэлтэй.  

Эзэн Чингис хааны ...”Цагаан цаасанд буулган хөх бичгээ ургийн урагт бүү егүүтгэтүгэй” хэмээн зарлигласан зарлигийг Монголчууд хэрхэн мөрдөн сахив аа?

Бичиг соёлын түүхийг сөхөн үзвэл;

 Монголчууд үсэг бичигтэй болсноос хойших мянга гаруй жилийн хугацаанд, тэр тусмаа 13-р зууны эхэнд уйгаржин монгол бичгийг  түгээмэлжүүлэн хэрэглэж ирсэн байна. Гэвч он цагийн уртад  өөрсдийн хэрэглээ соёлдоо тохируулан бичиг үсгээ халах сайжруулах, сольж өөрчлөх оролдлого цөөнгүй хийжээ. Бичиг, үсэгт өөрчлөлт хийх үйл явц хоёр шугамаар өрнөсөн байна. Эхнийх нь Уйгаржин монгол үсгийг сайжруулах оролдлого / али- гали, тод, вагиндрагийн үсэг/, харин нөгөө нь энэтхэг төвд үсэг болон бусад харь хэлний үсэгт үндэслэн шинэ үсэг зохиож уйгаржин бичгийг халах оролдлого  /дөрвөлжин, соёмбо, кирилл үсэг/ болно .

“ПАГВА ҮСЭГ ” БУЮУ “ ДӨРВӨЛЖИН БИЧИГ

1269 онд Хубилай Сэцэн хааны зарлигаар Пагва лам Лодойжалцан Төвд үсгийн цагаан толгойд суурилж “Монголын шинэ үсэг ” хэмээх үсэг зохиосон байна. Үүнийг “Пагва үсэг” буюу “Дөрвөлжин бичиг” хэмээдэг ба тухайн үсэг нь Юан улсын харьяа дахь олон үндэстэнд зориулагдсан бөгөөд Юань төр тогтнож байсан хугацаанд хэрэглэгдэж байжээ.

АЛИ-ГАЛИ”-ИЙН ҮСЭГ
16-р зууны сүүлч буюу 1587 онд Харчины монгол хэл бичгийн эрдэмтэн Аюуш гүүш санскрит, түвд цагаан толгойд үндэслэн харь хэлний үгийг тэмдэглэх тусгай тэмдэг “Али-Гали” үсгийг зохиожээ. Али-эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн санскрит үг ажээ. Энэ үсэг нь тухайн үед зөвхөн бурхны шашны ном судрыг монгол хэлээр орчуулахад харь хэлний үгийг үсэгчлэн буулгах тэмдэг болж байсан байна.  Аюуш гүүшийн галиг үсэг нь гадаад үгийг үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр зүйлийн галигийг нэгэн хамтад гүйцэтгэж чадах галиг үсгийн тогтолцоо болсон гэдэг.

ТОД ҮСЭГ

Ойрдын заяа бандид Намхайжамц 1648 онд уйгуржин монгол үсгийн цагаан толгойг үндэслэн ойрад аялгуунд тохируулан энэхүү үсгийг зохиожээ. Тод бичиг нь авиа тэмдэглэх дүрэм, бичлэгийн хэлбэр, зөв бичих дүрэм зэргээрээ нэлээн өвөрмөц онцлог бүхий үсэг бөгөөд ойрад монголчуудын дунд 300 гаруй жил хэрэглэгдсээр иржээ.
СОЁМБО ҮСЭГ

17-р зууны сүүлч буюу 1686 онд Халхын анхдугаар богд Занабазар  энэтхэг, ланз, нагар үсгүүдийг үндэслэн Соёмбо үсгийг зохиожээ. Энэ бичиг нь голлон шашны ном судрыг орчуулахад хэрэглэгдэж байсан бөгөөд халхын сүм хийдэд хоёр зуу гаруй жил хэрэглэгдэж байжээ. Соёмбо гэж санскрит хэлээр “өөрөө буй болсон гэгээн үсэг” гэсэн утгатай
Соёмбо үсгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол
Улсын туг далбаан дээр билгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн “Алтан соёмбо юм.

 ВАГИНДРА ҮСЭГ

1905 онд буриад лам Агваандорж монгол, тод үсэгт тулгуурлан, буриад нутгийн аялгуунд зохицуулсан нэгэн шинэ үсэг зохиожээ. Зохиогч өөрийн Агваандорж гэх нэрээ санскритаар орчуулж “Вагиндра ” гэж зохиолынхоо эцэст тавьснаас үүдэлтэйгээр “Вагиндра үсэг” гэж нэрлэгдэх болсон байна. Вагиндра үсэг нь зөвхөн Байгаль нуурын хойд хэсгийн буриад монголчуудын дунд тун богино хугацаанд хэрэглэгджээ. Одоо үсгийн цөөн хэдэн дурсгалт бичиг байдаг байна .

 ЛАТИН ҮСЭГ

1930-1932 оны хооронд “Латин үсгийн хороо” гэдгийг байгуулж латин үсэгт шилжих бэлтгэл хангажээ. Латин үсгийг 1941 оны 2 сарын 1-нд БНМАУ албан ёсныхоо бичгээ болгосон боловч хоёр сарын дараа  цуцалжээ. Монгол хэлний бүх авиа дуудлагыг  тэмдэглэх боломжгүй тул цуцалсан гэсэн  тайлбар хийсэн хэдий ч дараахан нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах улсуудтай бараг нэгэн зэрэг шахуу кирилл үсгийг албан ёсны  бичгээ болгосон нь улс төрийн бодлого байсан байж магадгүй хэмээн үздэг байна.

 КИРИЛЛ ҮСЭГ

Крилл үсэг нь Грек үсгээс гаралтай бөгөөд Болгарын Кирилл, Мефоди гэгээнтүүд түүнийг стандартчилсан гэдэг. Ихэвчлэн славян угсааны ард түмэн хэрэглэдэг боловч 30 гаруй улсад ашиглаж байгаа бөгөөд өөрсдийн хэлний онцлог, дуудлага хөгд тохируулан үсэг нэмж хэрэглэдэг байна.

1940-өөд оны эхээр, учир мэдэх хүмүүсийн яриагаар бол Москвагаас МАХН-д зөвлөмж нэртэй тулгах бичиг иржээ. Гол агуулга нь монголчууд хуучин бичгээсээ салж кирилл үсгийг хэрэглэвэл социалист нийгэмд орос ах нартайгаа мөр зэрэгцэн хөгжил дэвшил өөд тэмүүлэхэд томоохон алхам болно гэсэн утга бүхий  байж.  /Жич: ЗХУ-ын харьяа Буриад болон Халимгийн автономит улс манайхтай адил латин үсэгт шилжих ажлыг 30 онд хийсэн ч, 38 оноос кирилл үсэгт шилжсэн байдаг Үүнийг ЗХУ, Монголчууд нэгдмэл бичиг үсэг хэлээрээ хил дамнан нэгдэхээс айсан, тиймээс кирилл үсэгтэй болгосон гэж үзэх нь бий ажээ./

Ямартаа ч МАХН энэ саналыг нааштай хүлээн авч, асуудлыг дор нь шийдвэрлэсэн байна. 1941 оны тавдугаар сард Намын Төв хороо, Ардын Сайд Нарын Зөвлөлийн хурлын тогтоолоор монгол бичгийг халж, оронд нь орос үсэгт тулгуурласан  шинэ цагаан толгойг долоо хоногийн дотор зохиохыг Шинжлэх Ухааны хүрээлэн, Ардын Гэгээрлийн яаманд нэн даруй даатгажээ. Ингээд  1941-1942 оны хичээлийн жилд улсын хэмжээний ерөнхий боловсролын 330 сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн кирилл шинэ үсэг заах болжээ. Цэргийн албан хаагчдыг ч шинэ үсэгт сургахыг Батлан Хамгаалах яаманд даатгасан байна. 1946 оны 1 сарын 1-ээс бүх хэвлэлийн ба улсын албан хэргийг шинэ үсгээр явуулсугай ” хэмээн тогтоол гаргажээ.

 БНХАУ-ЫН ӨМӨЗО -НД ЮУ БОЛОВ?

БНХАУ-ын Засгийн газар 2020 оны намрын хичээлийн жилээс эхлэн ӨМӨЗО-ны монгол сургуулидад  монгол хэлээр хичээл орохыг хориглосон шийдвэр гаргаж дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудыг түгшээв. 

Өвөр Монголд сургуулиудыг хятадаар хичээллүүлэх  оролдлого 2020 оны үйл явдлаас өмнө 1960,1970, 1980 -аад онуудад удаа дараа гарч байсан тухай мэдээллийг та мэдээллийн сүлжээнээс уншиж болох юм.  

БНХАУ нь монгол хэл бичгийн сургалт, хэрэглээний орон зайг үгүй болгох бодлого  хэрэгжүүлж байгаа нь монгол хэлийг хайлуулан устгах аюултай. Бид социализмын 70 жилд монгол бичгээ бараагий нь харахгүй байхад өвөрлөгч монголчууд хэрэглэж Монгол соёл уламжлалаа таслалгүй тээж ирсэн түүхэн гавьяатай ард түмэн хэмээн эрдэмтэн судлаачид хэлж байна.

Өвөр монголчуудад тулгараад байгаа энэ асуудал ар монголчууд бидэнд үндэсний хэл, бичгээ шинэ нүдээр харах эх оронч омогшлыг  бий болголоо. “Өвөр Монгол ахан дүүсийн монголоороо байх гэсэн энэ удаагийн тэмцэл бидэнд үндэсний өв соёлоо тээн үлдэх ухамсрыг сэргээлээ” хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Үндэстний бичиг соёл минь өнөөгийн энэ цаг дор  ч хэлмэгдсээр байгаа бус уу?

Монголчууд бид хоёр том гүрний дунд олон жил аж төрлөө.  

Москва болон Бээжингээс   сүүлийн 100 жилийн дотор Монгол үндэстэний бичиг соёлын эсрэг явуулсан бодлогуудыг монгол цус судсаар нь урсаж буй хүн бүр БҮҮ МАРТ. Үүнийг л бид “ХЭЛМЭГДСЭН МОНГОЛ БИЧИГ МИНУ” хэмээн нэрлэж   үндэсний хөдөлгөөнийг санаачлан  өрнүүлээд байгаа билээ.

Тус хөдөлгөөнөөс 2020 оны 9 сарын 10-ны өдөр /Жил бүр зохион байгуулдаг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр/ зохион байгуулсан  “ХЭЛМЭГДСЭН МОНГОЛ БИЧИГ МИНУ” санан дурсах хүндэтгэлийн арга хэмжээг хамтран зохион  байгуулсан болон  хүрэлцэн ирж оролцсон, хандив тусламж үзүүлсэн эх хэл бичгээ эрхэмлэн дээдлэгч байгууллага хамт олон хувь хүмүүст  /“Ардчилал” сонин, Монголын Багш Нарын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо  “Хүмүүн бичиг” сонин, Монголын Тэнгэр Үзэлтэний Нэгдсэн холбоо, Босоо Хөх Монголын тэргүүн  Д.Чойпрэв,  “Хүннү” fashion” ХХК, уран бичлэгтэн Э.Найдандорж, Ц.Бямбажав, “Нандир” хэвлэх үйлдвэрийн эзэн Ц.Цэрэндаш, ”Крако” арт галлерейн эзэн Ч.Энхжаргал, МоАХ-ны Хан-Уул,Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл, ”Босоо Монгол” бүлхэм П.Шинжээравдан, Монгол бөөгийн “Голомт” төв,  “Хөх Монголын Үр Сад” нэгдэл, “Даяар Монгол” бүлгэм, “Гүрэнт Монгол” бүлгэм  “Бөөгийн тавилан” бүлгэм, “Дэлхийн нүүдэлчдийн оюун ухааны язгуур академи” ,“Өв тээгчдийн үндэс угсаа” ТББ-ын хамт олонд  гүн талархал илэрхийлье.

“ДЭЛХИЙД ХОСГҮЙ ХҮМҮҮН БИЧИГ МИНЬ МӨНХ ТЭНГЭРИЙН ДОР МӨНХӨД БОСООГООРОО ОРШТУГАЙ”  хэмээн ерөөгөөд  XX зууны нэрт монголч эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, их гүүш Бямбын Ренчиний    “Монгол хэл”  шүлгээр хадаг өргөн баръя.

Монгол хэл шүлэг

Чихну чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!

 

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

 

“ХЭЛМЭГДСЭН МОНГОЛ БИЧИГ МИНУ” 

хөдөлгөөнийг  санаачлагч

Халхын өндөр Гонгор овогт Даваанямын Аззаяа

Эх сурвалж: Монголын мэдээ сонин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин