• Эхлэл
  • УОК, ЭМЯ-ны баримталж буй тусгаарлах хоног аймаг орон нутагт өөрөөр мөрдөж байгаад анхаарахыг хүслээ

УОК, ЭМЯ-ны баримталж буй тусгаарлах хоног аймаг орон нутагт өөрөөр мөрдөж байгаад анхаарахыг хүслээ

2021/04/07

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар “COVID-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Монгол Улсад “COVID-19” дотоодын халдвар бүртгэгдэж, өдөрт гарах шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаа энэ үед ДЭМБ бүхий л талаар тусалж буйд Эрүүл мэндийн сайд талархал илэрхийлэв.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица "ЭМЯ бүх нөөц бололцоогоороо ажиллаж байна. Энэхүү ажилд ДЭМБ-аас боломжтой талаараа тусалж дэмжих болно" хэмээн мэдэгдэв. ДЭМБ нь дэлхийн олон оронд хийж буй судалгаанд үндэслэн улс орон бүрт тодорхой зөвлөгөө өгч, хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд өнгөрсөн жил гаруй хугацаанд Монгол Улсын ЭМЯ болон Засгийн газартай хамтран ажиллаж ирсэн. Ялангуяа “COVID-19” халдварын талаар тогтмол зөвлөгөө мэдээлэл өгч, шаардлагатай ажлыг хамтран хэрэгжүүлж байна. Цаашид ч хамтран ажиллаж, зохих ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг хоёр тал онцлон тэмдэглэв.

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдалд уялдуулан шуурхай шийдвэр гарган ажиллаж байна. Эмнэлгийн ор, эмч, ажилчдын тоо зэрэгт 7 хоног бүр төлөвлөлт хийж буй. Зөвхөн “COVID-19” халдвар гэхгүйгээр үндсэн тусламж үйлчилгээгээ орхигдуулахгүй тооцоо судалгааг хийж, шийдвэр гарган ажиллаж байгаа гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.   

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица шаардлагатай зөвлөгөө зөвлөмжийг цаашид ч өгнө. Үүнээс гадна шаардлагатай тусламж, хандив дээр ч хамтран ажиллах болно. Гол нь тусгаарлалтын хоногт ойлголтын зөрүү гараад байна. УОК, ЭМЯ-ны баримталж буй тусгаарлах хоног аймаг орон нутагт өөрөөр мөрдөж байгаад анхаарахыг хүсэв.

“COVID-19” халдвар туссан ч гэрээр эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн биеийн байдлыг тогтмол хянахад илүү анхаарал хандуулах шаардлагатай. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хүндэрсэн нөхцөлд яаралтай эмнэлэгт хүргэх зохицуулалтыг анхаарах нь чухал гэдэгт талууд санал нэгдлээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин